Номын сангийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Номын сангийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.05.16 / өргөн барилаа. Хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулна.
Хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаагаа хууль санаачлагч дурдлаа.
Хууль зүйн үндэслэл:
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтанд байна.”, 7.2 дахь хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.” гэж заасан.
“Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтууд” (1990-2015), “Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого” (2008) зэрэг хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд “Үндэсний өв соёл, үнэт зүйлээ даяаршлын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжин, мэдээлэлжсэн нийгэм байгуулахын зэрэгцээ хүн амд соёл урлагийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гаргана” гэж тодорхойлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 206.2-т “Номын сангийн үйл ажиллагаа, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах, хуулийн төсөл боловсруулах, түүнчлэн нэн шаардлагатай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, салбарын орчны стандартыг баталж мөрдүүлэх, номын сангийн үйлчилгээг алслагдсан аймаг, сумын хүн амд хүргэх, “Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон болон орон нутгийн зарим номын санг шинээр барих, өргөтгөх”, “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”, “Ном” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг даалгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баяр” тэмдэглэх тухай 2012 оны 156 дугаар зарлигт “уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг төлөвшүүлэх, бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг, 2005 оны “Үндэсний баялагт ном хандивлах” тухай 124 дугаар зарлигт “Эрдэм ухаан, авъяас, хөдөлмөрөө шингээж туурвисан оюуны үнэт өв болох ном бүрээсээ улсынхаа үндэсний баялагт буяны сайн санааны хувь нэмэр болгож, Үндэснийхээ номын санд гурав хүртэл номоор эрдмийн өглөг өгч заншихыг номын зохиогч, эмхэтгэгч, эрхлэгч, хэвлэгч нарт; үндэсний мэдээллийн нийтэд нээлттэй хадгаламж-номын санг хөгжүүлэх түүний сан хөмрөгийг арвижуулах, хамгаалахад боломжоороо хөрөнгө оруулж, санхүүгийн туслалцаа үзүүлж байхыг хувийн хэвшлийн болон олон нийтийн байгууллага, ард иргэд”-д уриалсан.
ЮНЕСКО-гийн 1970 оны 16 дугаар хурлаас “Үндэсний номын сан тухайн орны хэвлэлийн чухал бүтээгдэхүүний хувийг заавал авах хуулийн болон бусад зохицуулалтын хүрээнд цуглуулах, гадаад хэлээр хэвлэгдэн гарсан өөрийн орны тухай ном, мөн гадаадын зохиол бүтээлийг төлөөлөх томоохон сан хөмрөгийг бүрдүүлэн хадгалж хамгаалах, үндэсний ном зүйн бүртгэл хийх, үндэсний нэгдсэн каталогийг бүрдүүлэх наад захын үндсэн үүргийг хүлээнэ” гэж гишүүн үлс орнууддаа үүрэг болгосон.
Практик шаардлага:
- Иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд туслах, мэдээллийг хүн бүрт эрх тэгш хүргэх зарчмыг хэрэгжүүлэн мэдээллийг технологийн дэвшлийг ашиглан цахим болон хэвлэмэл хэлбэрээр үйлчлэх, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахад чиглэсэн номын сангийн харилцааг дүрэм, журмаар зохицуулж байгаа бөгөөд цаашид нарийвчлан хуульчилж, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгараад байна.
- Номын сангийн үндсэн зарчмын нэг бол түүний үйлчилгээ нь бүх хүмүүст хүртээмжтэй, ямарваа нэг хэсэг бүлэг хүмүүсээр хязгаарлагдахгүй байх ёстой бөгөөд номын санд ирж чадахгүй байгаа цөөнхийн бүлгүүд, хөгжлийн бэршээлтэй хүмүүс, алс хол амьдардаг, номын сангийн үндсэн үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа хүмүүст хүргэх талаар арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байдаг. Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт ч энэ зарчим дээр үндэслэх бөгөөд хэрэглэгчдийн онцгой бүлэгт тохирсон хэлбэртэй тухайлбал брайлийн ном, хараагүй хүмүүст зориулсан “ярьдаг ном “ гэх мэт байх ёстой юм. Бусад орны туршлагаас үзэхэд дээрх харилцааг хуулиар зохицуулдаг ба ингэснээр номын сангийн үйл ажиллагааг тодорхой түвшинд байлгах үндэс болдог байна.
