О.Баасанхүү: Засгийн газар огцорвол сайн, огцрохгүй бол бүр сайн
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барих гэж байна. Ямар ямар хуулийн төсөл өргөн барих гэж байна вэ?
Намрын чуулганд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барина. Энэ нь хоёр чиглэлээр явж байгаа. Нэг нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд “Мөрийн хөтөлбөр”-т байгаа Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ авч өгье, баялагийг иргэдийн мэдэлд өгөх нь зөв гээд хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Хоёрдугаарт хуучин хуулиудад өөрчлөлт оруулах, ялангуяа бага болон дунд орлоготой иргэдийн чадварыг дээшлүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн хуулийн төсөл өргөн барих, тухайлбал нэмүү өртөгийн албан татварын тухай хуулинд өөрчлөлт оруулах гэх мэт ажил төлөвлөсөн байгаа.
О.Баасанхүү: “Эрдэнэт” үйлдвэрийг хаалттай хувьцаат компани болгох хэрэгтэй
-Та саяхан Эрдэнэт яваад ирсэн байна. Ямар ажлаар явсан бол?
Одоо “Оюутолгой”-г харвал маш олон хувьцаа эзэмшигчтэй. Нэг талд нь Монгол, нөгөө талд нь гадаад гэж хэлж болох. Харин гадаадад байгаа нөхдүүд IPO хийгээд хоёр, гурван мянгаар нь хувьцаагаа нээлттэй зарж амжилтад хүрч байна. Эндээс би нэг дүгнэлтэд хүрсэн юм.
Ямар дүгнэлтэд?
Яагаад 2,7 сая иргэнтэй хувьцаат компани байж болдоггүй юм бэ? Цагаан суваргаар жишээ авъя л даа. Цагаан суваргын ордыг төр авбал ав, харин 350 сая доллар өг. Тэгвэл төрд 350 сая доллар байхгүй гэнгүүт, бид 100 хувь авна гэж байгаа. Шууд утгаараа ийм л дээрэм болж байгаа байхгүй юу.
Тэгтэл иргэд үүнийг хараад авч байгааг нь ч авахгүй гэж байгааг нь ч ойлгоогүй, өнөөдөр талх, мах ямар үнэтэй байна, сургууль цэцэрлэг юу болох вэ л гээд яриад байдаг. Монгол Улсын үндсэн хуулинд юу гэж заасан байдаг вэ гэвэл, газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалтад байна гэж. Тэгвэл ард түмэн баялагаа өөрсдийнхөө мэдэлд байлгах ёстой юм л даа.
-Яаж?
Ард түмэн хувьцаа эзэмшигч болж байж л мэдэлдээ байлгана. Хувьцаа эзэмшигч байвал хувиа ч тэгш хувиарлаж хүртэнэ гэсэн үг. Хувьцаа эзэмшигч болвол энэ компани яагаад байгаа юм бол, юу болсон юм бол гэж асууна шүү дээ.
Бид 90-ээд оны үед цэнхэр , ягаан тасалбар гээд өгч байхад энэ гутлын үйлдвэр яагаад дампуурчихсан юм бол, Талх чихэр юу болчихсон юм бол, арьс ширний үйлдвэр яачихсан юм бол гээд л маш олон хүн санаа тавьж байсан. Одоо ч гэсэн нэхэл дагал хийдэг.
Өөрөөр хэлбэл нэг удаа л ашиг өгсөн дөө, яачихав гээд. Яг тэрэн шиг өнөөдөр 34 хувь гэж байгаа бол, тэр 34 хувиа Монгол улсын 2,7 сая иргэдийн хувьцаат компани болгочихоо л гэж. Энэ бол хаалттай гэж нэрлэдэг гадагшаа, гадаадад иргэнд зарахгүй. Үүнийг өөрийнх нь мэдэлд байлгана, өөрөө ТУЗ-ын гишүүнд оролцож байгаа хүнд санал өгдөг жишээтэй.
Үүний жижиг моделийг Эрдэнэт үйлдвэр дээр хийж болох юм гэж би харж байгаа. Нөгөөдөх нь бол том модел, Оюутолгой, Таван толгой гээд л. Эрдэнэтийг өнөөдөр харвал 49,51 буюу 51 нь Монголын тал, 49 нь Оросын тал. Оросын тал ч гэсэн Эрдэнэтийг хаалттай хувьцаат компани болгъё гэдгийг зөвшөөрнө гэж би бодож байна. Эрдэнэтэд бол хоёр янзын эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс бий.
