Л.Гантөмөр:Батлан хамгаалах яам улс төрийн зэвсэг биш
-Бүлгийн хурал нэлээн удаан үргэлжиллээ. Ямар асуудал хэлэлцэв?
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар цахим үнэмлэх олгох асуудлыг хэлэлцлээ. Мөн хурууны хээний аппарат худалдаж авахтай холбоотой асуудлын явц байдалтай танилцлаа. Цахим үнэмлэх хэвлэх ажилтай танилцсан нь сонгуультай шууд холбоотой юм. Ирэх сонгууль цахим үнэмлэхээр явагдана. Цахим үнэмлэхийг иргэд мэдэж байгаа байх. Хэлбэр дүрс нь хуучин үнэмлэхтэй адилхан бөгөөд дотроо бичил ялтас суулгаснаараа ялгаатай. Бичил ялтсанд нь тухайн хүний бүхий л мэдээлэл багтсан. Иргэд цахим үнэмлэхээ үзүүлэн хурууны хээгээ баталгаажуулсны дараа сонгууль өгөх ёстой. Үндсэндээ цахим үнэмлэхтэй болсноор нэг хүн хоёр удаа санал өгөх эрхгүй болно гэсэн үг. Түүнчлэн бүртгэлийн ажил сайжирна гэх мэт олон сайн тал бий.
Уг нь цахим үнэмлэхийг нэгдүгээр сарын сүүлээр хэвлэж эхлэх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл олгогдоогүй байна гэдэг нь ихээхэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахим үнэмлэх тараагдаагүйгээс болж сонгууль шударга явагдах нөхцөл алдагдах аюул гарна. Тийм учраас бид Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдалтай танилцлаа. Цахим үнэмлэх хэвлэж олгох ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явахгүй байгаа юм байна. Нэлээд хоцорч байгаа гэсэн мэдээллийг сая бүлгийн хурал дээр өглөө. Хэдийгээр хоцорч яваа ч гэсэн сонгуулийн санал хураах өдрөөс өмнө иргэдэд цахим үнэмлэх очсон байх ёстой. Түүнээс гадна иргэд үнэмлэх солих ажилд идэвхтэй оролцож чадах юм бол энэ ажил хугацаандаа амжина гэсэн дүр зураг харагдлаа. Гагц төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас үл хамаарч хамтын ажиллагаа шаардлагатай байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл надад төрлөө. Түүнчлэн тухайн төрийн байгууллагууд үүргээ бүрэн ухамсарлаж, анхаарлаа цахим үнэмлэх хэвлэх асуудал дээр төвлөрүүлж ажиллах шаардлагатай байна. Бүлгийн гишүүдийн зүгээс хэд хэдэн санал шүүмжлэлийг хэлж байна. Тухайлбал, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргынтүр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа нь, ёс зүйгүй гэсэн шүүмжлэлийг дагуулж байна. Үүнээс үүдэн намын бодлого бүртгэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг мөн хэлж байна лээ. Иймээс цахим үнэмлэхээр сонгууль явагдах нь эргэлт буцалтгүй шүү гэсэн байр суурин дээр АН хатуу зогсоно. Уг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар чинь жинхэнэ төрийн ноён нурууг харуулах ёстой газар шүү дээ.
-Сонгуулийн санал тоолох машины асуудал юу болж байгаа вэ?
-Бүртгэл, сонгогчдыг хянахтай холбоотой тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийх ёстой. Одоог хүртэл энэ ажил хийгдээгүй байгаа. Тэгэхээр хугацаандаа амжих эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудаас энэ талаарх мэдээллийг өнөөдөр авлаа. Ямар ч байсан зохих хуваарийн дагуу явна гэдэг хариултыг холбогдох албан тушаалтнууд өгч байна. Уг нь төсөв нь шийдэгдчихсэн ажлууд шүү дээ.
-Сөрөг намын чиньудирдах албандажиллаж байсан хүнтөрийн албанд голчоор ажиллаж байгааг та бүхэн сэрдэжбайгаа юм байна.Одоо танайхан хэрхэх вэ?
