А.Бакей: Аялал жуулчлал, соёл, боловсролын хяналтыг хүчингүй болгоно
-Монгол хэлний үг эрээвэр, хураавар байдалтай болчихлоо-
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай Монгол хэлний болон Хяналтын тухай хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэлтүүд тусгасан талаар ярилцлаа.
-Яриагаа таны Л.Гантөмөр нарын гишүүдтэй хамтран санаачилсан Монгол хэлний тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар эхэлье гэж бодож байна. Тэгэхээр монгол хэл болон казах хэлний дархлаа өнөөдөр ямар байна вэ?
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт миний бие Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачилж, одоогоор анхны хэлэлцүүлэгтээ явж байна. Энэ долоо хоногт ажлын хэсэг гарах юм. Гэвч мэдээллийн технологийн асар хурдтай хөгжлийн энэ эрин зуунд хэлний хэрэглээнд анхаарах цаг иржээ.
Монгол хэлийг жирийн иргэдээс өндөр албан тушаалтан хүртэл янз бүрээр бичиж, ярьж хэрэглэж буй нь зарим талаараа монгол хэлний дархлааг сулруулж байна. Ажлын хэсэг ч гэсэн нэлээд нухацтай ажиллах байх. Уг хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь бараг тодорхой.
Аливаа үндэстэн, угсаатны хэл хөгжил, доройтлын дунд явдаг. Зарим хэл дархлаа бий болгон хөгжиж байхад зарим нь цаг үеийн шалгуурыг давахгүй уусаж, устаж байдаг. Энэ нь хэлний нэг ёсны зүй тогтол юм байна. Түүнчлэн тухайн хэл улс орны оршин тогтнох нэг том үндэс гэж үздэг. Тийм учраас хэл, хил, түүх гурвыг тусгаар тогтнолын илэрхийлэл ч гэдэг юм билээ.
Монгол хэлний хувьд өнгөрсөн хугацаанд хөгжих нь хөгжсөн. Гэвч мэдээллийн технологийн асар хурдтай хөгжлийн энэ эрин зуунд хэлний хэрэглээнд анхаарах цаг иржээ. Монгол хэлийг жирийн иргэдээс өндөр албан тушаалтан хүртэл янз бүрээр бичиж, ярьж хэрэглэж буй нь зарим талаараа монгол хэлний дархлааг сулруулж байна.
Тухайлбал, хот суурин газарт гэхэд хаяг, самбар харьшсан, нэг үгийг зөв, буруу олон янзаар бичиж, монгол хэлний үг гадаад хэлтэй холилдсон эрээвэр, хураавар байдалтай болчихлоо. Тэр ч үүднээс монгол хэлний хэрэглээг төрийн албан болон жирийн ярианы хэлэнд хэрхэн хэрэглэж, хэвшил болгох вэ гэдэгт зохицуулалт тавих үүднээс энэ хуулийн төслийг санаачиллаа. Нутгийн аялгуунууд давтагдашгүй шинж чанараа алдаж байна
-Нөгөөтэйгүүр монгол хэлний зарим аялгуу /нутгийн/ халх хэлэнд уусах, адилших байдал сүүлийн үед эрчимтэй бий болж байна. Энэ уусаж, мөхөх тийшээ орж буй аялгууг хэрхэн хамгаалах вэ?
Даяаршил гэдэг нэг талаараа маш давуу талтай. Тухайн улс, түүний ард түмэнд соёл, технологи ашиглах боломж авчирдаг. Жишээлбэл, дэлхийн хаа нэг өнцөгт шинээр бий болж байгаа дэвшилтэт технологи зөвхөн зохиогчийн биш хүн төрөлхтөний өмч болдог учиртай. Энэ үүднээс даяаршил нь эерэг нөлөөтэй. Гэвч сөрөг, сүүдэртэй тал ч бий. Аюул нь тухайн үндэстний соёл, хэл уусан бүдгэрэх явдал.
Манай нутгийн олон аялгуу даяаршлын шуурганд нэрвэгдэж, давтагдашгүй шинж чанараа алдаж байна. Түүнээс гадна Монгол Улсын цөөнх иргэд, Алтай хэлний язгуур нэгт казах, тува мөн урианхай, дөрвөд, буриад гээд энэ үндэстэн угсаатнуудын хэл аялгууг төрөлх шинжээр хадгалах нь үндсэн хуулийн гол заалтад хамаарна /8.2/.
Цаашдаа хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хэлний хамгааллын зүйл, заалтыг илүү нарийвчилж тусгана. Угсаатны хэл, соёлыг хамгаалахтай холбоотой Хэлний зарчим гэдгийг оруулсан.