Нэг хэсэг нь 90 ээд оны үед цэнхэр тасалбараа өгөөд үйлдвэрээ хувьчилж авъя аа, гутлын үйлдвэр , арьс ширний үйлдвэртэй адилаар хувьцаагаа өгөөд авъя гэсэн иргэд байсан. Нийт 10,000 орчим иргэн. Тэгтэл түүний 4000 хүний хувьцаа нь тодорхой бус шалтгаанаар алга болчихсон. Тэгэхээр энэ хувьцааг одоо яах ёстой юм.
-Хаалттай хувьцаат компани гэхээр хэн нэг нь хувьчилаад авчихаж мэднэ гэсэн хардалт байгаад байх шиг байна лээ. Та дуулсан уу?
Тийм бишээ. Хувьцаат компани гэдэг хувь эзэмшигч л гэсэн утгатай. Харин ч хэн нэгэн хувь хүн, хэн нэгэн олигархи үүнийг хувьчилж авахаас сэргийлж байгаа хэлбэр байхгүй юу. Ингэхийн тулд 6000 цэнхэр тасалбартай хүн ба төр.
Ингээд нийт 51 хувийг хэд гэж үнэлэх юм. Хэрэв бид 51 гэвэл, Оросын талд 49 хувь нь гэдэг нь тодорхой болоод гараад ирнэ. Оросын тал ч дуртай байна. Тэгээд бид өөрсдийнхөө 51 дотроосоо 6000 ийг нэг нь 7000 гэхээр хэдэн төгрөг болох уу тийм биз. Тухайн үеийн 7000 төгрөг гэвэл одоогийн 700,000 болох уу 7 000 000 төгрөг болох уу , ямар ч байсан нэг үнэлгээ гарах байх.
Энэ бол бас л жишгээр. Тэгээд л хаалттай хувьцаат компани болгъё гэж яриад байгаа юм. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа жирийн ажилчид байна. Жирийн ажилчдын хувьд цалин л авдаг.
Хэрэв энэ модел амжилттай болвол бид 2,7 сая иргэндээ зориулсан буюу 2,7 сая иргэний хувьцаат компани байгуулж болно л гэсэн үг
-Тэгвэл тэнд ажилчид байхгүй байлаа гэж төсөөлье, энэ үйлдвэр баялагаа авч чадах уу?
Мэдээж үгүй. Тэгэхээр тэр ажилчдыг урамшуулах ёстой. Ажилчид Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж байх хугацаандаа тодорхой нөхцөлтэй буюу “Түр хувьцаа эзэмшигч” гэсэн нэрээр хувьцаа эзэмшиж болох юм. Өөрөөр хэлбэл ажил хийж байгаа тохиолдолдоо хувьцаа эзэмшигч байна. Харин ажлаасаа гарсан тохиолдолд дараагийн хүн тухайн хувьцаан дээр нь үргэлжлүүлээд байж байна.
-Энэ нь юу гэсэн үг вэ?
Эрдэнэт үйлдвэрийг ашгаас ашиг хувиарлах ёстой, иргэд ч ажилчид нь хүртэх ёстой л гэж яриад байгаа юм. Хэрэв энэ модел амжилттай болвол бид 2,7 сая иргэндээ зориулсан буюу 2,7 сая иргэний хувьцаат компани байгуулж болно л гэсэн үг. Тэгвэл бид Тавантолгой, Оюутолгой болон бусад ордуудаа мэдэлдээ байлгах боломжтой болох юм л даа.
Харин 34 өөр өгөх юм уу, 66 аар өгөх юм уу , 51 хувь болгох уу, үгүй юу гэдгээ шийдэх ёстой. Эс бөгөөс төрийн нэр барьсан хэсэг нөхдүүд бидний өмнөөс шийдээд л байна. Нодлин Оюутолгой гээд яриад явахад чинь хэн 51 хувийг авна гэж , авахгүй гэж хүсээд байгаа юм бэ гээд бөөн асуудал үүсч байсан даа. Тэр битгий хэл С.Ганбаатарыг эдийн засгийн алуурчин гэж хэлэх нь холгүй яриад байна, энэ хүнээс болж хөрөнгө оруулалт зогссон ухааны юм яриад байна.
