Н.Алгаа: Дотоодын төмөр замаа шийдээгүй байж дамжин өнгөрөх транзит тээвэр гэж яриад байх юм
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.08.21

Н.Алгаа: Дотоодын төмөр замаа шийдээгүй байж дамжин өнгөрөх транзит тээвэр гэж яриад байх юм

Уул уурхайн үндэсний асоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Оны эхний долоон сарын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний  экспорт багагүй өссөн байна. Гэхдээ уул уурхайн салбарын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ уналттай хэвээр байна. Ер нь манай дотоодын аж ахуйн нэгжүүд нэг тонн нүүрсээ хэчнээн ам.доллараар борлуулж байна вэ?

-Нэг тонныг 35 ам.доллараар өгч чадахгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр 35- аар нийлүүлж байгаа гэж ярьдаг. Бодит байдал дээр 35-аас доогуур үнээр зарж байгаа.

-Дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 100 гаруй ам.доллар байгаа биз дээ?

-Хятадын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 100 орчим ам.долларт арайхийж л хүрч байгаа. Ер нь манайхан  Хятадын нүүрсний үнийг л дэлхийн зах зээлийн үнэ гэж ярьдаг. Нүүрсний зах зээлд хоёр газар л үнэ тогтоодог. Номхон далай эрэг, Атлантын далай эрэг дээр.

Тодруулбал, Атлантын далайн эрэг дээр Европ руу нийлүүлдэг орнуудын нүүрс төвлөрдөг, Номхон далайн эрэг дээр Япон, Солонгос, Хятад руу нийлүүлүүлдэг нүүрс байна.

Энэ хоёр боомт дээр гол нийлүүлэлт хийдэг учраас боомтын цэгт л үнэ тогтоодог. Боомтын үнийн хэлцлийг олон улсын буюу дэлхийн зах зээлийн жишиг үнэ гэж үздэг. Тэгэхээр манай улс Номхон далай эрэг дээр нүүрсээ хүргэж л дэлхийн жишиг үнэд дөхнө гэсэн үг.

Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зардал өнөөдөр 50-60 ам.доллар байгаа.

Тэр дундах тээврийн зардлыг нь тооцож манай нүүрсийг урд хөршүүд худалдан авч байна. Тээврийн зардлаа хасаж зах зээлийн үнээр уурхайн ам болон хил дээрээс нь худалдан авдаг гэж тайлбарладаг. Өнөөдөр урд хөршийн компаниудын худалдан авч байгаа үнийг Номхон далайн эрэг дээрх үнэтэй харьцуулах нь өрөөсгөл. Харьцуулж болно л доо.

Гэхдээ үүнээс өмнө Номхон далайн эрэг дээр нүүрсээ хүргэж чаддаг л байх ёстой. Өөрөөр хэлбэл, Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэх ложистикийн асуудлаа шийдээгүй учраас Монгол-Хятад, Монгол- Оросын хил дээрх нүүрсний үнэ гэж бий болсон. Үүнийг олон улсад хилийн үнэ гэж нэрлэдэг.

Манайх далайд гарцгүй учраас боомтын үнэ гэж байхгүй, хилийн үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тиймээс нүүрсний өрсөлдөх чадвараа дээшлүүлж, бүтээгдэхүүнээ далайн боомт хүртэл тээвэрлэж хүргэх ёстой.

-Манайх нүүрсний жишиг үнийг олон улсын боомтын үнээр тооцсон юм биш үү. Төсөвт нэг тонн нүүрсийг 120 ам.доллар гэж тооцсон ч тэр үнээр нүүрсээ нийлүүлж чадахгүй байгаа шүү дээ?

-Тийм ээ. Уг нь арванхоёрдугаар сар хүртэл гэрээний үнээр явна гэсэн тогтоол гарсан. Хятадын компаниудын манай нүүрсийг худалдан авах үнээр л тохирно гэсэн үг.

Худалдах худалдан авах талууд үнийн гэрээгээ хийж Гаалийн ерөнхий газарт бүртгүүлж, түүний дараа гэрээг нь үндэслэн татвар авдаг. Уурхайн аман дээрээс нийлүүлж байгаа, хил дээр нийлүүлж байгаагаараа гэрээний үнэ өөр байгаа. Уурхайн аман дээрээс “Эрдэнэс-Тавантолгой" нүүрсээ нийлүүлж байгаа.

Хил хүртэлх тээврийн зардлаа хасч л үнийн гэрээ хийсэн байгаа. 20- 30 ам.доллараар зарж байгаа болов уу.

Бусад нь хилтэй ойрхон учраас хилийн үнээр нүүрсээ нийлүүлж байгаа. Энэ нь уурхайн амнаасаа 10 орчим ам.доллараар илүү.

