Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа
Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй тогтмол шуурхай харилцах, хамтарч ажиллах шаардлага байгааг харгалзан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт хоёр жилийн хугацаагаар нэг дипломат ажилтны орон тоог нэмж ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
Мөн Бүгд Найрамдах Кени улсын Найборид төвтэй Байгаль орчны хөтөлбөрт суух Монгол Улсын төлөөлөгчийг хоёр жилийн хугацаагаар ажиллуулах, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын албыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын дэргэд хоёр жилийн хугацаатайгаар байгуулан ажиллуулж, орон тооны хязгаарыг хоёр ажилтнаар тогтоохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 2014 оны 6 дугаар сарын 23-27-нд болсон анхдугаар чуулганаар манай улс Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна.
Ерөнхийлөгч нь Байгаль орчны Ассамблейн хуралдааныг даргалах, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн 2014-2016 онуудад батлагдсан үйл ажиллагааны хөтөлбөр болон санхүү, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, тус Ассамблейн Товчооны хуралдаануудыг удирдах, зөвшилцөх, яриа хэлэлцээ, уялдаа холбоог зохицуулах, нарийн бичгийн дарга нарын газрын дэмжлэгтэйгээр бүс нутаг ба улс төрийн бүлэглэл хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог зохицуулах, улс төрийн ба бодлогын шинж чанартай хэлэлцээрийг удирдах, хөтөлбөрийг төлөөлж олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох зэрэг үүрэгтэй байдаг байна.
“Сэлбийн хурдны зам”-ын солбилцлыг баталлаа
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт уялдуулан “Гудамж” төслийн хүрээнд баригдах “Сэлбийн хурдны зам”-ын талбайн солбилцлыг хавсралтаар баталлаа.
Талбайн хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахыг, талбайн солбилцол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт хийхгүй байх, барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбилцлын зурвас дахь газар чөлөөлөхтэй холбогдон гарах асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа. Газар чөлөөлөхтэй холбогдон гарах нөхөн олговрыг санхүүжүүлэхийг “Гудамж” төслийн нэгжийн захирал Б.Батболдод даалгалаа.
“Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн автозамын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор босоо тэнхлэгийн дагуу Сэлбийн хурдны замыг барьж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Гудамж” төслийн хүрээнд Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл баригдах Туулын хурдны зам ашиглалтад орж, тухайн замаар зорчих тээврийн хэрэгслийн тодорхой хэсэг нь хотын төв рүү орох, мөн буцах зайлшгүй шаардлага гарна. Дээрх хурдны замаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг Сэлбийн хурдны замаар зохицуулах юм.
Сэлбийн хурдны зам нь Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын Улаанбаатар хотын хойд хэсгээр өнгөрөх АН3 замтай холбогдохоор төлөвлөгджээ.
Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа зохион байгуулахыг үүрэг болголоо
2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-18 дахь заалтад “агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал” гэж тусгасан болно.
Тодруулбал, Засгийн газрын гишүүн, сайд нар агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хуульчилсан. Иймд яамдын чиг үүрэгт асуудал тусгагдсанаар салбарын онцлогт уялдсан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлын эсрэг нэгдмэл үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болж байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайд нарт дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.
Үүнд:
- Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхэлсэн салбартаа зохион байгуулах, тус асуудлыг хариуцан ажиллах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлэх, харьяа агентлаг, байгууллагад үүрэг, чиглэл өгөх
- Салбарын харьяа байгууллага, нэгжийн обьектуудын түүхий нүүрсний хэрэглээ, халаалтын зуухны судалгаа хийж, ашиглалтын нийт талбайн хэмжээ, түүнд зарцуулагдаж буй зардал, дулаан алдагдлыг бууруулах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, эзэмшил талбайд мод тарих, зүлэгжүүлэх ажил зохион байгуулах
- Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг хүргүүлж, ажлын явцын байдлын талаар тогтмол тайлагнахыг үүрэг болголоо.
Импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг баталлаа
Батлагдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн импортын барааг эрсдэлээр ангилан “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг баталж, мөрдүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа.
Энэ үзүүлэлтийг баталснаар хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдах барааг тодорхой болгох, хяналтыг эрсдэлтэй бараанд чиглүүлж аюулгүй байдлыг хянах, хүний нөөцийг зохистой хуваарилах, хууль хяналт өндөртэй гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, эрсдэл багатай импортыг хүлээн зөвшөөрөх зэрэг үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Сумын хөгжлийн түвшинг хоёр жил тутамд тооцоолж зарлана
"Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг баталж, индекс тооцоход шаардагдах мэдээлэл гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолд тусгагдсан "Сумдын хөгжлийн загвар"-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж 4 ангилан, хөгжлийн индексийг нь 2 жил тутамд тооцож гаргана.
Хөгжлийн түвшинг нь тогтмол дүгнэж олон нийтэд зарлах нь орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд, мөн Засгийн газраас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг тооцоход гол үнэлэмж болно.
Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан "Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог. Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна.
Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ.
Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохиол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ.
Төрөөс жил бүр төсөв хөрөнгө хуваарилан тодорхой дэмжлэг үзүүлснээр ийм байдал ирэх жилүүдэд давтагдахгүй, соёлын өвийн хадгалалт хамгаалалт эрс сайжирна гэж Засгийн газар үзлээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар дараах арга хэмжээг авч ажиллана
Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт шуурхай шийдвэрлэж ажиллахыг Үйлдэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц заавал бүрдүүлэх, малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлш, өвлийн хувцсаа бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл бэлтгэн нөөцлөх зэргээр бэлтгэл хангуулах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэхэд аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах, баяр наадам, тэмдэглэлт ой олноор тохиож буй өнөө жил малчин, баг, сум, аймаг шат бүхэнд өвөлжилтийн бэлтгэлээ цалгардуулахгүй хангаж ажиллах зэргийг Засгийн газрын тогтоолоор үүрэг болголоо.
Мөн зам, давааг өвөл хаврын улиралд байнгын нээлттэй байлгах, хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд, энэ жилийн шинэ ургацаас үйлдвэрлэх малын тэжээлийн экспортлох хэмжээг 40 хувиас илүү гаргахгүй байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нарт үүрэг болголоо.
Товч мэдээ
- Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өнгөрүүлсэн тухай Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичекийн энэ оны 6 дугаар сарын 23-26-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын хуралдаанд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
- Бүгд Найрамдах Латви улсын Ерөнхийлөгч А.Берзиншийн энэ оны 6 дугаар сарын 11-13-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдалд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хэнтий, Дорнод аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
- Энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга О.Чулуунбатад даалгалаа.
-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10,65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ. Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, 2 захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.