Яг үнэндээ тийм биш л байхгүй юу. Уг нь бол С.Ганбаатарын зөв. Энэ хүн чинь Монгол Улсын УИХ-ын гишүүн учраас Монгол Улсын 2,7 сая иргэний өмнөөс ярьж байгаа байхгүй юу. Харамсалтай нь энэ нь бодитой хуульчилж өгөөгүй учраас лобинд орчихсон гишүүдээс болоод ийм асуудал үүсч байгаа юм л даа. Хэрэв 3 сая иргэнтэй хувьцаат компани болгочих юм бол 3 сая иргэн хэлнэ шүү дээ. Бид нар үүнийг 51 хувь болгомоор байна, бид нар Канад, Австралитай ажилламаар байна, энэ хөрөнгө оруулалтыг нь оруулмаар байна гэж хэлнэ шүү дээ.
Гэтэл 3 сая иргэний төлөөллийг бид оруулж ирээд, тэдний хяналтыг тавиулаад, бид зардлаа хянаад, ашгаа тэнцүү хувааж болно шүү дээ.
Харамсалтай нь тийм төлөөлөл байхгүй учраас нэг хэсэг гишүүд нь лоббинд өртөөд нөгөө хэсэг гишүүдийгээ доромжлоод , тэрэн дээр нь гадаадынхан тоглолт хийгээд Монголд хөрөнгө оруулалт хийхэд хэцүү гэж яриад байгаа байхгүй юу. Гэтэл 3 сая иргэний төлөөллийг бид оруулж ирээд, тэдний хяналтыг тавиулаад, бид зардлаа хянаад, ашгаа тэнцүү хувааж болно шүү дээ.
Монголоос өчнөөн баялаг гадагшаа гарч байгаа хэрнээ энэ цөөхөн ард түмэн яагаад ядуу амьдраад байгаа юм бэ? Бид нар нэгдэж чадна шүү дээ. Тэгэхээр зөв бодлогоор хийхийг хүсвэл нийт ард түмний хувьцаат компани байх ёстой, тэрний өмнө урьдчилсан байдлаар засгийн газраас хаалттай хувьцаат компани байгуулахыг УИХ-ын тогтоолоор шийдүүлэх ёстой.
-Гишүүд хэр дэмжих бол?
Эх оронч гишүүд дэмжих байх гэж бодож байна. Энэ бол нэг цоо шинэ зүйл огт биш. Дэлхий дээр байдаг л жишиг. Иймэрхүү олон зуун сая хүний эзэмшилтэй хувьцаат компани байж л байдаг. Бодоод үзье л дээ , IPO хийгээд хувьцаагаа гадаадад зарлаа гэж бодъё, Канад ч Монгол ч хүн авч болно.
Ингэж болоод байхад яагаад зөвхөн Монголчуудын хамтарсан хувьцаат компани байж болдоггүй юм бэ? Бид нар хувьцаа эзэмших эрхийг нь өгчихье л дөө, бид газрын дээрх болон доорх баялагаа үнэлэх л байхгүй юу. Тэгэхгүй бол үнээ нь ямар ч үнэгүй болчихоод байна. Үнээний сүүг л яриад байгаа болохоос үнээг огт ярихгүй байна. Тэгэхээр бид үндсэн хуулиа хэрэгжүүлье гэвэл ингэж л хэрэгжүүлмээр байгаа юм.
О.Баасанхүү: МАН бол луйварын нам шүү дээ
-Сүүлийн үед “Шинэчлэлийн засгийн газар” огцрох ёстой хэмээн их ярих болж. Танай нам бол энэ засгийн газарт орж ажиллаж байгаа. Тэр утгаараа энэ засгийн газар огцрох ёстой, эсэх дээр таны байр суурь ямар байна вэ?
Засгийн газар огцорвол сайн, огцрохгүй бол бүүр сайн гээд байгаа шүү дээ би. /Инээв/
-Яагаад?
Засгийн газар огцорвол сайн гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл энэ засгийн газар хоёр жил боллоо. Тодорхой хэмжээгээр ард түмэн хүсэн хүлээсэн өөрчлөлт гарахгүй, доривтой үр дүнд хүрэхгүй байна. Иймээс огцорвол сайн. Огцрохгүй бол бүр сайн гэдэг нь би чинь эвслийн засгийн газарт байгаа намын гишүүн учраас л огцрохгүй бол бүр л сайн байхгүй юу. /Инээв/
Огцрохгүй байлаа гэхэд танай намаас сонгогдсон сайд нараа шахах, сайн ажиллуулах шаардлага бол байх шиг байгаа юм. Ялангуяа С.Удвал сайд?