Компаниуд хоорондоо ялгаатай үнээр гаргаж байгаа учраас дэлхийн зах зээлийн үнэтэй зүйрлүүлж ярих ямар ч боломжгүй. Чанартай нүүрсээ хэн аль хүртэл тээвэрлэж, хэнд худалдаж байна гэдгээр л татвар төлөгдөх ёстой. Гэтэл олон улсын боомтын үнээр жишиг үнэ тогтоож байна шүү дээ.

-Энэ жил нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн ч үнийн хувьд унасаар байгаа учраас манай дотоодын компаниуд хүндхэн байдалд байна. Цаашид нүүрсний зах зээл сэргэх хандлага байна уу?

-БНХАУ-ын дарга Си Жинпинийн айлчлалаас нүүрсний зах зээл, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлөх гэрээ хэлэлцээр хийгдэх байх гэсэн хүлээлт байна. Хоёр тал харилцан ашигтай олон гэрээ хэлэлцээр хийх болов уу.

-Жишээ нь ямар гэрээ хэлэлцээр вэ?

-Ер нь Хятад улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах нь тодорхой. Үүн дотор дэд бүтцийн салбарт хамтран ажиллах нь тодорхой болсон. Хятадаас нааш хамтран төмөр зам тавих төсөл яригдаж байгаа шүү дээ.

Дамжин өнгөрөх тээвэр, худалдааны татварыг либериал болгох зэрэг олон асуудал яригдаж байгаа. Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээврийн асуудал маш чухал. Гэхдээ энэ асуудлыг хоёр улсын Засгийн газрын хооронд гэрээ хэлэлцээрийн төвшинд хийлээ гэхэд цаашид Хятад манай нүүрсийг худалдаж авах уу, гэдэг нь асуудал. Зах зээлд манай нүүрс өрсөлдөх чадвартай байхын тулд дотооддоо нэн түрүүнд шийдэх ёстой олон асуудал бий.

Нэгдүгээрт, нүүрсний чанар сайн байх ёстой. Хоёрт, зардал нь хямд байх. Гуравт, тасралтгүй тогтмол нүүрсээ нийлүүлэх орчин бүрдсэн ёстой. Найдвартай худалдан авагчтай байна гэсэн үг шүү дээ. Энэ гурван хүчин зүйл хангагдаж байж манай нүүрс ямар нэгэн зах зээлтэй өрсөлдөнө.

Манай өрсөлдөгчийг Австрали гэж ярьдаг. Гэтэл яг нарийндаа бол манай хүчтэй өрсөлдөгч Хятад улс өөрөө. Хятадын Ордос, Өвөрмонгол зэрэг мужуудад нүүрсний чиглэлээр ажилладаг маш олон компани нээгдэж дотоодынхоо хэрэгцээ хангаж эхэллээ. Маш олон компани нүүрсээ боловсруулж нийлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Хятад улс хойд бүс нутгаа бие дааж хөгжүүлэхэд нэлээд анхаарч эхэлсэн. Өвөрмонголын зарим аймгууд нүүрсний салбар дээр татвар хураамж тогтоох хүртэл татвар хураамж тогтоох хүртэл эрхтэй болсон байгаа.

Энэ нь манай нүүрсний өрсөлдөх байдалд сөргөөр нөлөөлнө. Манай сайн чанартай нүүрсийг өөрийнхөө нүүрстэй хольж чанарыг нь илүү дээшлүүлэх . бизнес өргөжих хандлага ч байна. Энэ нь өөрөө манайхыг маш сул өрсөлдөгчийн төвшинд хүргэнэ.

-Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг шийдсэн ч цаашид зах зээл сэргэх баталгаа байхгүй гэсэн үг үү?

Орчны нэг хэсэг нь бүрдэнэ гэсэн үг. Дамжин өнгөрөх транзит тээврээс гадна манай улсын дотоодын тээвэр чухал .байна. Манайх төмөр замаа барихгүй бол хэзээ ч бүтээгдэхүүнээ тогтвор- той нийлүүлэх орчин бүрдэхгүй.

Өөрөөр хэлбэл, төмөр зам царигийн асуудлаа цэгцлээгүй цагт өрсөлдөх чадвар дээшлэхгүй. Манайхан наана замгүй байж л цаашдын транзит тээврийн талаар яриад байгаа юм.

Зарим хүн дотоодынхоо төмөр замыг шийдээгүй байж төмөр замтай нутгаар бүтээгдэхүүнээ дамжуулна гэж ярьж байгааг гайхна. Гайхах нь ч аргагүй. Манайд нүүрсний уурхайгаас хил хүртэл төмөр зам байхгүй шүү дээ. Энэ нь дотооддоо шийдэх хамгийн чухал асуудал.

-Одоогоор нүүрсний хичнээн компани олборлолт хийж, нүүрс экспортолж байна вэ. Мөн хэдэн компани үйл ажиллагаагаа зогсоосон бэ?

