Уул уурхайн компани тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргах ёстой
УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Зууннаст
2015.09.30

Уул уурхайн компани тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргах ёстой

Эрдэс баялгийн ил тод байдлын хуулийн төслийн талаар УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Зууннасттай ярилцлаа.

Уул уурхайн компаниуд тайландаа юу тусгахаар зааж өгсөн байдаг вэ?

Хуулийн төслийг ярихаасаа өмнө ОҮИТБС анх хэрхэн бий болсон, манай улсад хэдэн оноос хэрэгжиж эхэлсэн талаар дурдах нь зүйтэй байх. 2002 оны есдүгээр сард НҮБ-ийн ивээл дор зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн дэлхийн хэмжээний уулзалт” дээр Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” / ОҮИТБС/-ыг олон улс дэмжин хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. Манай улсын хувьд 2006 оны нэгдүгээр сард Засгийн газрын ОҮИТБС-ыг дэмжих тухай” тогтоол гаргаснаар уг санаачилгад нэгдсэн 48 улсын нэг болж 2006 оноос уул уурхайн компаниуд тайлан гаргаж эхэлсэн. 2006 онд 64 аж ахуйн нэгж байсан бол 2013 онд 1197 аж ахуйн нэгж болж хамрах хүрээ нь өргөжсөн юм.

2013 онд 1197 аж ахуйн нэгж болж хамрах хүрээ нь өргөжсөн юм

Одоогоор манай улс ОҮИТБС-ын найман удаагийн нэгдсэн тайлан гаргасан. Гэвч зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагын тайлангийн мэдээ, тоо баримт зөрөх, зөрүүтэй мэдээллийг эргэн тодруулахад хойрго хандах зэрэг дутагдлууд жил бүр гарсан. Тиймээс бие даасан хуультай болж, хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийн 11 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн анхан шатны тайланд юу юу тусгахыг заасан байдаг.

Үүнд:  Татвар болон татварын бус төлбөрийн талаарх мэдээлэл, төрийн эзэмшил дэх хувьцаа,  түүнтэй адилтгах үнэт цаасны хувь хэмжээ, ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрлийн талаарх мэдээлэл зэрэг багтана. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаал, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээ, олборлосон, боловсруулсан, борлуулсан бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, борлуулалтын үнэ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагатай байгуулсан гэрээний талаарх мэдээлэл, уг хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхөн сэргээлтийн зардал, түүний зарцуулалт, барьцааны талаарх мэдээлэл, хэмжээ, ажиллах хүч, ажлын байрны талаарх мэдээлэл, ТББ, орон нутгийн байгууллага, иргэнд өгсөн хандив, тусламж зэрэг татварын бус төлбөрийн мэдээлэл зэргийг тусгахаар зааж өгсөн. ААН-үүдийн хувьд өгсөн авснаа тайлагнадаг боловч нийгмийн хөрөнгө оруулалтанд юу оруулснаа тэр болгон тайлагнадаггүй. Хуулийн төсөлд үүнийг чухлаар авч үзсэн. Ингэснээр ААН-үүдийг ч сурталчлах олон талын ач холбогдолтой юм.

Тайланг тайлагнах тогтсон хугацаа бий юу. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн байгууллагын тайлагнах хугацааг зааж өгсөн. Үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь анхан шатны тайланг дараа оны тавдугаар сарын 15-ны дотор гарган Ажлын албанд ирүүлэхээр заасан. 16 дугаар зүйлд хариуцлагын талаар заалт бий. Хугацаанаасаа хэтрүүлсэн эсвэл худлаа мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тайлангийн зөрүү гардаг. Тухайн зөрүүг арилгах тал дээр арга хэмжээ аваагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч, мөн төрийн байгууллагын эрх бүхий албанд тушаалтанд хариуцлага тооцно.

Компаниудын тайландаа тусгаж буй мэдээлэл нь хэр үнэн зөв байдаг вэ?

Ер нь энэ санаачилга нь бүрэн итгэлцэл дээр явагддаг. Тиймээс бид ААН-үүдийн үнэн мэдээлэл өгч байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Сүүлийн үед компаниуд тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж байгаа учраас худал мэдээлэл гаргах үндэслэлгүй болсон.

Гадны улс орнууд хуулиндаа тайлангийн талаар юу гэж заасан байдаг вэ?

Хуулийн төслийг боловсруулах явц нь Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр явагдсан байгаа. Гадаад компаниуд ч оролцсон. Тиймээс гадаад орнуудын хуулийн талаар нилээн сайн судалж ганц, нэг заалтыг хуулийн төсөлд тусгасан.

Нэг компани олон тусгай зөвшөөрөлтэй боловч нэгтгэж тайлагнадаг. Энэ талаар тодруулбал?

Тухайн компани хэд хэдэн аймагт тусгай зөвшөөрлийг эзэмшиж болдог. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл тус бүрээр тайлан гаргах ёстой. Тэгэхгүй бол төрийн байгууллагаас гаргаж байгаа тайланд зөрүү гарах магадлал ихэсдэг. Тусгай зөвшөөрөл тус бүрээр нь тайлан гаргавал төрийн байгууллагын тайлан, ААН-үүдийн тайлан ч зөрүү гарахгүй байх боломж бүрдэнэ.

Уул уурхайн компаниуд орон нутагт өгсөн хандиваа тайлагнадаг боловч орон нутгийн байгууллагууд үүнийг тайландаа тусгахгүй байгаагаас зөрүү гардаг. Энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ?

Ер нь орон нутгийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагаас авсан хандиваа заавал тусгах ёстой байдаг. Хэрэв тайланд тусгаагүй зөрүү гаргавал хуулийн дагуу тайлан нэгтгэгч зөрүүний талаарх мэдээллийг тодруулж, нэмэлт мэдээлэл авч тайлан гаргагчдад албан бичгээр мэдээлдэг. Харин тайлан гаргагч мэдээллийг хүлээн авсны дараагаар 10 хоногийн дотор зөрүү мэдээллийн талаар хариуг бичгээр өгнө. Зөрүү шийдэгдэхгүй бол хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага тооцдог.

Хуулийн төсөл батлагдсанаар ААН-үүдийн үргүй зардал буурна

Компаниуд тайлангаа ил тод мэдээлэх нь ямар ашигтай вэ?

Олон талын ач холбогдолтой. Хуулийн төсөл батлагдсанаар ААН-үүдийн үргүй зардал буурна. Мөн урьдчилан сэргийлж, тухайн компанийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийтийн зүгээс хяналт тавих боломжтой болно. Түүнчлэн компанийн зардлыг бууруулснаар ашигт ажиллагааны түвшин нэмэгдэж улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгддэг. Ингэснээр эрдэс баялгийн салбарын орлогын хуваарилалт, зарцуулалт ил тод болсноор баялгийн удирдлага илүү зохистой болно гэж харж байна. Мөн компаниуд татвар төлдөггүй гэх мэт хардалтыг үгүй болгох ач холбогдолтой юм.