Цахим үнэмлэх,зургаан хувийн хүүг хамтарч шийдсэн гэв
2012.03.02

Цахим үнэмлэх,зургаан хувийн хүүг хамтарч шийдсэн гэв

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногт сэтгүүлчидтэй уулзаж цаг  үеийн  асуудлаар  мэдээлэл өгдөг. Тус намын "4:11" уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Уулзалтад АН-ын дарга Н.Алтан-хуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь бүлгийн дэд дарга Л.Гантөмөр нар оролцлоо. Иргэдэд олгох цахим үнэмлэх болон "100 мянган орон сууц" хөтөлбөрийн талаар АН-ын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн юм. Цахим үнэмлэх хэвлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж байгаа бөгөөд Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байсан.

Харин АН Засгаас гарснаас болж цахим үнэмлэх хэвлэх ажил хугацаа алдсан, сонгуулийн өмнө л олгож дуусна гэсэн мэдээлэл АН-ынханд таалагдаагүй гэнэ. Н.Алтан-хуяг дарга "Хамтарсан Засгийн газар иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийг сайн хийж чадсан. Иргэдийнхээ 98 хувийг шинэчилсэн бүртгэлд хамрууллаа. Гэтэл АН хамтарсан Засгийн газраас гарснаас болж цахим үнэмлэх олгох ажил саатсан мэтээр мэдээлсэн нь утгагүй" хэмээв. Хамтарч хийсэн сайн зүйлээс АН-ыг  хасч, мууд нь нялзаах гэж байна хэмээн шүүмжлэв.

 

Мөн "100 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохыг хамтарсан Засгийн газрын үед  шийдсэн гэв. Гэтэл журам гаргахдаа 50 метр.кв хүртэлх тал-байтай гэснийг 55 болгосон, хүүхдийн тоо заагаагүй байхад дөрвөн хүүхэдтэй гэр булд эхлээд зээл олгоно гэх мэтээр тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат "Дөрвөн хүүхэдтэй гэр бүлд эхэлж зээл олгохоор журамд заажээ. Орон нутагт ажиллаж байхад иргэд энэ талаар нэлээд ярьсан. Хүүхэдгүй, эсвэл дөрвөөс доош хүү-хэдтэй залуу гэр бүл яах юм бэ гэж асууж байна. Нийгэмд ийм ялгаа үүсгэж болохгүй" гэв. Бага хүүтэй зээл олгохоор орон сууцны үнэ өснө. Тиймээс хамгийн хямд үнэ санал болгосон компанийг хамруулах, иргэдийн сарын орлогын босгыг 700 мянгаас буулгах, анх удаа байр авах хүмүүсийг оруулах ёстой хэмээн булгийн дэд дарга Л. Гантөмөр ярив. УИХ дахь АН-ын бүлэг Батлан хамгаалахын сайд  Ж.Энхбаярыг хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж огцруулах санал гаргаад байгаа. Ирэх даваа гаригт эхлэх ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Л.Гантөмөр онцлов. Тэрээр "Зэвсэгт хүчнийг ард түмний эсрэг ашиглахаар судалгаа хийж байгаа Ж.Энхбаярын үйлдэл ажлаа өөрөө өгөх шалтгаан. Ерөнхий сайд нь энэ хүндээ анхаарч, ажлыг нь цэгцлэх ёстой" гэлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.