“Сүүний гарцаа нэмэгдүүлэх татварын бодлого хэрэгтэй”
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.06.13

“Сүүний гарцаа нэмэгдүүлэх татварын бодлого хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар 100 хоногийн дотор эдийн засгийг идэвхижүүлэхээ зарлаж, холбогдох хууль, тогтоолын төслүүдийг батлуулаад 20 шахам хоног өнгөрлөө. Хаврын чуулган завсарлахаас урьтаж мөн энэ чиглэлийн хуулиуд батлагдана. Эдийн засаг сэргэдэг болов уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл нь өнөөгийн нийгэм эдийн засагт өгсөн дүгнэлт, тавьж байгаа зорилт нь амьдралаас тасархай байсан ч олонхиороо түрээд УИХ-аар батлуулсан. Араас нь дээрх тогтоолын төслийн хүрээнд хийгдэх ажлууд УИХ-д орж ирж байна, харамсалтай нь боловсруулалт маш муу.

Салбарын хуулиуд дээр мэргэжилтнүүдийн дуу хоолойг бага сонссон, судалгаа муутай байна. 100 хоног болдогоороо болоод өнгөрнө. Гол нь дээрх хугацааны дараа валютын ханш буурах уу, ард иргэдийн худалдан авах чадвар дээшлэх үү, бизнес эрхлэгчид ямар дэмжлэг очих юм, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэрхэн сэргэх юм, том агуулгаараа Монголын эдийн засагт өсөлт яаж гарах юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой ч тэр нь харагдахгүй байна. Бодит байдлаа зөв оншилж, зөв гарц гаргахгүй бол эдийн засаг улам хүндэрнэ. Тийм учраас зарим нэг эрс шийдэмгий арга хэмжээг авах ёстой гэж бодож байна.

-Эрс шийдэмгий арга хэмжээний хүрээнд юуг түрүүлж хийх ёстой гэж?

-Гурван зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, нийгмийн ойлголцол зөвшил, итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Энэ нь иргэн хоорондын харилцаанаас эхлээд аж ахуйн нэгжүүд хоорондоо итгэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголын төрд итгэхээс эхлээд улс төрийн намууд бие биендээ итгэх,  төрийн инстицууд хоорондоо ойлголцож, итгэлцдэг болох. Наад захын жишээ татахад, хөрөнгө оруулагч нарт Монгол яаж ч хандаж магадгүй орон болж хувирлаа.

Хөрөнгийг хураагаад авчихаж магадгүй, шоронд хийчихэж магадгүй. Төрийнх нь бодлого, хууль тогтоомж тодорхойгүй гээд маш сөрөг ойлголтыг бий болгочихлоо. Үүнийг засах ёстой. Өөрөөр хэлбэл, итгэлийг нь төрүүлэхүйц эрх зүйн таатай орчныг бий болгох бодитоо нөхцөлөө тавьж өгөх ёстой. Тэгж байж, Монголд хөрөнгө оруулалт орж ирнэ, тэгж байж эдийн засаг идэвхижинэ, ард иргэдийн амьжиргаа дээшилнэ.

Эдийн засаг хүндэрсэн хоёр дахь шалтгааныг би засаглалын хямрал гэж оношлоод байгаа. Гадаад зах зээл Монголд нөлөөлөөд байх хэмжээний биш, 2009, 2010 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед Монгол Улс эдийн өсөлтийг хоёр оронтой тоонд буюу 17 хувьд хүргэж чадсан. Тийм учраас улстөрчдөөс гаралтай, улс төрийн намуудаас гаралтай, улс төрийн буруу шийдвэрээс гаралтай хямралыг зогсоохын тулд засаглал дээр тогтолцооны томоохон шинэчлэлт хийх ёстой юм.

Үүний тулд эхний ээлжинд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах. Гуравдугаарт авах арга хэмжээ нь төсөв, татварын бодлого, мөнгөний бодлого, эдийн засгаа төрөлжүүлж тодорхой болгох явдал юм.

-Та улс төрийн, улстөрчдийн буруу шийдвэрээс болж, эдийн засаг хүндэрсэн гэдэг агуулгатай зүйлийг хэлчихлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад цаг хугацаа их шаардах болов уу. Гол нь түүнээс урьтаад авах арга хэмжээ нь юу гэж харж байна вэ?

-Төсвийн бодлогын хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Үнэндээ төсвөөр “тоглож” байна шүү дээ. Хамгийн сүүлд цахим ертөнцөд шуугиулснаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид туршлага судлах нэрээр Бразил, Куба руу явах шиг боллоо. Ер нь төсвийн зарцуулалт сул, дээр нь хэрэгцээгүй зүйлд их зарцуулж үрэн таран хийж байна.

Тухайлбал, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар улиралд 20 сая төгрөг,  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч сард 800 мянган төгрөгийн цалин авч байна. Юу хийж байгаа юм бэ тэд.