Тиймээ огцрохгүй байлаа гэхэд бид Удвал, Улаан сайд, Тэрбишдагва сайд гээд олон хүмүүсээ шахна гэж бодож байгаа юм. Тэдний ажиллаж байгаа салбар сэргэж байж гэмээн намын нэр хүндэд ч эерэгээр нөлөөлнө гэж харж байгаа.
Дээрээс нь энэ нам чинь юу болоод байна , улс орон юу болоод байна гээд л бид гишүүдтэйгээ ярьж, хэлэлцүүлэг хийж байгаа. Бид МАНАН үүсэхээс айхгүй. Ялангуяа Ардын намаас айхгүй. Бидний хувьд бол Ардын намыг “Луйварын нам” гэж үздэг.
-Яагаад “Луйварын нам” гэж ?
Ардын намыг бол аль эрт Баасан гэж лам байгуулсан. Баасан ламын байгуулсан намын нэрийг нь авсан, МАХН-ын байшинг нь шатаачихсан учраас МАХН-ын өмнө нүүрээ хийх газаргүй болихсон. Тэгээд л МАХН-ын суурин дээр Ардын нам гэж шинэ нам байгуулж гарч ирсэн. Ийм учраас би “Луйварын нам” гэж тодорхойлж байгаа юм. Энэ нам МАХН гэдэг нэрийг булшлах гэж оролдсон. 2008-2012 оны хооронд эдийн засаг бол туйлын сайн байсан. Нүүрс , алт зэсний үнэ өндөр байсан.
Харин МАН-ынхан ёстой нэг гамгүй туйлсан даа. Хайр гамгүй туйлсан. Тэр үйлийн үр нь өнөөдөр ирж байна. “Их идсэний дараа гэдэс өвдөнө” гэж үг бий шүү дээ. Тийм биз дээ. Хэтэрхий их идсэн байхгүй юу. Энэ галыг унтраахын тулд бэлэн мөнгөний хэрэгцээ гараад ирсэн, тэгээд тэр бэлэн мөнгөө олохын тулд өр тавьсан.
Харамсалтай нь яаран сандран өр тавихынхаа өмнө ард түмэнтэйгээ хэлэлцэх гэтэл цалин, тэтгэврээ ч тавьж чадахаа больсон байхгүй юу. Улс орон эдийн засгийн хямралд орчих гээд, аж ахуйн нэгж байгууллагууд дампуурчих гээд байсан. Тийм учраас энэ бондыг чинь авсан байхгүй юу. Энэ бүхнээс болж өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал суларч, хямарч байгаа юм. Ер нь бол Ардын намынханы цацсан үр хорт ургамал ургаж байгаагийн илэрхийлэл шүү дээ.
О.Баасанхүү: Монгол Улс хуульгүй орон болсон, Х.Тэмүүжингийн хийсэн ажил
-Таныг Х.Тэмүүжин сайдтай хонь, чоно шиг байдгийг мэдэх хүн олон. Та яагаад Х.Тэмүүжин сайдыг тагнаж, чагнаад яваад байдаг юм бэ? Үнэн юм уу?
Тагнасан бол хурдан шоронд суулгах хэрэгтэй шүү дээ. Тагнасан хүн суух ёстой. Харин Х.Тэмүүжин өөрөө хүн гүтгэсэн бол хурдан суудлаа өгөөд шоронд суух хэрэгтэй. Энэ халдвар нь ерөнхий сайдад бас шилжчихсэн. Манай засгийг тагналаа гээд л байгаа хэрнээ тагнасан хүн зүв зүгээр тагнуулсан ч зүгээр л сууж байна. Энэ бүхнээс харахад манай улс бол хуульгүй орон болсон.
Энэ бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийсэн ажил. Тэр хүнд хууль үйлчилдэггүй. Хүн гүтгэсэн ч хүнд гүтгүүлсэн ч хууль үйлчилдэггүй. Ер нь бол манай орон хуульгүй орон болчихлоо гэдгийг одоо ард түмэн ч хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Гэмт хэрэгтэнгүүд нь хүртэл дур зоргоороо аашилдаг болчихсон. Рекетчид бүр эрээ цээрээгээ алдаж байна.
