Хотын захиргаа 2900 албан хаагчаар бүл нэмжээ
Хотын захиргаа 2900 албан хаагчаар бүл нэмжээ
2014.05.21

Хотын захиргаа 2900 албан хаагчаар бүл нэмжээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон НИТХ-ын төлөөлөгч Т.Гантөмөр нар дөнгөж сая нийслэлийн данхайсан бүтэц болон төсвийн үргүй зардлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд МАН-ын нийслэл хот хариуцсан нарийн бичгийн даргын хувьд энэхүү мэдээллийг өгч байгаа гэдгээ тодотгосон юм. Тэрбээр нийслэлийн  төр захиргааны байгууллагын бүтэц тэлж данхайсан хийгээд  орон тоо, зардал нь сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдсэн талаар тоо баримтыг танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны  өдөр хуралдсан 13 дугаар хуралдаанаар хэлэлцсэн “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-ын 5.2-т МАН-ын бүлгийн саналаар “Нийслэлд удирдлагын бүтцийн шинэчлэл хийх хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар батлуулан, цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгасан ч өнөөдрийн хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа гэв.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага буюу хотын захиргаа нь 2012 онд 3809 албан хаагчтай байсан бол  2014 онд 5210, нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр өргөжин, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсчээ. Цалингийн зардал нь 2012 онд 25,8 тэрбум байсан бол 2014 онд 50,2 тэрбум төгрөг болж өссөн буюу 94,5 хувиар цалингийн зардал өссөн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар онцоллоо. Үүнээс гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2012 онд 57 байсан бол 2014 онд 74 болж 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр нээгээд байгаа юм.

Мөн нийслэлийн хэмжээнд дарга нарын орон тоо нэмэгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой, харин дүүргийн Засаг дарга нар 1-4 орлогчтой байгаа гэлээ. Үүнийг дагаад унах машин, үүдэнд нь суух  нарийн бичиг бусад орон тоо нэмэгдэж байгааг онцлов. Тиймээс Нийслэлийн МАН-ынхан Хотын удирдлагуудын сонгуулийн амлалтыг нэмэх сануулж, шахаж, шаардаж ажиллахаа мэдэгдлээ.