Мөн 1990-ээд оны Монголын хүн амыг өнөөдрийнхтэй харьцуулбал, 400 мянга орчим хүнээр нэмэгдсэн. Тухайн үеийн төсөв, энэ оны төсөв хоёрыг харьцуулбал газар тэнгэр шиг зөрүүтэй. Үе үеийн Ерөнхий сайд нараас Н.Алтанхуягийн танхим түүхэндээ байгаагүй хамгийн их мөнгийг зарцуулж байна. Хамгийн дарамтгүйгээр ажиллах бололцоотой, жилд 6-7 их наяд төгрөгийг зарцуулж байна. Үүнээс гадна төсөвт оруулахгүйгээр мөн хэмжээний мөнгийг зарцуулсан, өнгөрсөн жил.  Гэтэл 10 жилийн өмнөх Ц.Элбэгдоржийн Засгийн газар тухайн үедээ 800 тэрбум төгрөг зарцуулж байсан.

Харин П.Жасрай агсны Засгийн газрын төсөв 240 тэрбум төгрөг байсан. Энэ бол төсөв тэлэхийн хэрээр төр өөрөө тансаг хэрэглээ рүү явж байгааг харуулсан жишээ. Тэгэхээр төрийн захиргааны зардлыг тодорхой босгуудаар хязгаарлах хэрэгтэй. Үүнээс гадна төрийн албыг цомхон, чадварлаг, хамгийн хэмнэлттэй нөхцлөөр ажиллуулах ёстой. Харамсалтай нь, энэ талын ажлыг хийхгүй байна. Хоёр дахь нь, татварын бодлогын реформ хийх цаг нь болсон. Одоогийн МАН 2004-2005 онд Засгийн эрх барьж байхдаа дөрвөн 10-ын бодлого гэж гол татваруудаа 10 хувь болгож бууруулж байсан. Одоо харин далд эдийн засгийг ил болгох хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, татварын шинэчлэлийн бодлогуудаа зэрэг батлах ёстой.

-Татварын бодлогыг зөөлрүүлэх зорилгоор Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгт хүргэх, мөн НӨАТ-ын хоёр хувиа буцаан авах зохицуулалттай татварын хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед аж ахуйн нэгжүүдэд хэр дэмжлэг үзүүлдэг бол?

-Болдог бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 0 болгомоор байгаа юм. Ийм арга хэмжээ авсан нөхцөлд эдийн засгийн шинэ реформ хийгдэнэ. Маш олон аж ахуйн нэгж хоёр тайлантай явж ирсэн түүх бий.

Олон улсад Худалдааны татвар гэж нэрлэдэг НӨАТ-ыг ямар тохиолдолд яаж авах вэ  гэдийг сайн бодох ёстой. Босго гэхээсээ илүү татварыг нь жигд багасгачихвал, төсөвт учирч болзошгүй хүндрэл зэргийг тооцож байгаад НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгочихвол илүү үр дүнтэй. Тэгэхгүй бол 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг хурааж аваад оны сүүлд буцааж 90 хувийг өгнө ч гэдэг юм уу. Эсвэл НӨАТ-ын 10 хувийг буцааж аваад буцаагаад 2 хувийг олгоно гэх нь дахиад төрийн хүнд суртал, төрийн албан хаагчийн орон тоо, хүндрэл бий болгоно. Дээр нь тэгш бус байдал үүсгэнэ.

Дахиад л танил талтай, төрийнхөнд ойр байдаг хэсэг нь өөрсөддөө боломж гаргаад авах нөхцөл үүсэх учраас татварын асуудалд сайн судалгаатай, бизнес эрхлэгчдийнхээ байр суурийг сонсч байж, шийдвэр гаргах ёстой.  Татвар бол баялгийг дахин хуваарилах систем боловч нөгөө талдаа эдийн засгийг эрүүлжүүлдэг үндсэн хэрэгсэл. Энэ утгаараа компаниудаа илүү томруулж сүүний гарцаа нэмэгдүүлэх татварын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлээсэй л гэж бодож байна.

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр валютын ханшийг бууруулах боломжгүй нь өнгөрсөн хугацаанд харагдлаа. УИХ-аас их ч олон хуулиудыг баталсан хэдий ч одоо хэр нь байдал сайжирсангүй, хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс буурсан тухай мэдээллийг холбогдох газрууд өгч байгаа. Сууриа зөв болгох гарц байна уу?

-Тийм ээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг нээх чиглэлд бодитой алхмууд хийх ёстой. Үүний тулд эдийн засгийн суурь салбаруудыг босгож ирэх, түүндээ таарсан төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Өнөөдрийн Монголын эдийн засгийг аваад үзэх юм бол ганц тулгууртай эдийн засаг дээр тогтож байна.

