Л.Гантөмөр:Хоёр сонгуулийг нэг өдөр хийх заалтыг хөндөхгүй
2012.01.31

Л.Гантөмөр:Хоёр сонгуулийг нэг өдөр хийх заалтыг хөндөхгүй


-Сонгуулийн ерөнхий хороонд ажлаа сайн хийхийг нь санууллаа-

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орох нь гэдэг нь тодорхой боллоо. Учир нь энэ хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг УИХ дахь намын бүлгүүдийн аль алинд нь байгуулагдаж удахгүй хэлэлцүүлэгт оруулах аж. Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит хуралдааныхаа эхэнд энэ хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд нэгэнт нэг өдөр зохион байгуулагдах хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалт байгаа юм чинь УИХ-ын сонгуулийн хуультайгаа уялдуулж зарим зүйлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж буй хүмүүсийн хувьд ойлгомжгүй зүйлс нэлээд гарах болж. Одоо буй УИХ-ын сонгуулийн хуулиар цагаан сараар бэлэг тараах, нэрэмжит өдөрлөг, уралдаан наадам зохион байгуулах зэрэг үйлдлийг хориглосон байгаа бол орон нутгийн сонгуулийн хуулиар энэ бүхэн нь одоо хэр нь зохицуулалттай байгаа аж. Ингээд чуулган завсарлах дөхсөн энэ үед шийдвэрлэх шаардлагатай нэг асуудал гэж үзээд З.Энхболд гишүүнээр ахлуулсан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан аж.

Гэхдээ тус намын бүлгийнхэн нэг зарчим дээр хатуу зогсохоо мэдэгдсэн нь "УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах хуулийн заалтыг хөндөхгүй байх" тухай гэнэ.

 Нэг асуудлыг шийдэхээр хоёр талаас нь хуулийн төсөл боловсруулаад буй дараагийн асуудал бол тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд байгаа гэнэ. Энэ асуудалтай зэрэгцүүлэн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг тэтгэврийн зөрүүг арилгах хуультай уялдуулан сайжруулах талаар ч санал гарч дэмжигдсэн байна. Мөн хуралдаанаар Боловсролын хуульд нэмэлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байгаа ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Анхны хэлэлцүүлэгт булгийн зүгээс нэг санал оруулж байгаа нь сургуулийн захирлуудыг улс төрийн албан тушаалтны хамааралгүйгээр томилдог тогтолцоог бүрдүүлэх гэдэгт санал нэгджээ. Сургуулийн захирлуудыг аймаг дүүргийн засаг дарга томилдог өнөөгийн бүтцийг ийн удахгүй өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ингээд уг мэдээллийн дараа бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс зарим асуудлыг тодруулав.

-Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг энэ чуулганы завсарлагаанаас өмнө амжиж батлах боломж байгаа юу?

-Намрын чуулганаар батлахгүй бол болохгүй. Орон нутгийн сонгуулийн хуулийг аль болохоор мөнгөний оролцоог багасгах зорилгоор  гаргах хэрэгтэй.  Ерөнхийдөө орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай зэрэгявах заалтыг нь хөндөхгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах юм.

-Хоёр сонгуулийг хамтад нь явуулах боломж чадвар СЕХ-нд байхгүй талаар зарим гишүүд ярьж байгаа нь ямар учиртай юм бол?

-Нэг өдөр явуулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. УИХ-ын сонгууль гэхэд намыг  нь дугуйлаад, дээр нь 2-3 хүн дугуйлна. Орон нутгийн сонгууль бол аймгийн ИТХ-ын гурван хүн, сумын ИТХ-ын гурван хүн гээд зургаан удаа дугуйлна. Энэ хоёр нийлэх юм бол 10-11 удаа дугуйлна. Тэгэхээр сонгогчдод л бага  зэрэг хүндрэл гарахаас биш зохион байгуулалтад ямар ч хүндрэл гарахгүй. Тооллогыг машинаар хийчихнэ. Хэсэг тойргийн хороогоо ч нэг удаа зохион байгуулна гээд зардал чирэгдэл хямд төсөр болно.

Ер нь орон нутагт ихээхэн хэмжээний эрх мэдэл очиж байгаа гэдэг утгаараа орон нутгийнхаа сонгуульд иргэд ач холбогдол өгөөсэй гэж бид хүсэж байна.

Улаанбаатар хотод ирц хүрдэггүй. Хотын захиргаа хүчээр хүргэж, дүнгээ гаргадаг. Ийм байдлаар бид орон нутгийн сонгуулийг явуулж болохгүй. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан орон нутгийн удирдлагууд үнэхээр эрх мэдэлтэй болж байгаа. Тэр эрх мэдлээ зөв ашигладаг болгохын тулд заавал УИХ-ын сонгуультай хамт явуулах шаардлага байна. Би Ардын намын нэг гишүүний хэлснийг сонссон юм байна. Тэр "Сонгуульд нэр дэвших 11 мянган хүн болчихоод байна. Тэгэхээр их бужигнаан үүснэ" гэж байсан. Орон нутгийн сонгуульд угаасаа 10 мянган хүн дэвшдэг. Тэгэхээр асуудлыг нөгөө талаас нь хараасай гэж бодож байна. 10 мянган хүн дээр УИХ-д нэр дэвших 400 хүн нэмэгдэнэ. Гэтэл Ардын намын тэр гишүүн 400 хүн дээр 10 мянган хүн нэмж яриад байна. Тэртэй тэргүй 10 мянган хүний оролцоотой орон нутгийн сонгууль шүү дээ.

-Сонгуулийг зэрэг явуулахтай холбоотой ямар зохицуулалтыг яаж хийхээр байна?

-Сонгогч УИХ-ын сонгуулийн хуудаснаас гадна аймгийн болон сумын ИТХ-ын сонгуулийнхаа хуудсыг авна. Ийм гурван хуудсан дээрх 10-11 нэрийг дугуйлах юм. Ингээд саналын хуудаснуудаа холбогдох хайрцгуудад нь хийчихнэ. Ер нь СЕХ-нд бид шинээр батлагдсан сонгуулийн хуулийн сурталчилгааны ажлыг хийгээч гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Тэтгэмж нэмэх, халамжид чиглэсэн хуулийг энэ их хурал баталж болох эсэхийг тодорхой хэлэх хэрэгтэй. Сонгуулийн хуулиар бол хориотой шүү дээ. Тэгэхээр СЕХ энэ талаар байр сууриа илэрхийлж, ирэх сонгуулийг аль болох мөнгөний оролцоогүй зохион байгуулах үүднээс хуулиа сурталчилмаар байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.