“Дэлхийн цэвэр нүүрс 2014” чуулган Монголд
Тус чуулганд 120 гаруй төлөөлөгчид бүртгүүлжээ
2014.05.09

“Дэлхийн цэвэр нүүрс 2014” чуулган Монголд

Олон улсын “World Clean Coal 2014” чуулган ирэх 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.  Энэ жилийн чуулган “Монголын цэвэр нүүрсний боломжийг нээх нь” сэдвийн дор болох бөгөөд Монгол улсын нүүрсний салбарын хөгжлийн боломж болоод цэвэр нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлох зорилготой. Дээрх зорилгын хүрээнд нүүрсний салбар дахь төрийн бодлого, дэмжлэг, цэвэр нүүрс, нүүрс хийжүүлэх, CTL технологиудын олон улс дахь шилдэг туршлага, хөрөнгө оруулалт болоод стратегийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Чуулганд УИХ-ын дарга З.Энхболд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Пийбоди Энержи” компанийн Худалдаа болон Азийн бүс хариуцсан ерөнхийлөгч Доктор Кристофер Хагедорн, ПОСКО компанийн дэд Ерөнхийлөгч Жаэ Сок Ким, “Монголын Алт” компанийн “Адуунчулуун” CTL төслийн удирдагч Ж.Золжаргал болон олон улсын төлөөлөгчид нүүрс боловсруулах дэвшилтэт технологи, судалгаа шинжилгээний талаар илтгэл тавих юм. Арга хэмжээнд цэвэр нүүрсний технологи эзэмшигч Өмнөд Солонгос, Герман, Япон, БНХАУ, Франц, Дани болон Австрали зэрэг орны төрийн төлөөлөл, томоохон төсөл хэрэгжүүлэгч, мэргэжилтэн, хөрөнгө оруулагч нийт 120 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна.