СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.05.06

Х.Нямбаатар: Эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэшүүлнэ

СХД-ийн эрүүл мэндийн нэгдлийн зүгээс эмч нарыг гадаад, дотоодын сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог дээшлүүлсэн байна. сургалтын оновчтой тогтолцоог бий болгосноор эмч нарын мэргэжлийн ур чадвар дээшлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжрах нэг талын боломж бүрдэнэ гэж дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн үзсэн байна.

Нийслэлийн СХД-ийн хүн амын ихэнх нь амьдралын баталгаажих түвшин доогуур, шилжилт хөдөлгөөн ихтэй төдийгүй хотын захын дүүрэгт хамаардаг учраас эмч, мэргэжилтнүүдийн тогтвор суурьшил муу, шинээр эмч нар ирж ажиллах сонирхол багатай, хүний нөөц дутмаг байдалд орсон.

Үүнээс болоод тусламж үйлчилгээний хүндрэл, чирэгдэл үүсдэг гэж дүүргийн эрүүл мэндийн байгууллагынхан тайлбарлаж байна. ийм байдлаас гарахын тулд СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн зүгээс хүний нөөцийг хөгжүүлэх,  тогтвор суурьшилтай ажиллуулах, дүүргийнхээ эмч нарыг гадаад, дотоодын ажлын байранд сургах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг баримталж байна. Бас дүүргийн ИТХ болон ЗДТГ-ын зүгээс ч дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Нийслэлийн СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар: “Өнөөдрийн нөхцөл байдалд СХД-т нарийн мэргэжлийн хомсдолтой байгаа. Гэхдээ бид бүх зүйлд шалтаг, шалтгаан гаргаад, хомсдолтой байгаа гэдэг нэрийн дор зүгээр суухыг хүсээгүй. Бид өөрсдийн нарийн мэргэжлийн эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дотоод нөөц боломжоо ашиглан мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.”

СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн хувьд 2014 онд БН Солонгос улсын томоохон зарим эмнэлгийн байгууллагуудад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нарыг хамруулсан байна. Цаашдаа мэдрэл, дотор, гэмтэл, мэс засал, зүрх судас, чих, хамар хоолой, халдвар судлаач, дүрс оношилгооны чиглэлээр 45 эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болжээ.