Тэр нь уул уурхай. Хэрвээ Монгол Улс 20, 20 хувиа даадаг, нэгнээс үл хамаардаг дөрвөн суурь салбараа босгож ирэх юм бол аль нэг салбарын бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд буурлаа ч түүнээс хамаарал нь бага, нөгөө салбар нь эдийн засгаа тэтгээд явах боломж бүрдэнэ. Яагаад гэвэл өнөөдрийн эдийн засгийн 60-70 хувь, экспортын 80-90 хувь зөвхөн уул уурхайн салбараас хамаарч байгаа учраас, тэр салбарт үүссэн доргио нь бусад салбараа татаж унагаад байна. Бодит хөрсийг харах юм бол уул уурхайн салбар Монголын тулгуур нэг салбар байна.

Хоёр дахь тулгуур салбараар эрчим хүчний салбарыг байлгаж болно. Дотооддоо хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг орон болох зорилт тавьж, хэрэгцээгээ эхний ээлжинд бүрэн хангаад, хоёрдугаар ээлжинд эрчим хүчийг Зүүн хойд азийн бүс нутагт экспортолдог орон болох зорилт тавих.

-Ийм боломж бий гэж үү?

-Бий, хатуу чулуулгын гаралтай  нүүрсний нөөц, сэргээгдэх эрчим хүчний нөөц манайд хангалттай байгаа. Гол нь энэ хоёрыгоо зөв технологиор зөв хамтын ажиллагаагаар хөгжүүлж чадах юм бол Зүүн хойд азийн эрчим хүчний ханган нийлүүлэгч болно. Ингээд авбал Монголын эдийн засагт хоёр дахь хөл болно.

Гурав дахь нь, хөдөө аж ахуйн гаралтай био технологийн үйлдвэрлэл Монголын гурав дахь хөл байх магадлалтай. Яагаад гэвэл дэлхийн хүн амын хамгийн их өсөлт азид төвлөрч байна. Энэ бол Хятад, Энэтхэг рүү чиглэсэн экологийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний том зах зээл нээгдэж байгаа гэсэн үг. Өдрөөс өдөрт энэ орнуудын эдийн засгийн өсөлт нь иргэдийнх нь амьжиргааны төвшинг дээшлүүлж, үүнийг дагаад экологийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа.

Өмнөх дөрвөн жилд бид эхлүүлж байсан даа, байгалийн гаралтай улаан буудай, махан бүтээгдэхүүнээ Хятад улс руу бага хэмжээгээр экспортолж эхэлж байсан. Энийгээ дагуулсан хөдөө аж ахуйн салбараа эрчимжүүлэх маягаар био технологийн ололт амжилтыг хөгжүүлэх байдлаар дотоодынхоо хэрэгцээг хангах төдийгүй Азийн бүс нутагт цаашлаад дэлхийн зах зээл дээр экологийн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бий. Хуучин арга барилаараа дотоодынхоо хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Нэг хэсэг гурилын хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байснаа өнгөрсөн жилээс чадахгүй унагачихлаа.

Мах, сүү хоёрыг гадаадаас импортолж байна. Нөөц бол манайд бий. Энэ гурван салбар эдийн засгийн хөл болоод босч ирвэл томоохон ложистик тээврийн орон болох магадлалтай. Байршлын хувьд боломж олгож байгаа. Монгол бол дэлхийд далайд гарцгүй ороны тоонд ордог, хоёрхон хөрштэй орон. Нэлээд түгжигдмэл орон, ийм орон дэлхийд цөөн. Энийгээ дагаад дэлхийн худалдааны хөнгөлөлт чөлөөлөлтийг эдэлдэг. Харамсалтай нь, ашиглаж чадахгүй байна. Гэхдээ Монголд Хятад, ОХУ- гэсэн хоёр том зах зээл бий. Энэ хоёр орныг холбосон, манайхаас энэ хоёр орон руу чиглэсэн ложистик тээврийн бизнесийг явуулах боломжтой ч дан ганц манай талаас хамаарахгүй хөрш орнуудын бодлогоос нэлээд хамаарах учраас дөрөвт оруулж байгаа юм.

Ийм дөрвөн хөл тавьж чадвал цаашдаа мэдлэгт суурилсан, цөөн хүн амтай орны хөгжлийн загвар болоод байгаа илүү оюунлаг тэр зах зээлийг дагаад хөгжих боломжтой. Шууд бид тэр зах зээл рүү гарна гэвэл өнөөдөр техник технологийн хувьд ч, боловсон хүчний нөөцийн бэлтгэлжилтийн хувьд ч, олон улсад танигдаж байгаа нэр хүнд, байр сууриараа одоо хөл тавихад хүндрэлтэй. Алсдаа бол тэр зах зээлд гарах байр сууриа засч шинжлэх ухааны төвүүд, бие даасан технологи, ноу хау үйлдвэрлэдэг болох энэ чиглэл рүү явах зүйтэй.

Хямрал бол нөгөө талдаа боломж гэж ярьдаг, тийм учраас энэ үед эдийн засгаа солонгоруулъя, эдийн засгийн суурь бүтцүүдээ янзалъя гэж байгаа дээрээ эдгээр зүйлүүдээ хийгээсэй гэж харж байна.