Ханс-Юрген Фүллэ: Германд нийт талбайн 30 хувьд нь рапс тариалдаг
Герман-Монголын хамтын ажиллагааны “Монгол Улс дахь Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төслийн удирдагч Ханс-Юрген Фүллэ
2014.08.26

Ханс-Юрген Фүллэ: Германд нийт талбайн 30 хувьд нь рапс тариалдаг

Герман-Монголын хамтын ажиллагааны “Монгол Улс дахь Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төслийн удирдагч Ханс-Юрген Фүллэтэй тосны ургамлын тариалалтын талаар ярилцлаа.

-Сайн байна уу?

Сайн. Та сайн байна уу?

-Юуны өмнө бидэнтэй уулзах зав гаргасанд баярлалаа. Та манай оронд ирээд хэр удаж байна? Танд манай орон ямар санагдаж байна?

Би өнгөрсөн оны 4 сард Монголд анх ирсэн. Надад монгол орны үзэсгэлэнт байгаль, монголчуудын зан заншил, ажилч хичээнгүй чанар их таалагдаж байна.

-Танай төслийн гол зорилго юу вэ?

Монгол улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагааны “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төсөл амжилттай хэрэгжиж байна. Тус төсөл 2016 оны 3 сар хүртэл хэрэгжинэ. Гол зорилго нь монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд оршиж байна.  

-Герман улсын рапс тариалалтын бодлого, туршлагаас хуваалцахыг хүсч байна. Рапсаа дотооддоо тариалаад тэрийгээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг үү. Ургамлын тос боловсруулах үйлдвэр хичнээн байдаг вэ?

Тосны ургамлын үйлдвэрлэлийн чиглэлээр германы төрийн бодлого монголын төрийн бодлогоос арай өөр байдаг. Тиймээс миний хувьд өөрийнхөө бодлыг л хэлэх нь зүйтэй. Германы хувьд рапс тариалалт их өндөр хөгжсөн. Цаг агаар, уур амьсгал, хөрсний хувьд ч их чийглэг учир рапс ургах таатай нөхцөл болдог.

Германы хойд нутгуудаар нийт талбайнхаа 30 хүртэлх хувьд нь рапс тариалдаг. Учир нь рапсын борлуулалт сайн, ашгийн хувьд өндөр, таримлын сэлгээнд тохиромжтой байдаг учир тариалах сонирхол их. Монголын хувьд ч мөн адил.

Гэхдээ рапс тарихад хөрсийг маш сайн бордож, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу хэрэглэх ёстой. Германд рапсны үйлдвэрлэлийг тусгайлан дэмжсэн бодлого байдаггүй. Бусад таримлуудтай адил бодлого, механизмаар зохицуулагддаг.

-Германд рапсыг хэдэн га талбайд тариалдаг, хичнээн боловсруулах үйлдвэр байдаг вэ?

Германд ихэвчлэн өвөлжих рапсыг тариалдаг. 8 сарын дундаас 9 сарын дунд хүртэлх хугацаанд тариалаад дараа жилийн 7 сард хураадаг. 2013

оны байдлаар, нийт 1,466 мянган га-д рапс тариалж, га-аас дунджаар 3,95 цн буюу нийт 5.790.700 тн рапс хурааж авсан мэдээ байна. Боловсруулах үйлдвэрийн хувьд өндөр хөгжсөн.

Өдөрт 4000 тн рапс шахах томоохон үйлдвэр 20 гаруй бий, түүнчлэн бага оврын, ойролцоогоор өдөрт 0,5-25 тн рапс шахах хүчин чадалтай үйлдвэр 600 орчим байдаг. Тэдгээр жижиг үйлдвэрүүд жилд нийт 1.400 мянган тн рапс боловсруулдаг.

Дэлхийн хэмжээнд нийт тосны хэрэгцээний 30 гаруй хувийг далдуу модноос авдаг. Мөн шар буурцагнаас дэлхийн хэмжээнд 240 сая тн тос, рапсаас 54 сая тн тос, түүнчлэн хөвөнгийн таримлын үрнээс, газрын самарнаас болон наранцэцгээс тос боловсруулж байна.

