Нэг хувийн татвар хүнд суртал, шат дамжлага үүсгэхгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар
2014.06.19

Нэг хувийн татвар хүнд суртал, шат дамжлага үүсгэхгүй

         УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий гишүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барихаар болсноо мэдээллээ.

Энэ нь уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид оногдуулах татварын хэмжээг НЭГ хувь болгон өөрчлөх буюу 90 хувиар хөнгөлөх агуулга бүхий хуулийн төсөл юм.

МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьж буй энэхүү хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн бариад энэ долоо хоногт парламентын хэлэлцүүлгийн шатанд эргүүлэн татсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс зарчмын хувьд нэлээд ялгаатай юм.

Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл нь дээр дурдсан салбаруудаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн улсад төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох агуулгатай байсан.

Гэвч энэ хуулийн төсөл батлагдвал хүнд суртал, шат дамжлагыг ихэсгэх хөшүүрэг болно гэж гишүүд үзсэн учраас Засгийн газар хуулийн төслөө татан авсан юм.

Харин аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг нь буцаан авахын тулд олон шат дамжлага туулахын оронд шууд нэг хувийн татвар төлөх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа юм.

НЭГ хувийн татвар нь аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, ажлыг нь хөнгөвчлөх чухал ач холбогдолтой юм.

Нөгөө талаас энэхүү хуулийн төсөл нь эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, баялаг бүтээгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх, нийгмийн дундаж давхарга буюу хувийн хэвшилд хувийн жингээрээ дийлэнх хувийг эзэлж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын ачааллыг бууруулах, түүнийг тайлагнах, журмыг хөнгөвчлөх, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой юм байна.

Ингэснээр бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

2012 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгж нийт 78748 байна.

1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нийт борлуулалтын орлогын 13-15 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн 3 хүрэхгүй хувь нь нийт борлуулалтын орлогын 85-87 хувийг бүрдүүлдэг юм байна.

            Хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын ил тод нээлттэй байдал хангагдах, татварын байгууллагын ачаалал, захиргааны зардал багасах, төр бизнесийн байгууллагуудын харилцан итгэлцлийг бий болгож, шат дамжлагыг багасгаж, уялдаа холбоо нь сайжирна.

Түүнчлэн татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж, төрд итгэх итгэл сайжирч, татвараа шударгаар төлөх сонирхол ихсэхээс гадна улсын болон орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ өсөх зэрэг олон давуу тал бий болно гэж МАН-ын бүлэг үзжээ. Мөн энэ оны төсөвт ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй байхаар хуулийн хэрэгжилтийг ирэх жилээс буюу 2015 оноос хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.