Зууннаст.Т 2014.05.27 | Сайт: Vip76.mn

Т.Зууннаст: Төр компаниудаас ямар хандив, тусламж авснаа ил тод болгож байгаа

Т.Зууннаст: Төр компаниудаас ямар хандив, тусламж авснаа ил тод болгож байгаа
Уул уурхайн яамны уул уурхайн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Зууннаст

Уул уурхайн яамны уул уурхайн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Зууннасттай эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр уг хуулийн төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

-Дэлхий нийтээр уул уурхай дахь хариуцлагатай байдлыг ил тодын зарчмаар үнэлдэг. Манай улсын хувьд 2006 онд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдсэн. Өнөөдрийг хүртэл ямар ахиц гарсан бэ. Хууль боловсруулах ямар хэрэгцээ шаардлага гарсан юм бэ?

Салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хамт татвар хураамжийн төлөлтийн тодорхой бус байдал, ил далд хоёр данс тооцоо хөтлөх, улмаар татвараас зайлхийх, авилга хээл хахуулийн замаар төрд төлөх хувь хэмжээг бууруулах, бүртгэлгүй мөнгөн урсгалыг бий болгох зохисгүй хандлага бий болсон нь нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон.

2002 оны 9 дүгээр сард Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо НҮБ-ын ивээлдор зохион байгуулсан “Тогтвортой Хөгжлийн Дэлхийн Дээд хэмжээний уулзалт” дээр Их Британи, Умард Ирландын Вант Улсын тэр үеийн Ерөнхий Сайд Тони Блейрийн дэвшүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачлага (цаашид “ОҮИТБС” гэх)-ыг олон улс дэмжин хэрэгжүүлэхэр тогтсон билээ.

Эдүүгээ уг санаачлагад дэлхийн 44 улс орон албан ёсоор нэгдээд байгаа ба Монгол Улсын хувьд энэхүү санаачлагыг 2006 оны 1 дүгээр сард Засгийн газраас 1 дүгээр тогтоол гаргаснаар хэрэгжүүлж эхэлсэн. Санаачлагад нэгдсэнээс хойш долоо дох жилдээ ажлын албанаас олборлогч компаниудын тайланг гаргаж байгаа. 2006 онд нийтдээ 64 аж ахуй нэгж тайлан гаргаж өгдөг байсан бол 2012 оны байдлаар 1829 болтлоо өссөн байгаа нь гол амжилт. Гэхдээ тайлан гаргалт маань засгийн газрын тогтоолоор л зохицуулагдаж ирсэн нь учир дутагдалтай.

Тэгээд ерөөсөө бие даасан хуультай байх нь зөв юм байна гээд хуулийн төсөл боловсруулаад байгаа юм. Уг нь 2010 хуулийн төслийг боловсруулж яамдуудаас санал авах явцад хууль зүйн яамнаас буцаагдаж байсан. Тэгээд өнгөрсөн хугацаанд хуулийн төсөл дээр гадны зөвлөх авч, олон нийтээр сайн хэлэлцүүлсний үр дүнд хуулийн төсөл эцсийн шатандаа орж байна.

-Ил тод байдлыг хуулиар баталгаажуулснаар яг ямар үр дүн гарах юм бэ?

Нэгдүгээрт эрх зүйн хувьд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан бол чадамжтай болно гэсэн үг. Одоогийн зохицуулалтыг харахаар Ашигт малтмалын тухай хуулийн нэг заалт, газрын тосны хуулийн нэг заалт, цацрагт идэвхит бодисын нэг нэг заалтыг үндэслээд л тайлан гаргаад байгаа нь үндсэндээ сайн дурын ажил мэт харагддаг. Хуулиар баталгаажуулвал авсан өгснөө ил тод болгох зарчим хэрэгжинэ.

Тухайлбал Ашигт малтмалын хуулийн 48,10-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд олборлосон ашигт малтмалын хэмжээ, олсон орлогын мэдээллийг дараа оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ гэсний дагуу гаргаж өгч байгаа.

-Хуулийн үр дагавар болон одоогийн тайлан гаргалтын ил тод байдал уул уурхайн салбарт, ард иргэдэд яг ямар нөлөө үзүүлж байгаа юм бол?

Авилгал буурч улмаар бие биедээ итгэх хандлага нэмэгдэж, орон нутгийн орлого, улсын төсөв нэмэгдэх үндэс бүрдэнэ.

Мөн нээлттэй байдал, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд практикийн хувь нэмэр оруулж, Засгийн газар, Компани, Иргэний нийгмийн байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагааг бодитой болгосон байна. Түүнчлэн аудитаар нотлогдсон зөв мэдээллийг нийгэмд хүргэж, түүний дагуу үнэн, зөв дүгнэлт хийх бололцоотой болгож итгэлцлийн уур амьсгал бий болгоход хувь нэмрээ оруулж байна.

Эцэст нь, Засгийн газар, компаниудын удирдах ажилтнуудын хариуцлагатай байдал нэмэгдсэн, хандлага өөрчлөгдөж байна. Тухайлбал, тайлан гаргах компанийн тоо, Засгийн газрын тайланд хамрагдах компанийн тоо нэмэгдэж, зөрүүний байдал буурч байгаа нь үүнийг нотолж байгаа юм.

-Компаниуд төрийн байгууллагад хэдэн төгрөгийн хандив, тусламж өгснөө ил тод мэдээлж байгаа гэсэн. Танай тайлангаас харад төрийн мэдээлж байгаа, компаниудын мэдээлж байгаа хоёр зөрүүтэй байсан. Тэр зөрүүг судалдаг уу. Хөндлөнгийн аудитын компани юу хийж байгаа вэ?

Зөрүү гарахаар тайлбарлахыг шаарддаг гэсэн. Гэхдээ энэ бол уул уурхайн яам бус, Ерөнхий сайдаар ахлуулсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга ажлын албаны хийдэг ажил шүү дээ. Эд алдааг засуулах зөвлөмж өгдг гэсэн. Гэхдээ одоогийн боловсруулсан хуулийн төсөлд хариуцлагын тогтолцоог саяхан батлагдсан Түгээмэл тархацтай хуулийн хариуцлагатай адилхан байдлаар торгохоор заасан.

-Танай яам жишээ нь бас тайлан гаргаж өгдөг юм байна. Тийм үү?

Тийм ээ.Аж ахуйн нэгжээс төр хандив тусламж авсан бол тэрийгээ мэдээллэх ёстой, зөрүү гарахгүй яг таарах ёстой. Аудитаар шалгаад үнэн зөв мэдээлсэн эсэхийг шалгадаг.

-Хуулийн төсөлд хичнээн хүмүүсээс санал авсан бэ. Иргэний нийгмийн байгууллагын санал тусгагдаж чадсан гэж үзэж байгаа юу?

2013 оны таван сард дэлхийн байгаль орчны өдрийг Монгол улс зохион байгуулах үеэр нэг салбар хуралдааныг нь бид нар олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг хийсэн байгаа. Яг энэ өдөртэй холбогдуулаад дэлхийн байгаль орчны байгууллагуудын томоохон төлөөлөгчид болон манай яам тамгийн газрын сайд дарга нар, төрийн бус байгууллагууд оролцож санал бодлоо тусгасан.

 Ярилцсанд баярлалаа.