МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба:
2014.05.13

Д.Дамба: Татварын бодлогоор өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Уул уурхайн ашигт малтмалын голлох хувийг нүүрс эзэлдэг. Судалгаагаар Монгол улсын хувьд 164 тэрбум.тонн нүүрсний нөөцтэй гэсэн мэдээлэл байгаа юм.

Монгол улс нүүрсний өрсөлдөх чадварыг бий болгохын тулд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох нь чухал бөгөөд Монгол улс дэд бүтцээ сайжруулах шаардлагатай гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. Мөн нүүрс олборлож, нүүрс экспортлох өртөг зардлаа багасгах шаардлагатай гэдгийг хэлж байсан.

Манай улс өнгөрсөн онд 18 сая гаруй тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Дэлхийн нүүрсний зах зээл манай урд хөршийг чиглэж байгаа энэ үед Монгол нүүрсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэж байгаа. Ингэхийн тулд нүүрсээ түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээж, баяжуулах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс хэллээ. Нүүрсний зах зээл дээрээ тэргүүлэгч байхын тулд олборлолтынхоо өртөг зардлыг багасгаж экспортлох, дэд бүтцээ сайжруулах, тээврийн системээ бага зардалд шилжүүлэх шаардлагатайг хэлж байна.

Өнгөрсөн онд 18 сая гаруй тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт

Манай улс нүүрсний экспортоор зөвхөн урд хөршөөс хараат байх нь өрөөсгөл учраас гуравдагч улсаар Япон, Солонгосыг сонгох ёстой. Гэхдээ эдгээр улсууд руу өндөр чанарын коксжих нүүрсийг экспортлох нь зүйтэй юм. Учир нь эдгээр хоёр улс гангийн машины үйлдвэрлэлтэй учир өндөр чанартай нүүрс л импортлох хүсэлтэй байдаг гэнэ.

МУУҮА-ийн Ерөнхийлөгч Д.Дамба: “Татварын бодлогоор өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой. Ялангуяа татварын хувьд өндөр биш, дундаж хэмжээнд байх бодлогыг тогтвортой баримтлах нь чухал. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч нар татварын орчин тогтвортой байхыг их хүсдэг.”

Энэ мэтчилэн нүүрсний салбарт шаардлагатай байгаа асуудлууд шийдвэрлэгдэж эхэлвэл энэ онд 31 сая тонн, 2015 онд 40 сая тонн, 2035 он гэхэд 64 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнийг дэмжих, татварын таатай орчин бүрдүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Учир нь энэ салбарт хөрөнгө оруулагчдад татварын орчин таатай байх нь хамгийн чухал байгаа юм.