-УИХ дахь АН-ын бүлэг гэдэг бол хууль тогтоох байгууллагын нэг субъект юм. Энэ субъектийнхээ хүрээнд Ц.Нямдорж сай-дад асуудлыг тавьсан. Гэх-дээ агентлагийн даргыг томилох асуудлыг төрийн албаны зөвлөл шийддэг. Төрийн албаны зөвлөл дээр ярих хүртэл түр орлон гүйцэтгэгчээр явсаар байгаад сонгууль хүргэчих боломж бий. Уг нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт дэд дарга гэж байгаа. Өмнөх дарга нь сонгуульд нэр дэвших гээд ажлаа өгөөд явчихсан байж болно. Гэтэл орных нь хүн буюу төрийн жинхэнэ албан хаагч дэд дарга нь байсаар байтал заавал улс төрийн албан тушаалтныг авчраад үүрэг гүйцэтгэгчээр тавьж байгаа нь ёс зүйгүй асуудал. Энэ алдаагаа засч залруулаач ээ гэсэн шаардлагыг тавьсан.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг ээлжит бусчуулганаар хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг өнөөдрийн(өчигдөр)бүлгийн хурлаар хэлэлцсэн үү?
-АН бүлгийн хурлаараа хэлэлцсэний дагуу саналаа МАН-д хүргүүлсэн. Харин одоо МАН-ын бүлэг хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Сонгуулийн хуулийг яаж гаргах юм, зөвшилцөж, ойлголцож гаргах арга байна уу, үгүй юу гэдгээ нэн даруй ярилцах шаардлагатай байна, МАН. Орон нутгийн сонгуулийн хуулиар хоёр бүлэг хэлэлцээрт орох шаардлага гарах байх.
-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулахасуудлыг танайнам тавьсан байгаа. Энэ асуудлыгбүлгийн хурлаарярьсан болов уу?
-Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцсэнгүй. Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудлыг тодорхой үндэслэлээр гаргаж тавьсан. Ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэх гэж байна. Ингэхийн тулд бэлтгэл хангаж байна гэдэг нь өөрөө сайдын албан тушаал хаших эрх байхгүй гэсэн үг. Энэ асуудал чуулганаар хэлэлцэгдээд шийдэгдэх байх. Тэгэхээр одоо бүлэг дээр ярилцаад байх шаардлагагүй.
-МАН олонх учраас чуулганаар хэлэлцэх үед сайдаа аваад үлдчих байх даа.
-АН зөвхөн шаардлага тавиад өнгөрөөд байна гэж ойлгож болохгүй. Бидний шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж байгаа юм. Тийм учраас бидний шаардлагыг эрүүл саруулаар хүлээж аваад харилцан ойлголцох нь парламентат ёсны зарчим юм. Энэ асуудал дээр муйхарлаад зүтгээд байхгүй болов уу гэж бодож байна даа.
-Ж.Энхбаяр сайд өнгөрсөн долоо хоногтхийсэн хэвлэлийнхурлын үеэрээ хэлжбайсан. "Хууль зөрчсөн зүйлгүй. Мэргэнбуучдын тусгай ангийг бэлтгэж байсныдагуу л энэ ажлыгүргэлжлүүлсэн" хэмээн тайлбарласан?
-Батлан хамгаалах салбарын гол зорилго нь гадны халдлагаас улс орон, ард түмнээ хамгаалах явдал. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд эрчимтэй оролцож байгаа. Сайн армитай байх ёстой нь үнэн. Гэтэл энэ том хүчнийг дотоодын тайван жагсаал цуглааны эсрэг ашиглахад бэлэн үү гэж асууж байгаа нь буруу. Бид ингэж л хэлээд байгаа байхгүй юу.
Гадаадад үүргээ гүйцэтгэхэд бэлэн байна уу гэж хурал дээрээ асууж болно биз дээ.
Гэтэл тэгэлгүй жагсаж буй хүмүүсийг буудахад бэлэн үү гэж асууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр тусгай ангийн сэтгэл зүйг тэгж бэлтгэнэ гэдэг гол зорилгоосоо хазайчихсан явж байгааг харууллаа. Асуудал үүнд л байна. Түүнээс биш тэр мэргэн буучдын тусгай ангийг татан буулга гэсэн асуудлыг бид тавиагүй, зэвсэгт хүчнээ үл чадваржуул гэсэн зүйлийг ч хэлээгүй. Энэ салбар чинь Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа учир улам сайжруулах ёстой. Батлан хамгаалах яам дотоодын тайван жагсаал цуглааны эсрэг хэрэглэгдэх улс төрийн зэвсэг биш ээ.