Өмгөөлөгч нэрээр далимдуулж рекет хийж байгаа хүмүүс ч гарч ирж байна шүү дээ. Гэвч монголын хуулийн салбарт, шүүхийн салбарт мянга мянган шударга хүмүүс байгаа учраас бүтэлгүй Х.Тэмүүжинг ойлгож байгаа байх гэж бодож байна. Уг нь бол Х.Тэмүүжин бушуухан шиг огцрох хэрэгтэй. Одоогийн засгийн газар хэд хэдэн сайдаасаа салчихсан бол ингэж муу хэлүүлээд байхгүй байх байлаа.
О.Баасанхүү: Б.Билэгт генерал бол хамгийн шударга ажиллаж байсан
-ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлчихлөө. Энэ салбарын хүний хувьд асуудлыг яаж харж байна вэ?
Хамгийн шударга ажиллаж байсан цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлсөн нь хамгийн бүдүүлэг бөгөөд тэнэг алхам. Яагаад гэвэл 2008 оноос хойш цагдаагийн байгууллагад, цагдаад итгэх иргэдийн итгэл суларчихсан байсан. Цагдаагийн байгууллага дотор ч гэсэн амьдрал үзээгүй, туршлага муутай
Х.Тэмүүжингээс болоод бөөн бужигнаан үүсчихсэн, хүнд байсан. Харин Б.Билэгт генерал очсоноос хойш нэлээд сайн цэгцэлж, цагдаагийн байгууллагын нэр хүнд ч сэргээд эхэлсэн гэж хэлж болно. Гэтэл улс төрийн шахалт, улс төрийн зорилгоор ажлаас нь чөлөөлчихлөө. Хууль дүрэмээ уг нь барих ёстой л доо.
Гэтэл хууль дүрмээ баримтлаагүй буюу хүн ээлжийн амралттай хойгуур ийм алхам хийсэн. Тэр хүн хуулийн байгууллагаар явж асуудлыг зөв шийдвэрлүүлэх байх гэж би бодож байна.
О.Баасанхүү: Би хэн нэгний халаасны хүн биш, учир нь би хэнд ч өргүй
-Х.Тэмүүжин сайдын но гэдэг юм уу, ноцтой асуудлыг олон нийтэд таниулсан хүн бол та. Гэвч өнөөдөр энэ хүн албан тушаалтайгаа л үлдэж байна. Үүнийг хараад Х.Тэмүүжин бол “том артай”, “том” юм байна гэсэн дүгнэлтэд зарим нэг нь хүрээд үлдэж байх шиг байна. Та янз бүрийн асуудал л сөхөх юм. Ард тань “том ар” байна уу?
Миний ард уу? Би чинь бурханд итгэдэг учраас залбираад л явчихдаг шүү дээ. Харин намайг хайрлаж, намайг дэмжиж байгаа хүмүүс л миний ард байгаа болов уу гэж боддог.
Тэрнээс биш би хэн нэгний захиалгаар, хэн нэгний үгээр явдаг хүн биш. Хэн нэгний халаасны ч хүн биш. Яагаад гэвэл би хэнд ч өргүй байхгүй юу. Харин Х.Тэмүүжин бол 2008 онд өртэй болчихсон юм байна лээ.
-Юу гэсэн үг вэ?
Үнэн шүү. “Смартсолюшнз” ХХК 2011-2013 он хүртэл бүх хяналтын камер суурилуулах тендерт шалгарсан байдаг. Өөрөөр хэлбэл анх зүгээр явж байсан тендерийг Х.Тэмүүжин, “наад тендерээ зогсоо, “Смартсолюшнз” ХХК-тай нэмэлт гэрээ байгуул гээд хуулийг зөрччихсөн.
Тэгээд цагдаагийнхан очоод Смартсолюшнз” ХХК-ийг Х.Тэмүүжин гэдэг УИХ-ын гишүүний хэлсэн компани байгаа юм гээд 1 тэрбум хэдэн зуун сая төгрөгийн гэрээ хийчихсэн. Нэг удаа байж болноо доо, хамгийн сүүлд 1,8 тэрбумын тендерт оролцоод явж байна шүү дээ. Нөгөө ашиг сонирхолын зөрчил хаана байна.
