Д.Ганхуяг: Монголын нийт нутаг дэвсгэрийн 15 хувьд хайгуул хийгдэнэ
Уул уурхайн сайд Д. Ганхуяг
2014.07.07

Д.Ганхуяг: Монголын нийт нутаг дэвсгэрийн 15 хувьд хайгуул хийгдэнэ

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-Хаврын чуулганы төгсгөлд Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталлаа. Хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Уг хуулийн шинэчилсэн найруулгыг бүтэн жилийн турш УИХ хэлэлцэн баталлаа. Дүгнэлтийг хэлэхэд боломжийн, ойлгомжтой хууль болсон гэж болох байх.

Бидний ярьдгаар түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тос буюу занарын хоёр төрөл, байгалийн метан хий гээд олон төрлийн баялгийн харилцааг зохицуулах хууль гарлаа.

Энэ бүх баялгийн нөөц манай улсад бий. Ер нь газрын тосны салбар боломжийн хөгжиж байгаа. Ойрын хугацаанд дахин нэг Эрдэнэт, нэг Оюу толгойтой болох боломж байна.

-Монголд 17 компани 22 төрөлд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Монголын хөрөнгө оруулалттай хэдэн компани байгаа вэ. Иргэдийн ярьдагчлан “Петро чайна дачин тамсаг” компани л ганцаараа олборлоод байна уу?

 -Сулин хээр гэж ярьдаг, дээр үед олборлолт явуулж байсан нэг талбай бий. Харин Дорнод аймагт буюу “Петро чайна дачин тамсаг” компанийн эзэмшиж байгаа талбай хамгийн том нь.

Нийт неөц нь 180 орчим сая тонн.

Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 20 орчим сая тонн гэсэн судалгаа бий. Эндээс олборлосон бүтээгдэхүүнээ экспортолж байна. Бусад бүтээгдэхүүн хуваах гэрээний тухайд хайгуулын ажил явагдаж байна.

Энэ салбарт нийт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ялгаж хэлбэл 35 орчим хувь нь үндэсний компаниудтай хамтарсан хэлбэрээр ажиллаж байгаа. Мөн 35 орчим хувь нь урд хөршийн хөрөнгө оруулалттай бол үлдсэн нь гуравдагч хөрш гэж нэрлэгддэг орнуудын хөрөнгө оруулалттай.

-Газрын тосны тухай хуулийг хэлэлцэх явцад алдаа гарсан гэдэг зүйлийг ярьж байгаа. Жишээлбэл, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд төсвийн байнгын хороогоор оруулаагүй гэх шүүмжлэл гарсан. Бас Үндсэн хуулийн Цэцэд хандана гэх нь ч байна?

-Хуулийг дэгийнхээ дагуу ярьсан. Бүтэн жилийн турш ярилцаж, хэлэлцлээ. Ийм нөхцөл байдалтай байсныг өөрөөр тайлбарлах нь хувь хүмүүсийн баримталж байгаа байр суурь байх.

Дагаж гарч байгаа хуулиудыг Эдийн засгийн байнгын хороогоор оруулж хэлэлцсэн. Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай нэг хууль байсан ч гол заалтыг нь ажлын хэсэг хассан учраас асуудалгүй гэж үзсэн тал бий.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээг зохицуулах заалт маргаантай гэж яригдаж байгаа. Жишээ нь Монголын талын эзэмших хувь хэмжээний тухай?
-Монголын тал бага хувь авах буюу 24 хувийг эзэмшдэг тухай байнга ярьдаг.

Энэ нь “Петро чайна дачин тамсаг”- ийн буюу манай нөөцийн 80 хувийг агуулж буй 19 дүгээр талбайтай холбоотой асуудал.

1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж байсан.

Тэр үед Америкийн “Соко ойл" компанитай гэрээг үзэглэсэн түүхтэй. Тэр компаниас эргүүлэн худалдаж авсан асуудал байгаа. Худалдаж авахад зардал гарна гэх мэтээр асуудал бий. Яригдаад байгаа 24 хувийг бага биш гэж хэлмээр байна.

Зардлаа хасаад ашиг хуваадаг. Ашиг хуваах гэж байгаа хоёр тал тохиролцоод гаргасан зардлыг нөгөө талдаа оруулаад тооцчихоор ийм хувь гарах нь ойлгомжтой юм. Зардлаа хасаад 40:60 хувиар хуваах гэрээтэй байгаа. Нэг зүйлийг тодруулахад роялтийн татвар 5-10 хувийг эзэн орон нь авдаг учиртай энэ  нь нээлттэй.

-Өнгөрсөн хугацаанд “Петро чайна дачин тамсаг” -аас роялтийн татвар авалгүй ирсэн ч энэ хуулиар авахаар болж байх жишээтэй. Талууд асуудал дээр тохиролцоонд хүрсэн үү?

