Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2014.12.11

Номын сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан байдаг.

Эдгээр нь харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамаарч санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг байна.

Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх,соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэл тооллогод хамрагдан, хамгаалагдаж, хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явж иржээ.

Номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, уншлага үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. Эдгээр шаардлагын үүднээс Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тухайлахад, гишүүн Ц.Даваасүрэн сумдад соёлын төв, сургуулийн номын санг нэгтгэж нэгдсэн нэг номын сантай байх нь зөв биш үү гэдгийг тодруулахад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр энэ хууль нь номын сангийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа.

Сумдад нийтийн номын сан, сургалтын номын сан гэж тусдаа байх юм. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй, нийлүүлж нэгтгэх нь ч зохимжгүй. Сургуулийн сургалтын номын сангийн зорилго, түүнд авах номын сэдэв, агуулга нь ч нийтийнхээс өөр байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн номын санд авах номын жагсаалтыг боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгөв.

Д.Ганбат "Ё.Отгонбаяр гишүүн ном бичдэг. Ашиг сонирхлын зөрчил бий юу. Боломжтой хүмүүс нь бэлэглэж байвал яасан юм. Хүн бүр чөлөөтэй номын санд орж ном уншиж болохгүй байгаа юм бэ. Хуучин номын сан одоогийн номын сан хоёр өөр шүү дээ. Цахимжисан, орчин үетэйгээ хэрхэн зохицож байгаа юм. Мөн нөгөө талаасаа хүүхдүүдээ дэлхий нийтийн уран зохиолыг хүргэх вэ?"

О.Баасанхүү "Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн гэдэгт юуг ойлгох вэ. Үүнийг сан хөмрөгт авна гэвэл ач холбогдол багатай биш үү. Ихэнхдээ байгууллагын танилцуулга, тайлан байдаг. Жил бүр өөрчлөгддөг. Мөн Энэ хуульд редакцын хяналт тавьдаг тусгай байгууллага байх уу. Яг юуг сан хөмрөг бүрдүүлэх бүрдүүлэх өв гэх вэ? Тэгж цензүрдсэн зүйл байна уу.


Г.Баярсайхан "21-р зуунд гар утас ухаалаг болсон: Энэ хуулиар хөдөө орон нутагт хэдэн ширээ сандал, умагар өрөө байх нь.Дэлхий нийтэд номын сан гэдэг бол шинэ ойлголт болсон, өөр түвшинд гарсан. Энэ байдлаар бол эн номын сан хуучны ном өрсөн, музей л болох нь. Дэлхий нийтэд номын сан хувийн хэвшлээр хөрөнгө оруулалт хийгээд явах нь зөв. Мөн тэднийг хэрхэн дэмжих вэ гэдгийг тусгах хэрэгтэй.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