Ил тод байдал нь уул уурхайн компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн талаар компаниуд ямар байр суурьтай байгааг сонирхохоор МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг яагаад санаачлах болсон бэ?
2006 оноос тухайн үеийн Засгийн газар ил тод байдлын санаачлагад нэгдэе гэж мэдэгдэл гаргаж Олон улсын санаачлагад албан ёсоор нэгдсэнээ зарласан. Тэр үеэс ААН-үүд идэвхитэй оролцож ирсэн. Энэ нь ААН-үүдийн хувьд өөрсдийнх нь талаар зөв мэдээлэл олон нийтэд очсоноор итгэлцлийг бий болгоход дөхөм юм. Тухайн компани олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах, босгох ажилд тус дэм болохоос гадна авилгалаас ангид, ил тод засаглалтай нээлттэй байх бас нэгэн шалгуур болж өгнө.
Тэр үед Татварын хууль тогтоомжоор ихэнх татвар хураамж төвлөрсөн төсөвт төлөгддөг байв. Харин орон нутагт бага хэмжээгээр л очдог байсан. Тэгэхээр орон нутаг тухайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас хандив нэхэх асуудал гарах болсон. Улмаар хандив авсан хүмүүс юунд зарцуулснаа нийтэд тайлагнадаггүй нөхцөл байдал үүссэн. Ил тод байдлын санаачилга нь үүнийг тод болгох учраас компани ч өөрийгөө орон нутагт таниулах, ямар хувь нэмэр оруулж буйг нь олон нийт мэдэх ач холбогдолтой.
Ил тод байдлын санаачилгад нэгдсэнээр компани өөрийгөө орон нутагт таниулах боломжтой
Эхний ээлжинд томоохон компаниуд бүгд нэгдэн хэрэгжүүлсэн. Манай улсад олон тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг учраас тайланг их томоор гаргаж бэрхшээл ихтэй байдаг. Нийтэд ил тод болж буй мэдээллийг орон нутагт интернет, вэбгүй бол мэдээллийг авахад хүндрэлтэй, цаасаар хэвлэхэд зардал ихтэй.
Энэ санаачилгыг анх Дэлхийн банк дэмжээд ажлын алба санхүүжүүлж байсан. Тиймээс яваандаа нэгтгэл, тулгалт, аудитын төлбөрийг хаанаас гаргах вэ гэдэг олон асуудлууд гарсан. Дэлхийн банкнаас санхүүжилж байхад олон улсын нэр хүндтэй аудитор сонгон шалгаруулах журамтай байж байгаад Монголын талын хүсэлтээр консерциум болгосон. Тиймээс хуультай болох нь зүйтэй юм байна. Хуультай болчихвол Ажлын алба, ажлын хэсэг зөвлөлүүдийн статус нь хуульчлагдаж, улсын төсвөөс санхүүжих бололцоо гарах юм байна гэдэг үүднээс хууль гаргах болсон. Хуулийн төслийг 4,5 жил хэлэлцэж байгаа. Одоо өргөн барьчихаад байна.
Хууль батлагдсанаар компанид ямар нөлөөтэй вэ. Сөрөг тал бий юу?
Олон улсын санаачилгад албан ёсоор нэгдсэн боловч хуульгүй учраас хариуцлагаас мултрах асуудал гардаг. Тэгэхээр хуультай болсноор компаниудын хариуцлага хууль биелүүлэх хүрээнд дээшилж байна гэсэн үг. Харин жижиг компаниудын хувьд шууд үр ашиг нь мэдэгдэхгүй. Хэтэрхий их тайлан гаргаж, мэдээлэл цуглуулахад удаашрах, нэгтгэлийн аудитод тулгалт хийхэд бэрхшээл тулгардаг учир хүндрэлтэй. Нэгтгэлийн тайланд бүгдийг тусгахыг зориод байгаа учраас тайлан жилийн дараа гарч удааширдаг. Тиймээс мэдээлэл хуучирч байна. Анх улсад төлсөн татвар, төлбөр хураамжийг ил болгох зорилготой байсан. Бусад улсын хувьд санаачилгыг үндэстэн дамнасан корпорицуудыг тухайн орны Засгийн газарт авилга өгч, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахгүйн тулд санаачилсан байдаг. Харин манайд бүгдийг хамруулах байдлаар хэрэгжүүлсэн.
Хэрэв төлбөр хураамж нь 100 саяас дээш гарвал л нэгтгэлийн тайланд хамруулна
Тэгэхээр хавтгайруулж бүгдийг нэгтгэх биш шийдвэрт нөлөөлж болох, төлж буй татвар орлого нь эдийн засгийн хөгжилд нөлөөтэй тэр хэсгийг нь хамруулахаар босго тогтооё гэсэн санал гаргаж одоо босготой болж байгаа. Хэрэв төлбөр хураамж нь 100 саяас дээш гарвал л нэгтгэлийн тайланд хамруулна. Гэхдээ төрийн байгууллагуудын үйлчилгээний хураамжийг хамруулах шаардлагагүй. Ингэхээр хувийн секторын зүгээс зорилтот бүлгүүдэд таарсан мэдээлэл бэлтгэгдэж тараагдах хэрэгтэй болж байгаа юм.