Энэ манай найзын компани гэж бичиг үйлдээд явж байна гэдэг байж болох уу? Найз нь ч юм уу, юу нь ч юм мэдэхгүй л дээ. Ер нь бол улайрсан луйвар юм л даа. Одоо энэ нөхрийн нэр хүнд унаж байгаа шалтгаан юу вэ гэвэл хуучинсаг хурандаа нарынхаа талд ороод, шинэчлэл хийх гэсэн хурандаа, генералуудаа шахаж, салбартаа хүлээн зөвшөөрөгдөхгүй болохоороо эвгүй байдалд ороод үлдэж байгаа байхгүй юу.
О.Баасанхүү: Н.Энхбаяр гэдэг хүнд эрүүгийн гэмт хэрэг бол байхгүй
-Н.Энхбаяр даргын хэргийг дахин сөхөж байгаа тухай яригдах боллоо. Ирэнгүүт нь баривчилж мэднэ ч гэсэн мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бэ?
МАХН нэрээ авсан. Нэрээ авахдаа зүгээр нэг авчихаагүй, маш их тэмцэл хийж өлсөхөөс наагуур юм болж байгаад нэрээ авсан. Нэрээ авангуут улс төрийн дайралт ирсэн. Манай намын нөхдүүд намаасаа гарангуут намын байр байсан суурин дээрх өөр шинэ байр, шинэ намд орчихсон. Нэгэнт түрээс юм чинь бид нар маргалдаад суух аргагүй болсон. Ингээд бид гудамжинд гарах дээрээ тулсан. Яг энэ үед намын гишүүдийг бүгдийг нь хаана ч хамаагүй нэг байр олооч гэсэн санал тавьсан.
Тэгэхэд би хүртэл Н.Энхбаяр даргад хоёр гурван байрны санал тавьсан. Тэрэн шиг манай намын нөхдүүд ийм байр байна гэж хэлээд байр худалдаж авах хэрэг гарсан.Улс төрийн намын тухай хуулийн 18,2 гэж заалт бий. Хувь хүн нэг сая төгрөг, албан байгууллага 10 сая төгрөг хандив өргөж болно, өөр хандив өргөж болохгүй гэсэн заалт бий.
Тэгэхээр бид намын нэрээр байр авчихвал намд мөнгө байхгүй учраас хэн нэгний хандиваар тэр байрыг авсан болно, тэгэхээр 500 мянган долларын байр гэдэг чинь онц их хэмжээний хандив болчихож байгаа юм. Биднийг сонгуульд оруулахгүй гэсэн үг. Бид нар ардын намын шатсан байран дээр 11 тэрбум төгрөг улсаас өгчихлөө, дээрээс нь МАК-ын Нямтайшир, Сайхансамбуу, Мөнх-Оргил нар асар их хэмжээний мөнгө хандивлалаа л гэж яригдаж байсан.
Гэвч тэд асуудалгүй сонгуульдаа оролцчихож байгаа. Харин манай намыг жижиг нам гээд улс төрийн шахалт хийгээд сонгуульд оролцуулахгүй байж чадах байсан. Тиймээс бид компанийн нэр дээр байг, үлдсэн мөнгийг нь хүмүүстэй нь яриад төлье гэсэн. Ингээд 500 мянган долларыг нь Эскон буюу Н.Энхбаяр даргын дүүгийн компани өгсөн. Н.Энхбаяр дарга намын байр гэдэг утгаар хэлэлцээр бусад асуудалд оролцсон.
Н.Энхбаяр гэдэг хүн оролцсон учраас эрүүгийн гэмт хэрэг болчихож байгаа хэрэг үү?
Намын байрыг булаах гээд байгаа юм уу, дээрэмдэх гээд байгаа юм уу? Иргэний маргааныг эрүүгийн болгож явах гээд байна. Ний нуугүй хэлэхэд би Н.Алтанхуяг ерөнхий сайдад гомдож байна. Хамтарсан засгийн газарт орсон намын гишүүний хувьд.
Хууль зүйн сайд нь Х.Тэмүүжин, түүний найзууд нь прокурорт байна. Тэгэхээр энэ манай намын байрны асуудлыг зүгээр улс төрийн сонирхолоор шийдэх гээд байгаа юм л даа. Н.Алтанхуяг намын даргын хувьд ийм улс төрийн асуудлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй шүү дээ.
Ер нь бол МАНАН-ын хар савар одоо болтол арилаагүй байна. Тэрнээс биш Н.Энхбаяр гэдэг хүнд эрүүгийн гэмт хэрэг бол байхгүй.