-Нүүрс экспортолж байгаа нь орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс-Тавантолгой”, “Өмнийн говийн элс”, “Чинхуа мак", “МАК”, “Энержи ресурс” компани. Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдолтой ордод оруулна гээд хагас жил үйл ажиллагааг нь зогсоож, хөрөнгө оруулалт нь ч зогссон.

Ирэх намраас үйл ажиллагаа нь сэргэж магадгүй байна. Сэлэнгэд байрлах “Улаан Овоо” ордоос нүүрс экспортлоход бэлэн байгаа. Мөн “Тэри энержи” компани нүүрс экспортлоход бэлэн байгаа ч зах зээлийн нөхцөлд байдлыг ажиглаж хүлээж байна.

“Хүннү коул" тэргүүтэй нэлээд хэдэн компани нүүрсний олборлолтоо зогсоож, өөр чиглэлд хайгуул хийж байна. Бодлого тогтворжиж, нүүрсний үнэ бага зэрэг чангарахыг хүлээж байна даа.

Үүнээс гадна компаниуд хаана, хэнд худалдах  марктенгийн бодлого нь маш зөв байх ёстой л доо. Ер нь цаашид Хятадтай эдийн засгийн иж бүрэн хэмжээний түншлэлийн гэрээ байгуулахгүй бол хятадууд манай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнд экспорт импортын татвар тавихыг үгүйсгэхгүй. Ингэвэл манай өрсөлдөх чадвар байхгүй болно.

-Энэ жилийн хувьд зэсийн экспорт нэлээд эрчимтэй нэмэгдэж байгаа нь сайн үзүүлэлт болж байна?

-Тэгэлгүй яахав. “Оюутолгой”-н зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн. “Эрдэнэт"-ээс тоо хэмжээ, үнэ өртгөөрөө илүү баяжмал экспортолж татварын хүдэр, жоншны үнэ унаж, орлогын төвлөрөл хангалтгүй байгаа.

-Эдийн засгийн нөхцөл бай- дал хүндхэн байгаа энэ үед уул уурхайн салбарын цаашдын төлөвийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд эдийн засгийн хүндрэлийн үед алдагдалтай ажиллаж байгаа ч ажилчдынхаа орон тоог хадгалж давахын төлөө л ажиллаж байна.

Харин төр засаг энэ хүндрэлийн үед туслах ёстой байтал садаа болох л шинжтэй Татвар өндөр хэвээр байна. Бусад улс орнууд ашигт малтмалынхаа экспортыг нэмэгдүүлэхийн тулд ашигт малтмалын нөөц ашигласны татвараа тэглэж байхад манайх эсрэгээр нэмж, жишиг үнэ тогтоодог.

-Сүүлийн хэдэн жил уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийн талаар ярьж байна. Энэ жишиг үнийн асуудлын хэрхэн шийдэх нь зүйтэй юм бэ?

-Сүүлийн таван жил л жишиг үнэтэй холбоотой маргааныг ярьж байна. Төсвийн орлогыг тухайн жилдээ ямар хэмжээтэй бүрдүүлэх вэ гэдэг дээр жишиг үнийн талаар ярьдаг.

-Гэтэл төсвийн орлогоос гадна урт хугацаанд татварын бааз сууриа хэрхэн бүрдүүлэх үү, уул уурхайн бизнесийг цаашид хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх вэ гэдэг асуудал жишиг үнэтэй холбоотой.

Татвар өөрөө хоёр зориулалттай. Нэг нь мэдээж төсвийн орлого бүрдүүлэх. Нөгөө нь бизнесийг өргөжүүлж, хөгжүүлэхэд зохицуулалт болдог. Энэ нь манайд ажилладаггүй, зөвхөн төсвийн орлогын нүдээр хардаг.

-Эрдэс баялгийн бирж байгуулж нэг цонхны бодлогоор ашигт малтмалын бүтээгдэхүүнээ гаргана гэж ярьж байгаа. Энэ үед жишиг үнэ гэдэг ойлголт байхгүй болох юм биш үү?

-Жишиг үнэ байгаа цагт нэг цонхны бодлого хэзээ ч хэрэгжихгүй. Засгийн газар ашигт малтмалын үнийг жишиг үнээр тогтооно гэвэл эрдэс баялгийн бирж байхын хэрэггүй.

Тэгэхээр жишиг үнийг байхгүй болгож л бирж гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Гэхдээ дэлхий дээр Лондонгийн металлын бирж байхад бид тэрэнтэй өрсөлдөж чадахгүй шүү дээ.

Тиймээс үнийн нэгдсэн бодлоготой, экспортлогч нар хэлэлцэж байдаг, жинхэнэ биржийн үйл ажиллагаатай биш ч гэсэн үнэ тогтворжуулдаг механизм тогтолцоог л бий болгох болов уу гэж бодож байна.