- Номын сангийн үйл ажиллагааны хүрээнд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчихгүй байх, сурталчилж, хэрэгжүүлэх, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх хуульд заасан үндэслэлээр төрд шилжсэнээс /Public domain/ бусад ном хэвлэлийг зохиогчийн зөвшөөрлөөр цахим хэлбэрт оруулан нийтэд түгээх эрхийг нь хуулиар нээлттэй болгох шаардлагатай байна.
- Мөн иргэд санаатай болон болгоомжгүйгээр ховор ном судрыг гэмтээх, болон ном судрууд нь түүхэн нөхцөл, хадгалалтын байдлаасаа болоод хэврэгшиж, гараар байнга эргүүлэх боломжгүй болсон байдаг тул цахим хэлбэрт шилжүүлэх, эх хувийн хадгалалт хамгаалалтыг нь хангах, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, судалгааны эргэлтэд оруулах боломжийг бий болгох хэрэгтэй юм.
- Үндэсний хэмжээний номын архив, ном хэвлэлийн бүрдүүлэлтийн бодлого алдагдсанаар төсөв хангалтгүй батлагдах, зарим тохиолдолд номын баяжилт хийгдэхгүйд хүрч үйлчлүүлэгчдийн мэдээлэл хүлээн авах эрх бүрэн хангагдахгүй нөхцөл байдал үүсдэг. Тухайлбал, 2009 онд номын сангуудын ном худалдан авах төсвийг улсын хэмжээнд тэглэснээр тухайн онд хэвлэгдэн гарсан ном хэвлэл өнөөг хүртэл аль ч номын сангийн сан хөмрөгт байхгүй байна.
- ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан “Заавал авах хувийн тухай” зөвлөмжид “Үндэсний баримтат өвийн цогц сан хөмрөг бий болгох зорилгоор заавал авах хувь буюу тухайн жилд хэвлэгдсэн хэвлэлийн бүтээгдэхүүнээс тодорхой хувийг номын санд авч байх” асуудлыг улс орон бүр дотооддоо хуульчлахыг үүрэг болгосноор 40 гаруй улс орон хэрэгжүүлж, баримтат өвийн үндэсний хэмжээний лавлагаа, мэдээллийн төв бий болгох боломжийг бүрдүүлсэн байна. ЮНЕСКО-гийн протоколд заасны дагуу заавал авах хувийг тухайн улсын номын сангуудыг үнэ төлбөргүй ном хэвлэлээр хангах арга хэрэгсэл мэтээр ойлгож болохгүй бөгөөд мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлэх, үндэсний баримтат өвийг урт удаан хугацаанд хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх боломж гэж үзэн хуульчлах шаардлагатай байна.
- Нийт ард иргэдийн дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх, ном унших соёлыг дэлгэрүүлэх үйлсийг дэмжсэнээр үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс зөөврийн номын сан болон цахим уншлага, номын сан хоорондын ном солилцооны үйлчилгээг зохицуулах шаардлагатай байна.
- Үндэсний номын сан 3 сая гаруй ном судартай бөгөөд үүний 1 сая гаруй нь монгол, төвд, манж хэл дээр бичигдсэн эртний гар бичмэл болон барын ном судар байна. Эдгээрийн дотор дахин үл давтагдах ганц хувь хосгүй үнэт бүтээлүүд болох 1651 онд зохиосон “Алтан товч”, Монгол шунхан Данжуур, YIII зуунаа эхэлсэн Чингис хааны угийн бичиг, дэлхийд цорын ганц 1819 онд бүтээсэн “Есөн эрдэнийн Ганжуур”, цалин цагаан мөнгөн дээр үсгийг шарж алтдаад эхлэл төгсгөлийн өгүүлбэрийг цул шижир алтаар хөөмөлдөн урласан “Сандуйн жүд”, битүү цутгуурын аргаар урласан Бурхан багшийн дүр бүхий Жадамба зэрэг Монголын төдийгүй Төв Азийн соёл иргэншлийн түүхэнд үнэ цэнэтэй бичиг үсгийн ховор үнэт дурсгалууд олноор хадгалагдаж байна. Эдгээр эх бичгүүд нь өнөөгийн байдлаар зориулалтын орчин нөхцөлд хадгалагдаагүй, байр, талбай хүрэлцээгүйн улмаас хадгалалтын горим алдагдаж хуудас нь хатах, үйрэх, үг үсэг нь баларч бүдгэрэх, нугалаасаараа урагдах, тоос тортогт харлах, хуудсууд нь хоорондоо наалдах зэрэг гэмтэлд ихээр өртөж байна.
