“Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай” гэж гишүүд үзлээ
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байгаа билээ.
Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм.
А.Бакей: Тойрогтоо ажиллаад ирлээ
-Баяр наадмын амралтын өдрүүдээр өөрийн сонгогдсон тойрогтоо очиж ажиллаад ирлээ. Энэ хугацаанд иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцлаа.
Асуудлуудыг нь шийдвэрлэхээр холбогд байгуулагуудтай нь ха тарч ажиллана. Мөн энэ наймдугаар сарын 9,10-нд Казак ард түмний урлагийн их наадам болох гэж байгаа.
Энэ үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хийгээд зав муутай байна.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Энэ үед ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага байна гэж та харж байна уу?
-Шаардлагатай. Хоёр хөршийн төрийн тэргүүн айлчлах гэж байгаа энэ үед хуралдаж төсвийн тодотголоо хийх зайлшгүй шаардлагатай. Түүнээс гадна БНХАУ-ын дарга Си Зиньпины айлчлалтай холбогдуулан ёслолын чуулган хуралдаж магадгүй.
С.Одонтуяа: Төв аймагт эмчлүүлж байна
-Би Төв аймагт рашаан сувилалд хэвтэнгээ эмчлүүлж байна. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотноо наадсан. Түүний дараа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзлаа. Өнгөрсөн тавдугаар сард тойргийнхоо бүх хороог тойрч, сонгогчидтойгоо уулзсан учир сая цөөн тооны хүмүүстэй уулзлаа.
Ц.Даваасүрэн: Чуулган хуралдах тодорхой шалтгаан алга
-Тойрогтоо ажиллаж байгаад саяхан ирлээ. Иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүний өсөлтийн талаар нэлээдгүй шүүмжлэлтэй саналыг хэлж байна. Засгийн газраас “Эзэн 100” хөтөлбөрийг зарласан. Энэ хөтөлбөрийн үр дүнг харах шаардлагатай байх. Түүний дараагаар ээлжит бус чуулганы талаар ярилцаж эхлэх болов уу гэж бодож байна.