Тухайлбал Засгийн газрын байгууллагуудад таарсан, хувийн компаниудад ямар мэдээлэл өгөх ёстой вэ гэх мэт. Тэднээс гадна олон нийтэд хүргэх мэдээллийг товч, ойлгомжтой, хялбар аргаар түгээхгүй бол ямар ч үр дүнгүй. Хамгийн гол нь үр дүнг нь зөв хэлбэр, хувилбараар ойлгомжтой богино, товчхон байдлаар нийтэд хүргэх нь хамгийн чухал. Олон нийтэд хэрэгтэй мэдээллийг хүргэж чадахгүй байгаад хувийн хэвшил, компанийхан дурамжхан байдаг.
Уул уурхайн компаниуд төр болон орон нутагт хандив өгдөг. Энэ асуудлыг юу гэж үзэж байна?
Сургууль, цэцэрлэгт л хандив өгч болно гэж төсвийн тухай хуулиар журамласан. Ашиг сонирхлын тухай хуульд ч төрийн албан хаагчдыг хуульд зааснаас өөр хандив авахыг хориглосон. Гэхдээ хориглолоо гээд асуудлыг бүрэн шийдэхгүй байна. Тухайн орон нутгийн дансаар дамжихгүйгээр хандивыг авч болдог. Тухайлбал наадмаа даалгах тохиолдол их бий. Энэ нь компанийн тайланд туссан боловч орон нутгийн тайланд бүртгэгдэхгүй учраас зөрүү гардаг.
Төсвийн тухай хуулийн 25.2 дугаар зүйлд хандивыг энэ тохиолдолд авч болно гэж заасан байдаг.
Тусгай зөвшөөрлийн нөөцөлсөн төлбөрийн тодорхой хувийг орон нутагт ногдуулж байх ёстой. Ингэхгүй бол орон нутаг уул уурхайг дэмжиж ажиллахгүй, компанийн үйл ажиллагааг зогсоох хандлага их гарч байгаа. Нийтэд үнэн бодитой, зөв мэдээллийг хүргэхийн тулд л ил тод байгууллагын санаачилгад компаниуд нэгдсэн.
ОУ-ын стандартад нэгдсэнээр хөрөнгө оруулагчдад ямар ашигтай вэ?
Олон улсын удирдах зөвлөл хуралдаад долоон стандарт болгосон. Энэ стандартын хэмжээнд зохицуулагдаад явж байгаа. Хууль ч гэсэн үүний хүрээнд гарна. Стандарттай холбоотой асуудалд манайх буруу хандлагатай байдаг. Үүнийг хууль шиг ягштал биелүүлэх ёстой гэж үздэг. Гэтэл орчин үеийн хандлагад сайн дурын гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг заавал хууль болгон бичихгүйгээр мөрдөхийг хэлж байгаа юм. Энэ хуулийг гаргаснаар хөрөнгө оруулагчдыг татах боломжийг харахгүй байна. Хөрөнгө оруулагч болгон хууль гарвал мөрдөөд ажиллах ёстой. Хөрөнгө оруулалт татахад ил тод байдлаасаа илүү эрх зүйн орчин тогтвортой байх, өөр орны татварын орчинтой өрсөлдөх чадвартай, хүнд суртал бага байх л ёстой. Ил тод байдал нь компаний нийгмийн хариуцлагын нэг хэсэг л болно. Зөвхөн компаний татвар, төлбөр хураамжаас гадна гэрээний ил тод байдал, Засгийн газартай байгуулсан гэрээ нь ил тод байх ёстой болж байгаа.
Ашиг хүртэгч, эздийг ил болгох боломж Монголд бий юу?
Хэрэв 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол нэр нь ил тод байх ёстой. Тэрнээс биш 10 мянга, 20 мянган хувьцаа эзэмшигчтэй бол тэр болгоны нэрийг зарлах боломжгүй.
Уул уурхайн компаниудын өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
Тун хүнд байна. Яагаад гэвэл нэгдүгээрт дэлхийн зах зээлд алт, зэсний үнэ унаж уналтын байдалдаа байсаар байна. Илүү хөрөнгө мөнгө олох боломжтой зах зээл нь экспорт. Ашигт малтмалын бүтээгдэхүүн эрхэлдэг дотоодын зах зээл маш хязгаарлагдмал байдаг. Монгол улс экспортод уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэхээс өөр аргагүй. Харин тэр зах зээл дээрх үнийн нөхцөл байдал муу байна. Хоёрдугаарт 2006 оноос хойш хуулиндаа өмнөх хуулиудаасаа дордуулсан заалтыг нэмсэн, шинэ хууль ихээр гаргасан.
Монгол улс экспортод уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэхээс өөр аргагүй
Одоо харин буцаад өөрчиллөө. Харин буцаж хөрөнгө оруулагчдыг татаж, дахин сэргэтэл хугацаа хэрэгтэй. Гадаад нөхцөл байдал өөрчлөгдөхийг л хүлээх ёстой. Засгийн газар тодорхой хэмжээнд нилээн ахиц гаргасан боловч, практик, итгэлийг авчрах алхмууд хийх хэрэгтэй байна. Тусгай зөвшөөрөл хурдан олгогдох хэрэгтэй байгаа. Итгэл авчрах алхмууд хурдан хийгдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулагчдын итгэл буцаж сэргэхгүй байна.