ҮИХ-ын дарга Ж.Чичек “ТИКА”-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй авто замын нээлтэд оролцов
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Түрк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Тоньюкукийн гэрэлт хөшөөний бичээсийг үзэж сонирхон уг газар баригдаж байгаа 11 километр авто замын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
1994 онд байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах төсөл нь Боловсрол, шинжлэх ухааны яам болон “ТИКА”-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Төслийн гол зорилго нь уг гэрэлт хөшөөнүүдийг хамгаалалтанд авч, музейн зориулалт бүхий байшинд шилжүүлэн байрлуулах, хуулбар эхийг жинхэнэ эхийн оронд тавьж суурлиулах, онгон байршсан дурсгалт газрын орчны тохижилтыг хийж, зориулалтын нээлттэй үзмэр болгох явдал юм.
Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн захаас гэрэлт хөшөө хүртэлх 11 км авто замын ажлыг “ТИКА”-ийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд эхлүүлсэн байна.
Замын ажил одоо 30 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны 9-р сар гэхэд ашиглалтанд орох юм байна.
Бүгд Найрамдах Түрк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, миний бие олон арга хэмжээг нээж үг хэлж байсан.
Гэсэн ч энэ удаагийн нээлтийн ажиллагаа маш их сэтгэлд дотно, сайхан үйл явдал болж байна. Учир нь бид бүгд өвөг дээдсээрээ холбогдсон ахан дүүсийн найрамдалт харилцаатайн зэрэгцээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбоотой юм.
Олон оронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг “ТИКА” байгууллага энэ төслийг хэрэгжүүлж байна. Энэ бол бидний Монгол Улсад оруулж буй нэгэн хөрөнгө оруулалт юм.
Замын ажил хугацаандаа ашиглалтанд орж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлье гэлээ.
Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг, Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.