- Үндэсний номын сан нь монгол үндэстнийхээ түүх, соёлын өв дурсгалыг хадгалагч, түгээгч, хойч үедээ өвлүүлэгч онцгой обьект атал тус номын сан нь төсөв, хөрөнгө, орон тоо, үйлчилгээ, статусын хувьд нийтийн номын сангийн жишгээр ажиллаж, Монгол түмний өнө эртний хийгээд эдүгээ цагийн оюун санааны олон ховор, нандин үнэт зүйлсийг стандартын орчин нөхцөлд хадгалах, хамгаалах, байгалийн гамшиг, цахилгаан, эрчим хүчний гэнэтийн эрсдлээс хамгаалах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах эрх зүйн зохицуулалт өнөө болтол дутмаг явж ирсэн. Иймээс Үндэсний номын сангийн статусыг хуулиар баталгаажуулан тогтоож, төрийн зүгээс ямар эрх, үүрэг, бодлоготой ажиллах, эдийн засгийн зохицуулалт, номын сангаар үйлчлүүлэгчдийн эрх ашиг, гадаад, дотоод хамтын ажиллагаа, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөл, ном бүрдүүлэх бодлого шаардлагатай байна. Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай хуультай болсноор номын үндэсний сан хөмрөг /үндэсний фонд/ бүрдүүлэх, үндэсний ном зүйн бүртгэлтэй болох, үндэсний номын санд хадгалагдаж байгаа үнэт ховор ном судрыг хадгалж, хамгаалах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд бусад номын санг нэгдсэн арга зүйгээр хангах, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан үндэсний хэмжээний номын сан нь эрдэм шинжилгээний байгуулага байх үүргээ хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд дээр дурьдсан үндэслэл шаардлагыг харгалзан Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төсөл нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 11.1.1-д заасны дагуу анхдагч хуулийн төсөл байна.
Номын сангийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангах, холбогдох дараахь харилцааг зохицуулна.
1-р бүлэгт хуулийн зорилт, номын сангийн тухай хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, хуулийн үйлчлэх хүрээг тусгана.
2-р бүлэгт номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх үүргийг тусгана.
3-р бүлэгт Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үндэсний номын сангийн зөвлөл, үндэсний номын сангийн үүргийг хуульчилна.
4-р бүлэгт номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх үүрэг, зөөврийн номын сангийн үйлчилгээ, цахим уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон Олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд, олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж, тэдгээрт нийцүүлэн боловсрууллаа. Түүнчлэн номын сангийн уншигчийн эрх, үүрэг, тусгай бүлэг уншигчийн эрх, үүргийн талаарх зохицуулалтыг тусгана.
5-р бүлэгт номын сангийн сан хөмрөг, түүнийг хэрхэн бүрдүүлэхийг зааж номын сангийн заавал авах хувийг тогтооно. Худалдан авах номын жагсаалт, номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх, ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах, сэргээн засварлах, сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг Засгийн газрын гишүүний түвшинд батлахаар тусгана.
6-р бүлэгт номын сангийн санхүүжилт, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, төслийн долдугаар бүлэгт хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааг зохицуулахаар тусгана.
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарах ба Номын сангийн тухай хуулийг баталснаар номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой юм
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал
Номын сангийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байх бөгөөд Соёлын тухай хуульд өөрчлөлт орох хуулийн төслийг боловсруулна.