Л.Болд: Энхийг сахиулагчид бол баатрууд
Л.Болд сайд
2014.06.02

Л.Болд: Энхийг сахиулагчид бол баатрууд

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД БОЛ ДЭЛХИЙД ЭХ ОРНЫХОО НЭР ХҮНДИЙГ ӨРГӨСӨН БААТРУУД  

 УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.БОЛД-той зэвсэгт хүний соёмбо сониноос аг үеийн талаар яриллага хийлээ   

Та Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсны хувьд Монгол цэргүүд, тэр тусмаа олон улсын энхийг сахиулагч дайчдын талаарх сэтгэгдлээсээ  хуваалцна уу?   

-Монголчууд бид цэргийн эрдэм ухаан, хүч чадал, нарийн зохион байгуулалт дор төр, улсаа төвхнүүлж, хүчирхэг гүрнийг байгуулж явсан ард түмэн шүү дээ. Дэлхийн түүхийг бүтээлцсэн монголчуудын цэрэг, армийн сүр хүч, стратеги нь чухам юу байсныг өнөө хэр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид сонирхон судалж, шинэ баримт, гаргалгаануудаар баяжуулсаар ирсэн. Монгол цэрэг гэдэг нь бие даасан судлагдахуун болохуйц өргөн ойлголт гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Монгол эрчүүдэд генээр нь дамжин ирсэн онцгой нэг чанар байдгийг би батлан хамгаалах салбарыг удирдаж, цэрэг дайчдынхаа дунд ажиллахдаа илүүтэй мэдэрч, энэ талаар өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тэр дундаа дэлхийн халуун цэгүүдэд олон орны цэрэг эрсийн хамт үүрэг гүйцэтгэж яваа энхийг сахиулагчдаасаа тэр чанарыг тод харж ойлгосон. Монголын энхийг сахиулагчдын талаар орон орны цэргийн хэргийн зүтгэлтнүүдийн ярианаас ч олонтаа сонссон. Гадаа буун дуу гарахад монгол цэргүүд хамгийн түрүүнд ухасхийн босч буугаа шүүрдэгийг олон орны цэргүүд анзаарсан байдаг. Энэ нь зуун зууны тэртээ цэрэг, армиараа хүчирхэг явсан монголчуудын мах, цусанд нь шингэсэн төрөлх зөн билэг, мөн чанар нь гэж би боддог. Манай энхийг сахиулагчдын байгуулсан  гавьяа, тэдний үүрэг даалгавраа гүйцэтгэсэн байдлаас ч үүнийг харж, болно. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч олон орны цэрэг, дайчдаас Монголын цэрэг эрс чухам үүгээр ялгарч, нэр хүндээ өндөрт өргөж явдаг. Цаашид ч тэд маань өөрсдийн болон улс  Монголынхоо нэрийг өргөж явна гэдэгт итгэдэг.  

Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхлээд 10 гаруй жилийг үдэж байна. Энэ нь Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар үр нөлөө үзүүлдэг талаар тодруулбал...?   

-Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, дайчдаа илгээснээс хойш 12 жил өнгөрч байна. Энэ хугацаанд НҮБ-ын болон эвслийн цэргийн ажиллагаануудад нийт нэг түм гаруй алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэсэн. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаа илгээн, олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд цөөн бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулж, баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтыг хариуцдаг байсан бол 2009 оноос хойш бие даасан мотобуудлагын батальон, цэргийн хээрийн эмнэлгийн багуудыг үе шаттайгаар илгээж, НҮБ-ын ажилтнууд болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн сургаж багшлах зэрэг үүрэг гүйцэтгэж эхэлсэн нь томоохон амжилт. Монгол Улсын хувьд цэргийн алба  хаагчдын мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаараа НҮБ-д цэрэг илгээгч топ 20 орны тоонд багтсан нь мөн л том ахиц.  

Монгол Улсын хувьд цэргийн алба  хаагчдын мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаараа НҮБ-д цэрэг илгээгч топ 20 орны тоонд багтсан нь мөн л том ахиц.  

Энэ бүхнийг нэг талаар том амжилт, нөгөөтэйгүүр Монгол Улсад, түүний цэрэг дайчдад НҮБ итгэж найдаж байгаагийн илрэл, цэрэг дайчид, энхийг сахиулагчдын маань ур чадварыг үнэлсэн хэрэг гэж үзэх ёстой.  Монгол Улсын нэр хүнд, байр суурийг энэ бүхэн НҮБ, түүний гишүүн орнуудын дунд өндөрт өргөж байна. Монгол Улсын нэр хүнд өсөн нэмэгдэж байгааг би Гадаад харилцааны сайдын албыг хашиж эхлэснээсээ хойш алхам тутамдаа мэдэрч түүгээр бахарxаж явдаг. Үүнд энхийг сахиулагчдын маань хувь нэмэр асар их гэдгийг онцлон тэмдэглэе. Монгол Улс нь НҮБ-ын хоёр ч томоохон сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд ажиллаж байна. Тухайлбал, 2015 онд явагдах НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний, 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд дэмжлэг хүлээх эсэх нь олон талын хамтын ажиллагаанаас хамаарах хэдий ч Монгол Улсын маань нэр хүнд чухал нөлөөтэй.

Монгол цэргийн нэр хүнд олон улсад ийнхүү өссөнөөс гадна цэргийн албаны нэр хүндийг эх орондоо ч өргөх талаар Таныг санаачилга гарган ажилласан гэж боддог?    

