С.Бямбацогт: Бидэн рүү бурууг чихэх шаардлагагүй
Бидэн рүү бурууг чихэх шаардлагагүй
2014.05.19

С.Бямбацогт: Бидэн рүү бурууг чихэх шаардлагагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, ажлын албаны дарга Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд хэвлэлийнхний асуултад дараах хариултыг өгөв.

-Газрын тосны тухай хуулийг унасан шалтгааныг МАН-ын бүлэгтэй холбон тайлбарлаж байна?

-Бид парламентад цөөнх байгаа. Олонх асуудлаа шийддэг. Өөрсдөд нь таалагдахгүй байгаагаа МАН-ын бүлгээс боллоо гэж бидэн рүү чихээд байх шаардлагагүй. Бидэнтэй, бидэнгүйгээр төсвөө баталж, сайд нараа томилж, сайд нараа хамгаалаад үлддэг. Алдаатай болсон зүйлээ бидэн рүү чихэх шаардлагагүй. Газрын тосны тухай хуулин дээр нухацтай ярих зүйл байна гэдгийг Засгийн газар хуралдаад Засгийн газрын тогтоолоор  Газрын тосны хуулийг татаж авах шийдвэр гарчихсан байсан юм байна билээ. Хуулийг хэлэлцэх үед ноцтой асуудал үүссэн учраас Засгийн газар хуулиа татаж авах шийдвэр гаргасан байх.

-МАН-ын бүлэг Өрийн удирдлагын хуулийн төсөл дээр улстөржиж байна гэж бусад хүчнүүд байр сууриа илэрхийлж байна. Үүнд тайлбар хийвэл?

-2014 онд 6,1 их наяд өр тавина гэж Засгийн газар тооцоолж байна. Гэвч Монгол улс 15 дахин бага орлоготой байх төлөвтэй байна.  Өрийн хэмжээ нэмэгдэж байгаа бол асуудал ярих ёстой. Монгол улсаа өрийнхөө барьцаанд тавиад алдчих вий гэдгээс айж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өсөлт алга. Өр тавьснаар 2014 онд Монгол Улсын төсвийн орлого 6,8 их наяд байсан бол 7,2 их наяд болж байна. Өөрөөр хэлбэл 2016 онд 6,1 их наядын өр тавих нь. Нөгөө талдаа орлого маань 400 тэрбумаар нэмэгдэнэ. Бидний тавьсан өрөөс 15 дахин бага орлого нэмэгдэх нь. Угтаа бол тавьсан өрөөсөө 15 дахин их орлого нэмэгдүүлж чадаж байвал өр тавихад айх зүйл байхгүй. Өр тавиад л байдаг, бидний орлого нэмэгдэхгүй гаднаас авах зээл нэмэгдээд байдаг. Энэ үүднээс бид дэмжихгүй байна.

-МАН-тай хамтраад засаг байгуулж өрийн асуудал дээр зөвшилцье гэвэл яах вэ?

-Бид Засагт орохгүй гэдгээ хэлсэн. Яах аргагүй Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчих гээд байна.  Монгол Улсын өрийн хэмжээ 40 хувь байх ёстой. Гэтэл Олон улсын валютын сангийн тооцооллоор 62 хувь, Дэлхийн банкны тооцсоноор 58 хувьтай гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Монгол Улс нэг төсөвтэй, нэгдсэн бодлоготой, нэг улс. Чингис, Самурай бонд төсвөөс тусдаа явах нь буруу, нэгтгэ” гэж зөвлөмж өгсөн. ҮАБЗ-ийн зөвлөмжөө тоодоггүй  л юм байна гэж харж байна. Цөөнхөө тоохоо байчихсан эрх баригчид энэ зөвлөмжийг хэрхэн биелvvлэх тухайд нь хяналт тавьж ажиллана.

-Д.Амарсайхан агсны талаар та бүхэн мэдээлэл авч байгаа юу?

-ШШГЕГ-ын удирдлагаас мэдээлэл сонссон. Хууль зvйн яам, хvний эрхийн байгууллагууд энэ асуудал дээрээ дvгнэлт хийх ёстой. Талийгаачийн тухайд суурь өвчтэй байсан юм байна. Харамсалтай нь, өвчтэй байхад нь эмчилгээ хийгээгүй байна. Ер нь хилсээр гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байсан асуудал нь буруу. Анх шалгаж байсан үндэслэл нь тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болчихсон юм байна. Уг нь гадуур байцаагаад, эмнэлэгт хэвтүүлэх бололцоо байсан юм билээ.