Энэ зарчимд хэлний хамгааллын талаар заалт бий. Ер нь цаашдаа хэлний, боловсролын хүрээлэнгүүд манай хэл аялгууны хөгжлийг тухай бүрт нь судлаад явах хэрэгтэй. Ингэж байж төрөөс илүү сайн бодлого гаргана.
Бидний санаачилсан хууль бол ерөнхий суурь, рам нь. Журам, баримтлах бодлогуудаар илүү нарийвчлагдах ёстой. Крил бичгийг цаашид хэрэглэх нь зүйтэй.
Аливаа бичиг үсгийг ойр ойрхон өөрчлөөд байхаар олон жилийн турш хуримтлагдсан үнэ цэнэтэй мэдээлэл, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигддөг, бичиг үсгийг өөрчлөхийн тулд маш их зардал гардаг.
-Хуулийн төсөлтэй холбоотой санал хэр ирж байна вэ?
-Санал нэлээд ирж байгаа. УИХ-ын гишүүд, хөдөө орон нутаг, мэргэжилтнүүдээс санал ирсээр байна. Жишээлбэл, Монгол Улс крил, латин, монгол бичгийн алинаар нь явах вэ гэдэг асуудал илүү хөндөгдөж буй.
Бичиг нь боловсрол олгох тогтолцооны хамгийн том тулгуур хүчин зүйл байдаг аж. Гэтэл аливаа бичиг үсгийг ойр ойрхон өөрчлөөд байхаар олон жилийн турш хуримтлагдсан үнэ цэнэтэй мэдээлэл, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигддөг, бичиг үсгийг өөрчлөхийн тулд маш их зардал гардаг гээд энэ бүхнийг сайтар авч үзэх нь чухал болж байгаа юм.
Миний бодлоор крилл бичгийг цаашдаа хэрэглэх нь зүйтэй. Харин монгол бичгийн хувьд эртний түүхэн уг сурвалжийг судлах, залуу үедээ өвлүүлэх, хэрэглээг нь бий болгохын тулд албадлагын шинжээр биш эдийн засгийн хөшүүргээр дэмжиж явах нь зүйтэй гэсэн санал гишүүдийн зүгээс гарч байна.
Мөн латин үсгийг гэхэд мэдээллийн технологийн салбарт ашиглах талаар журам гаргаж болох юм.
-Компаниуд монгол хэлний зөвлөхтэй болох тухай яриа гарч байсан. Ийм зүйл, заалт орсон уу?
-Компаниуд, төрийн байгууллагууд ч гэсэн алдаатай бичиж байна. Албаны ч хувийн ч бай зөв бичих соёлыг хэвшүүлэх тал дээр аль аль нь илүү анхаарах цаг болсон.
Компаниуд монгол хэлний зөвлөхтэй болох тухай ямар нэгэн заалт ороогүй. Хэлэлцүүлгийн шатанд ийм санал ирвэл тусгаж болно. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналт бүх зүйлийг хянах гэж оролдсон
-Та нэр бүхий гишүүдийн хамт Хяналтын тухай хуулийн төслийг санаачилсан. Өмнө нь энэ төсөл буцаад дахин орж ирсэн. Хуулийн төсөлд мэргэжлийн хяналтыг тухайн салбарын яамдад нь харъяалуулахаар заасанд олон нийт янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Хэрэв энэ заалт хүчин төгөлдөр болвол магадгүй зарлага ихсэх гээд сөрөг хандлага гарахгүй юу?
-Өнгөрсөн 2003 оноос төвлөрсөн мэргэжлийн хяналтын тогтолцоонд шилжсэн. Энэ хяналтын тогтолцоо үйлчлээд 10 гаруй жил болоход үйлчлэл нь төдийлөн сайн болсонгүй.
Тус байгууллагын гол зорилго нь хуулийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж, олон нийтэд сахиулах замаар нийгмийн сайн сайхан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ёстой.
Гэтэл өнгөрсөн хугацаанд төвлөрсөн мэргэжлийн хяналтын байгууллага бүх зүйлийг хянах гэж оролдсон. Тоон мэдээнд улсын хэмжээнд нийт аж ахуй нэгжийн 76 хувийг ямар нэгэн хэмжээгээр хянадаг юм байна. Энэ нь эргээд цаг, зав, хөрөнгө мөнгө зарцуулсан нүсэр ажил болж хувирдаг.
