Санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.
2014.07.17

Австри улстай эрүүл мэндийн хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ

Монгол, Австрийн Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Гэвч Санхүүгийн хэлэлцээрийн хүчинтэй хугацаа энэ сард дуусгавар болж байгаа тул дээрх төслүүдийн гүйцэтгэгчийг сонгоход хугацаа шахагдаж, бэрхшээл үүсчээ.

Иймд нийт 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ажлыг түргэтгэхийн тулд Засгийн газар болон төслийн гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах талаар чиглэл авахаар Эрүүл мэндийн яам Засгийн газрын хуралдаанд асуудал оруулжээ.

Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд "Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл", "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл", "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь" зэрэг таван төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Австри улсын "Вамед инженеринг" компанийг сонгон ажиллуулж, Санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.

2010, 2013 онуудад хуралдсан Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протокол, протоколыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд дээрх төслүүдийг Австрийн "Вамед инжинеринг" компаниар гүйцэтгүүлэх саналыг судлахыг ЭМЯ-нд даалгасан байдаг. Түүнчлэн БНАУ-ын Юникредит банкнаас тус улсын "Вамед инжинеринг" компанид экспортын зээл олгохоор шийдвэрлэсэн албан мэдэгдэл ирүүлээд байгаа юм.