Х.Тэмүүжин: Хууль сахиулна гэдэг бүдүүлэг авирлана гэсэн үг биш
Өнөөдөр ЦЕГ-ын дарга С.Баатаржавт тэргүүн комиссар цол олгох ёслолын үеэр Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний хэлсэн үгийг хүргэж байна.
"ЭНЭ ҮГИЙГ ДАХИН ХЭЛЖ БАЙГААДАА ХАРАМСАЖ БАЙНА"
Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн цагдаагийн удирдлагууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Яг хоёр жилийн өмнө цагдаагийн шинэ удирдлагууд томилогдож байхад хэлсэн үгийг дахин хэлж байгаадаа нэг талаас жаахан харамсалтай байна гэдгийг тодотгон хэлэхийг хүсч байна. Хоёр жилийн өмнө Засгийн газрыг байгуулсны дараа цагдаагийн шинэ удирдлагуудыг томилохдоо тухайлан үүрэг өгч байсан.
Нэгдүгээрт шинэ удирдлагууд хуулийн салбарт хийгдэж байгаа шинэтгэлүүд, тэр дундаа цагдаагийн байгууллагын шинэтгэлийн үйл явцыг тууштай дэмжиж, манлайлж ажиллах ёстой. Энэ зөвхөн цагдаагийн нэг хоёр удирдлагатай хамаагүй. Цагдаагийн дээд, дунд, бага түвшинд байгаа цагдаагийн алба хаагчдыг удирдаж байгаа бүх хүнд хамаатай.
Хоёрдугаарт олон нийтийн дунд маш том эргэлзээ байдаг. Тодруулбал цагдаагийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн байгууллага дотор улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн гар хөл болдог. Энэ байгууллагаар, энэ албаар өөрсдийн хувийн ашиг сонирхолын үүднээс ажиллуулахыг эрмэлздэг гэх эргэлзээ бий. Энэ эргэлзээг арилгахын тулд нийт бие бүрэлдэхүүн ямар нэгэн байдлаар улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болохоос илүүтэй хүний эрхийг эрхэмлэдэг, хуулиа дээдэлдэг, мэргэжлийн үүднээс хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг алба байх ёстой. Ийм байхын тулд цагдаагийн алба хаагчид дор бүрнээ сэтгэл гаргаж, цагдаагийн алба хаагчдыг удирдан зохион байгуулж байгаа та бүхэн мэргэжийн өндөр ур чадвар, ёс зүй гарган ажиллах ёстой.
Гуравдугаарт бизнес эрхлэгчдийн хүрээнд тодорхой эрүүгийн гэж хэлэгддэг рецедив гэж яригддаг гэмт бүлэглэлүүд, эрүүгийн ертөнцөд нөлөө бүхий этгээдүүдийн нөлөөлөлд автахаас урьдчилан сэргийлэх, энэ чиглэлд зохион байгуулах ажлууд бидний өмнө тулгамдаж байна. Тийм учраас энэ ажлыг цаг алдалгүй, сонор сэрэмжтэй хэрэгжүүлэх ёстой байдаг.
“ӨДӨР БҮР САНАЖ,ЦАГ ТУТАМДАА МӨРДӨЖ БАЙХ ЁСТОЙ”
Энэ гурван зорилтыг ЦЕГ-ын шинэ дарга болон энд сууж байгаа цагдаагийн удирдлагууд та бүхэнд дахин хэлье. Энэ гурвыг та бүхэн өдөр бүр санаж, цаг тутамдаа мөрдөж байх ёстой зорилт.
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн байгууллагыг мэргэжил талаасаа өндөр зэрэглэлтэй, олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаатай, иргэдийн хяналтад байдаг, хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалдаг байгууллага байх ёстой гэдэг зорилтын хүрээнд цагдаагийн албаны тухай шинэ хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагууд шинэчлэгдэн зохион байгуулагдаж байгаа. Нийслэлд цагдаагийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хотын хэмжээнд зургаан дүүргийн зургаан цагдаагийн хэлтэс байсныг бид 14 хэлтэс болгож өргөжүүлсэн. Нөгөөтэйгүүр цагдаагийн алба хаагчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх томоохон зорилтууд хэрэгжээд эхэлсэн.
Энэ жил болон ирэх жилээс тодорхой хөрөнгө оруулалт хийгдээд эхлэхээр цагдаагийн алба хаагчдын цалин хàнгамж, нийгмийн асуудал бидний хүсч байгаа үр дүнд хүрэхгүй ч гэсэн нэлээд дээгүүр болж ирнэ. Энэ өөрчлөлтийн үр зүнг зах зухаас нь аваад эхэлсэн байх гэж итгэж байна.
“БИДЭНД НЭГ АСУУДАЛ БАЙНА”
Бидний хамгийн гол зорилт бол цагдаагийн байгууллагын нэр төрийг олон нийтийн дэмжлэг, олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаагаараа бэхжүүлнэ. Цагдаагийн байгууллага дотор шударга, хариуцлагатай ажилладаг маш олон алба хаагч байгаа. Мэргэжлийн өндөр түвшинд өөрийгөө хөгжүүлсэн ёсзүй, сахилга батаа барьдаг алба хаагчид ч олон байна. Бидэнд нэг асуудал байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлын хангах үүргээ сайн хэрэгжүүлдэг боловч иргэдтэй харьцах харьцаанд зарим талаар алдаа гаргадаг. Тиймээс цагдаагийн шинэ удирдлагуудад үүрэг болгож дахиад нэмж чиглэл өгч байна.
Бидний энэ улиралд хийх ажил бол харилцаандаа анхаарах. Цагдаагийн алба хаагч ямар үг хэлэх вэ, хэлэхгүй байх вэ. Иргэдтэй харьцахдаа ямар хандлага, арга барилтай байх вэ гэдэг шинэтгэл хийнэ. Бидэнд чадвар, туршлага, өмнө нь хийж байсан ажлын маш сайн аргазүй байгаа. Гэхдээ одоо харилцаан дээрээ өөрчлөлт гаргавал олон нийтээс авах дэмжлэг төдий хэрээр дээшилнэ. Иргэнд шаардлага тавина гэдэг дээрэнгүй хандана гэсэн үг биш. Хууль сахиулна гэдэг бүдүүлэг авирлана гэсэн үг биш.
Зарчмын шаардлага тавихаараа зарим талаараа хүйтэн хөндий харагддаг. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ хүчээр биш мэдлэгээр хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг шинэ цаг үе эхэлж байгаа гэдгийг сайн ойлгоорой. Та бүхний хууль сахиулах үйл ажиллагаанд тань амжилт хүсье. Шинээр зохион байгуулагдаж байгаа Улаанбаатар хотын цагдаа шинэ дүр төрх, өнгө аяс, арга барилаар иргэддээ илүү ойртон аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм.