Уул уурхайн салбарт тууштай бодлого, тогтвортой байдал чухал
Өнөөдөр манай улсын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй компанийн зах зээлийн нийт үнэлгээний 86.3 хувийг бүрдүүлж байгаа 30 орчим компанийн 10 нь уул уурхайн компани бөгөөд тэд зах зээлийн нийт үнэлгээний 48 хувийг бүрдүүлдэг гэх судалгаа бий.
2010-2012 оны дунджаар тооцоход уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нийт хөрөнгийн 45.6 хувийг эргэлтийн бус хөрөнгө, санхүүжилтийн 56.8 хувийг өр төлбөр эзэлж байна. Нөгөөтэйгүүр тэдгээрийн өсөлт давамгайлсан нийт өрийн харьцаа жилээс жилд нэмэгдэх хандлагатай, дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт бүрдүүлэх алхам бараг л хийгдэхгүй байгаа юм.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр компаниудын эзэмшигчийн өмчийн дүн нэмэгдэхгүй, өөрийн хөрөнгийн оролцоо нь сүүлийн гурван жилд 50.9-38-7 хувь болтлоо буурсан болох нь судалгаанаас харагдаж байна. Энэ нь тус салбарын хөрөнгийн ашиглалт, өгөөж сул, үйл ажиллагааны цэвэр ашиг тогтвортой нэмэгдэж чадахгүй байгаатай холбоотой юм.
Төрийн бодлого ямар байхаас шалтгаалж монгол орны ирээдүйн хөгжил харагдана
Хэдий тийм ч орлогын хуваарилалт, татварын орчин, бодлогын тогтворгүй байдлаас хамаардаг талаар салбарынхан ч өөрсдөө хэлдэг. Тэдний ярианаас үзэхэд дотоодын болон хамтарсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаар ангилан судалж, дүгнэлт өгөх замаар салбарын бодлогыг тодорхойлох шаардлага зайлшгүй тавигдаж байгаа аж.
Тэгвэл дээрх асуудлуудыг онол, практик, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, нөгөөтэйгүүр олон улсын эрдэс баялгийн удирдлагын туршлагыг судлах, тус чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээх зорилготой “Уул уурхай түшиглэсэн эдийн засаг дахь макро эдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал боллоо. Өнгөрсөн баасан гарагт болсон энэхүү хурал гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн хувьд МУИС-ийн Бизнесийн сургууль болон Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Хуралд нийт гадаад, дотоодын 15 илтгэл тавигдсан бөгөөд 120 гаруй хүн оролцов. Манай улсын эрдэмтэн, судлаачдаас гадна гадаадын уул уурхайн салбарын эдийн засгийн нэртэй судлаач нар хүрэлцэн ирсэн. Тухайлбал Японы “ЖАЙКА” байгууллагын ахлах зөвлөх, доктор И.Хосои, Австралийн Куртис их сургуулийн доктор Фэй Рола Рүбзен, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн GIZ IMRA төслийг төлөөлөн доктор С.Хансельманн нар илтгэл тавьсан юм.
Түүнчлэн “Оюу толгой” ХХК-ийн захирал Да.Ганболд, Уул уурхай ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба нарын эрдэмтэн мэргэд илтгэл тавив. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нар “Уул уурхай гэдэг нь нэг талаасаа улсын хөгжилд эдийн засгийн том боломж олгож байна. Уул уурхайн асуудал нь цогц том асуудал юм. Иймд бид үүнийг олон талаас нь хэлэлцэж, судалж, эрсдэл бүхнийг тооцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр зөв бодлого явуулах ёстой. Төрийн бодлого ямар байхаас шалтгаалж монгол орны ирээдүйн хөгжил харагдана” хэмээн ярьж байлаа.