-Яг энэ асуудлаар гэрээ хэлэлцээр явагдсаар ирсэн. Мэдээж харилцан ярьж тохирохгүй бол явахгүй. Гэхдээ зарчим нь хаана ч, ямар ч нөхцөлд өгдөг татварыг эзэн оронд нь өгөх ёстой гэж үзэж байгаа.

“Петро чайна дачин тамсаг”-ийн хувьд гурав, дөрвөн жилийн дараа зардлаа нөхөх байх. Зардлаа нөхсөн тохиолдолд харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг. Зардалд нь Аудит хийдэг юм байна. Асуудал нээлттэй явагдаж байгаа.

-Хууль нь гарлаа. Тэгвэл Монгол Улс хэзээ газрын тосыг дотооддоо боловсруулж шатахууны хэрэгцээгээ хангадаг болох вэ?

-“Дархан газрын тос” үйлдвэрийн тухай бид баахан ярьсан. Нөхцөл нь ОХУ- аас үйлдвэрийнхээ түүхий эдийг авах заалттай. ТЭЗҮ, ажлын зураг сэлтийг хийж өнгөрсөн хоёр жилийг үдлээ. Ажил явж байх энэ нөхцөлд манай олборлолтын хэмжээ нэмэгдсэн юм.

Тиймд манай холбогдох дээд байгууллага Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өөрийн түүхий эдээ түшиглэн үйлдвэрээ барья гэсэн шийдийг гаргасан. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн ТЭЗҮ бусад материалыг бүрэн ашиглах боломжтой.

Хууль батлагдсанаар өөрийн оронд олборлосон газрын тосыг тэргүүн эгнээнд зах зээлийн ханшаар үйлдвэртээ авах боломж бүрдэж байгаа. Газрын тос нь хоёр төрөл. Нэг нь хөрөнгө оруулалт талд оногдох газрын тос нөгөө нь Засгийн газарт оногдох газрын тос гэж яригдана.

Засгийн газарт оногдох газрын тосыг барьсан үйлдвэртээ өгөх нь зөв. Гэхдээ аль ч нөхцөлд зах зээлийн үнээр өгөх нь хаана хаанаа ашигтай. Эдийн засгийн хөгжлийн болоод Зам, тээврийн сайд, манай яамны Төрийн нарийн бичгийн дарга болон албаны бусад хүмүүс наадмын өмнө Хятад руу явна.

“Петро чайна дачин тамсаг’’-ийн удирдлагуудтай уулзалт хийх юм. Монгол, Хятад, гуравдагч хөрш гэсэн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэр барих гэрээ хэлцлийг зөвшилцөх юм. Цаасны ажил бэлэн болчихсон. Нийт ажлын 50 орчим хувь нь бичиг баримт буюу цаасны ажил байдаг шүү дээ.

-Д.Ганхуяг сайдын үед лиценз олголтыг дахин сэргээлээ, стратегийн ордгүй болох нь гэсэн яриа бий. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр Монголын эдийн засаг хэрхэн сэргэх юм. Үнэхээр лиценз олгогдож эхлэх үү?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг хязгаарласан байсныг цуцлах гээд бэлтгэл хангагдаж өгөхгүй байсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрөөс зөвшөөрсөн газарт буюу эмх замбараагүй олгохгүй байхаар тусгасан.

Тодруулбал, Урт нэртэй хуулийн хамрах хүрээнд, тусгай хамгаалалттай газар нутаг, тусгай хэрэгцээний газар нутагт олгохгүй гэсэн үг. Нийт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 7.6 хувьд байгаа. Өмнө нь 47 хувьд хүрсэн байсныг бид бүгдээрээ мэднэ.

Шинээр хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт газар нутгийн 15 орчим хувьд дэс дараатайгаар олгоно. Өмнөх замбараагүй олголт байхгүй болсон. Эдийн засгийн үүднээс нь үзвэл геологи хайгуулын салбарт хамгийн өндөр үзүүлэлтээрээ 300-400 сая ам.доллар орж байсан юм билээ.

2013 онд бараг байхгүй болсон. Тийм учраас шинэ хуулиар хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийгдэнэ. Бас нэг эерэг зүйл нь улс орны баялгийн нөөц нэмэгдэх тусам олон улсад эзлэх байр суурь, хөрөнгө оруулалтын баталгаа дээшилж байдаг.

Мөн хөрөнгө оруулалтыг ихээр татах боломж бий. Бидний хүлээлтээр 15 хувьд хайгуул хийлгэхэд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр харагдаж байна.

-Эдийн засгийн хүндрэлийг далимдуулж лиценз олголтыг сэргээлээ. Эдийн засаг дээшлэхээр буцаагаад зогсоочих юм биш биз. Хөрөнгө оруулагч компаниуд хохирол амсах магадлалтай гэсэн болгоомжлол бий?

-Төрөөс аж ахуйн нэгжүүдэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тусгай зөвшөөрөл олголоо. Компани нь үйл ажиллагаа явуулж байтал 2010 оны Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тогтоол шиг хүчингүй болговол дахиад хэн ч орж ирэхгүй нь ойлгомжтой.