Ингэж хянасны үр дүн гарсан уу гэвэл үгүй. Хэрэв хяналт сайн байсан бол өнөөдөр өдөр болгон гарч буй зам, барилгын осол бага давтамжтай байх байлаа. Тиймээс Хяналтын тухай хуулийн төсөлд энэ байгууллага бүх зүйлийг хянах гэхээс илүүтэйгээр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, туслалцаа үзүүлэх байдлыг нь илүү гаргаж өгнө. Бүтэц, зохион байгуулалтыг нь энэ байдлаар өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан.
Сөрөг хүчний зүгээс “Олон толгойтой хяналтын тогтолцоо бүрдэх гэж байна” хэмээн шүүмжилж буй. Тийм биш. Яагаад гэвэл хүний болоод нийтийн аюулгүй байдалд нөлөөлж болохуйц онцгой салбарт хяналт тавьж болно. Тухайлбал, хүнсний, байгаль орчны, хөдөлмөрийн аюулгүй байдалд нэгдсэн хяналт тавих байгууллага байна.
Гаалиар орж, гарч буй машинд гэхэд гаалийн, мэргэжлийн хяналтын гээд таван чиглэлээр олон давхар хяналт тавьдаг.
Энэ нь бизнес эрхлэгчид, иргэдэд бөөн дарамт учруулдаг.
-Энэ байгууллага яамдад харъяалагдахгүй, тусдаа гэсэн үг үү?
-Улс, аймаг, сумын түвшинд тусдаа бие даасан байх юм. Мөн галын, цацраг идэвхит бодис, уул уурхайн хаалт гээд онцгой газруудын аюулгүй байдлыг хариуцсан байгууллагууд өөрсдөө хянаад явах боломжтой.
Мэргэжлийн хяналтаар давхар хянуулаад байх хэрэггүй. Түүнчлэн эдийн засгийн аюулгүй байдал байна. Татвар, гааль гээд эдгээр салбаруудад тусгай мэргэжлийн байгууллагууд өнөөдөр ажиллаж буй. Тухайн байгууллагад мэргэжлийн хяналтын байцаагч, ажилтнууд нь харъяалагдаад явна.
Гаалиар орж, гарч буй машинд гэхэд гаалийн, мэргэжлийн хяналтын гээд таван чиглэлээр олон давхар хяналт тавьдаг. Энэ нь бизнес эрхлэгчид, иргэдэд бөөн дарамт учруулдаг. Үүнээс гадна гаалийн лабратори байж байхад давхар мэргэжлийн хяналтынх бас байдаг. Энэ мэт олон хяналт, шалгалтыг цөөлж, бизнес эрхлэгчдээ дарамтаас салгах зорилготой юм.
Мөн соёл, аялал жуулчлал, спорт, боловсролын салбарын хяналтыг хүчингүй болгоод үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд хяналт тавиад явах боломжтой гэж үзэж байна. Аттестатчилал гэхэд нэг төрлийн хяналт юм. Сургуульд магадлан итгэмжлэл гэж бий. Ингэснээр давхардсан хяналт, дарамтыг арилгаж буй хуулийн төсөл болсон.
-УИХ-ын зарим гишүүд “Мэргэжлийн хяналтыг яамдад нь харъяалуулснаар орон тоо нэмэгдэж, эдийн засагт чирэгдэл учруулна, мөн олон хүнийг ажлаас халах байдал бий болно” гэж шүүмжилж буй?
-Ямар нэг ажил хийх гэхээр улс төрийн үүднээс мушгиж тайлбарладаг буруу тогтолцоо манайд байдаг шүү дээ. Мэргэжлийн хяналтыг татан буулгахгүй. Харъяаллын хувьд л дээрх байдлаар байх юм.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2000 гаруй төрийн албан хаагч мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байна. Орон тоо нэмэгдэхгүй. Харин ч мэргэжлийн чадварлаг баг ажиллах боломж бүрдэх учиртай. Хууль батлагдсаны дараа журмаар илүү сайжирна.
-Ер нь нэг аж ахуй нэгжид одоо оногдож байгаа хяналт, шалгалт хэдэн хувиар буурах боломжтой вэ?
-Хяналтын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн, хил дээрх үзлэг шалгалт гэсэн дөрвөн ангилал байдаг. Үүнээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтыг 80/20-ын харьцаатай байна гэж заасан. Төлөвлөгөөт бус хяналтыг хамаагүй хавтгайруулж хийж болохгүй гэсэн санаа.
Гэхдээ хүний амь нас, томоохон хэмжээний хохирол гарсан үед удирдамжтай хийнэ. Харин төлөвлөгөөт шалгалтыг дотор нь эрсдэлд суурилсан обьектод нэг шалгалт 30 хоногоос хэтэрч болохгүй гэж хугацааг нь хязгаарлаж өгсөн.