-Энхийг сахиулагчдынхаа үйл хэргийг алдаршуулах, тэдний ажил үйлсийг нь сурталчлан таниулахаас гадна ар тал, ахуйн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарсан. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын гар дээр очдог нөхөн олговрын хувь хэмжээг 70 хувь хүртэл нэмэгдүүлж, энхийг сахиулагчдын эмчилгээ сувилгааг хариуцсан нөхөн сэргээх төвийг байгуулсан. Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал цолыг анхны энхийг сахиулагчдад олгосон. Нэг үе нэр хүнд нь буураад батлан хамгаалах салбарыг шинэчилж, цэргийн алба залуусын сэтгэлийг зүрхийг татдаг, хүмүүжил төлөвшил олгодог, өндөр нэр хүндтэй салбар болгохыг чармайсны хүчинд телевизийн олон ангит киног бүтээсэн нь цэрэг, армийн албаны нэр хүндийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлсэн юм. Тэдний нийгмийн хамгааллын баталгаа болсон орон сууцаар хангах ажлыг далайцтай эхлүүлж, төсвийн зарцуулалтыг зөв урсгалд оруулан цэргийн албаны эрх зүйн орчинг бүрдүүлэх, цэргийн нормат хангалтын чанар, хүрэлцээг сайжруулахад анхаарч ажилласан. Манай цэргийнхний аливааг тордон сайжруулж, хөгжүүлдэг сайхан чанар нь миний эхлүүлсэн ажлыг уламжлан үргэлжлүүлж шинэ шатанд гаргана гэдэгт итгэдэг.  

Монгол цэргүүд Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр Үндэсний аюулгүй байдлыг хангахад ямар нөлөө үзүүлдэг вэ? 

  -Тусгаар тогтносон улс орон биеэ даасан батлан хамгаалахын болоод гадаад харилцааны бодлого явуулдаг. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө өндөр төвшинд хүрсэн ч биеэ даасан батлан хамгаалах салбаргүй, гадаад харилцаагүй, улс орнууд цөөнгүй бий. Монгол Улс хэдий хөгжиж буй орон ч гэлээ биеэ даасан гадаад бодлоготой, туурга тусгаар улс гэдгийн нэг нотолгоо нь Зэвсэгт хүчин гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, төрийн бодлогодоо бие даасан, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байхаар тусгаж, үүнийгээ ч хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ур чадварыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж буй манай энхийг сахиулагчид юм.

Улс орныхоо бүрэн бүтэн, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг сахин хамгаалах Зэвсэгт хүчнээ байнгын бэлтгэл, чадавхтай байлгахад Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо чухал бөгөөд улс төр, нийгэм, эдийн засаг, цэргийн  томоохон ач холбогдолтой. 

  Энхийг дэмжих ажиллагааг гадаад бодлогоор цаашид хэрхэн яаж дэмжих вэ?  

-Миний бие Гадаад харилцааны сайдаар томилогдсоноосоо хойш ГХЯ-ны дэргэд Энхийг сахиулах ажиллагааг дэмжих тасаг байгуулаад ажиллаж байна. Монгол Улс олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа чухал чиглэл учраас бүтцийн ийм нэгж байх нь зүйтэй гэж үзсэн. Үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, үр ашигтай механизм бий болгох зорилготой энэ нэгж гадаад бодлогын хүрээнд энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр тууштай дэмжиж үр дүнг нь дээшлүүлэхийг чухалчилж ажиллана.  

Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, тэр дундаа гадаадын улс орнуудын Зэвсэгт хүчний хамтарсан олон улсын болон хоёр талын хээрийн сургууль, сургалт дамжаануудыг эх орондоо зохион байгуулж байгаа нь гадаад харилцаанд жинтэй хувь нэмэр оруулж байгаа гэж дүгнэдэг. Та үүнтэй санал нэгдэх үү? 

-АНУ, ОХУ, БНХАУ болон бусад улс орнуудтай батлан хамгаалахын салбарт хоёр талын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулж хөгжүүлэхийг зорьж байна. Түүнээс гадна ОХУ-тай хамтарсан “Дархан-1”, “Дархан-2” хээрийн сургуулилт, мөн АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран олон улсыг хамруулан зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулилт, “Нүүдэлчин заан”, “Зоримог шийдвэр” гэх мэт уламжлал болсон олон улсын сургалт, дадлагууд тасралтгүй явсаар ирлээ. Тэр дундаа хойд хөрш ОХУ-тай батлан хамгаалахын салбарт гадаад харилцаагаа идэвхжүүлж чадсан. Тухайлбал, “Дархан” хээрийн сургуулилтын үйл ажиллагаатай танилцах, Халхын голын дайны ялалтын  70 жилийн түүхт ойд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Медведев Монголд айлчилсан бол миний бие тус улсын Батлан хамгаалахын сайд асан А.Э.Сердюковын урилгаар оролцож байлаа. Өнөөдөр ч Монгол, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт, түүний дотор батлан хамгаалах салбарт хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.   

Та Батлан хамгаалах салбарын гадаад харилцааг хэрхэн үнэлж байна?  

-Монгол Улсын Батлан хамгаалах салбар бол улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг шинэ түвшинд гаргахын сацуу улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ихээхэн шинэчлэгдэж байгаа  салбар. Ялангуяа, энхийг сахиулагч цэрэг дайчид мааны НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаануудад оролцож цэргийн хэргийн мэргэжил, ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулаад зогсохгүй, гадаадын орнуудад үе шаттайгаар суралцаж оюуны өндөр боловсрол эзэмшиж байгаа нь энэ салбарын ирээдүйн хөгжлийн хийгээд улс орны минь аюулгүй байдлын баталгаа, хөгжлийн тулгуур багана болно. Энэ дашрамд энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууддаа баярын мэнд хүргэж, Та бүхэн орчин цагийн жинхэнэ баатрууд, Та нараар улс эх орон чинь бахархдаг шүү гэдгийг хэлмээр байна.    

Ярилцсанд баярлалаа.

Таны ажилд амжилт хүсье!