-Тосыг ямар үйлдвэрлэлд ашиглаж байна?

Ер нь рапсын тосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Тухйалбал, Германд рапсын тосыг хүнсэнд хэрэглэхээс гадна түлш гаргах, болон олон төрлийн техникийн тос, тослогооны материалууд хийдэг.

-Рапсыг тарих нь нэг талаар байгаль орчинд халтай гэж хэвлэл мэдээллээр бичдэг. Танай улсын хувьд ямар ойлголттой байдаг вэ?

Тийм гээд шууд хэлэхэд төвөгтэй байна. Яагаад гэхээр монголчууд тариалалтандаа бордоо болон ургамал хамгааллын бодисыг бага ашигладаг. Баруун европын хувьд рапс тариална гэдэг нь маш их бордоо болон ургамал хамгааллын бодис шаарддаг ажил. Түүнийхээ дагуу ургац арвин авч, дараагийн сэлгээний ургамлын угтвар таримал болгож чаддаг.

Монгол орны нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн судлагааг одоогоор хийгээгүй байна. Манай төслийн туршилтуудаас тодорхой үр дүн харагдана гэж найдаж байгаа. Ерөнхийдөө монгол хүмүүсийн хандлага нь баримжаагаар л үйлдвэрлэлийг явуулж байна.

Аль болохоор талбайг маш үр ашигтайгаар ашиглаж, тухайн таримлыг илүү өндөр ургац авахаар зорьж ажиллах хэрэгтэй болов уу. 

-Төслийн хүрээнд дөрвөн төрлийн рапсын үр сортыг тарьж байгаа гэсэн. Тэдгээрээс хамгийн сайн ургаж байгаа нь ямар сорт вэ?

Өнгөрсөн жил үр нь оройтож ирээд, тарьсан талбай нь гантай байсан болохоор сайн ургаагүй юм. Энэ жил тариалалт технологийн хувьд ном журмын дагуу явж байгаа учир үр дүнгээ хүлээж байна.

Манай төсөл Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн сургуулийн доктор, багш нартай хамтарч ажилладаг. Тэдэнтэй хамтарч төрөл бүрийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийж байна. Туршилтын үр дүн намраас гарна.

-Монголын тариаланчид рапсын ямар үрийг ихэвчлэн сонгож тарьдаг вэ? Тариалалтын технологи нь хэр зөв байна?

Тариаланчдын ямар технологи ашиглаж байгааг шууд хэлэхэд төвөгтэй. Учир нь хүн бүр өөр өөрийн арга технологитой. Гэхдээ тоймлож үзвэл, Монголд тариалагдаж байгаа нийт рапсын 70 орчим хувь нь хятад рапсын үр байдаг. Тэр нь жинхэнэ рапсын үр биш, гичний ургамал гэж хэлж болно.

Зарим боломжтой аж ахуйн нэгжүүд орчин үеийн, барууны болон америкийн техникуудыг авч хэрэглэж байгаа. Гэхдээ ихэнхи тариаланчид оросын техникийг ашиглаж байна. Германаас ирж байгаа Рапуулын үр бол гибрид үр бөгөөд тосны агууламж өндөртэй. Glocosinolaten, Erucasaire гэсэн хоёр бодисыг агуулдаг учир хүнсний шаардлага хангадаг.

Монголд энэ жилээс үр тарианы чиглэлээр тариалан эрхлэгчдийг нийт талбайнхаа 10 хувиас ихгүй талбайд рапс тариалахыг зөвшөөрч байгаа.

Миний туршлагаас үзэхэд, эргэлтийн талбайнхаа 30 хүртэлх хувьд нь рапс тариалах бололцоотой. Яагаад гэвэл таримлын сэлгээнд хоёр жилийн дараа, гурав дах жилд нь рапс таривал зөв технологи болно.

Ярилцлага өгсөнд баярлалаа.