Л.Гантөмөр: Сургалтын төлбөр инфляциас даваагүй
Боловсролын салбарт хийж буй шинэчлэл болон цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, их, дээд сургуулиудын төлбөр зэрэг цаг үеийн асуудлаар БШУ- ны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах гэж хэдэн өдөр дугаарлаж гадаа хоноод ч бүртгүүлж чадахгүй байна. Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Иргэдийн дунд яригдаж буй халуун сэдэв бол цэцэрлэгийн асуудал. Нийт 27600 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 256 мянган цэцэрлэгийн насны хүүхэд бий. Үүнээс 156 мянган хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт суралцах боломжтой. Цэцэрлэгийн бүртгэл эхэлж хүүхдүүдээ авч эхэлсэн. Харин 20 мянган хүүхэд хувийн цэцэрлэгт хүмүүжих судалгаа гарлаа.
Үлдсэн 25 мянган хүүхэд хувилбарт сургалтад хамрагдах юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд арван хүүхэд тутмын найм нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна. Нийслэлд цэцэрлэгийн насныхны 74.9 хувь нь хамрагдаж байгаа. Сүүлийн хоёр жилд 60 цэцэрлэг хүлээж авсан. Харин энэ онд төрийн болон орон нутгийн өмчийн 45 цэцэрлэгийг хүлээж авахаар төлөвлөлөө.
Үүнээс 11 цэцэрлэг нь бүрэн ашиглалтад орсон. Үлдсэн цэцэрлэгүүдийн ажил дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арванхоёрдугаар сарын сүүлчээр цэцэрлэгт хамрагдаж байгаа 81 мянган хүүхдийг 91 мянга болгох зорилготой байна. Тиймээс анги нь дүүрээгүй, хүүхэд бүртгүүлэхгүй байгаа хувийн хэвшлийн цэцэрлэгт урсгал зардлыг нь өгч хүүхэд элсүүлэх талаар ярьж байна.
Энэ аргаар дамжин 2500 хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт шинээр элсэх боломжтой. Эдгээр хүүхдийг өнөөдрөөс элсүүлж эхэлбэл 600 орчим сая төгрөг шаардлагатай. Тиймээс энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Сангийн яамтай ярилцаж байна. Ирэх жил хоёр тэрбум төгрөг болох юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны нэгдүгээр сараас бүртгэж авч, урсгал зардлыг нь шинэ төсөвтөө тусгана.
Есдүгээр сарын 1-нээс хувийн хэвшлийн 40 цэцэрлэг үүдээ нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Хувийн хэвшлийн цэцэрлэгийн төлбөр өндөр байдаг учраас эцэг эхчүүд тэр бүр хүүхдээ хамруулж чаддаггүй. Үүнийг тогтвортой барих боломж бий юү?
Бид хувийн хэвшлийнх- ний боловсролд оролцож буй оролцоог нь дэмждэг. Дэмжихээс ч өөр арга байхгүй. Энэ хичээлийн жилд хувийн хэвшлийн 23 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан. Харин есдүгээр сарын 1-нээс хувийн хэвшлийн 40 цэцэрлэг үүдээ нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Төлбөрийг нь тогтвортой байлгах маш хэцүү л дээ. Цэцэрлэг бүр өөрийн гэсэн онцлогтой. Хэрвээ өндөр төлбөр авчихаад хүмүүжих орчин, сургалтын чанар муу байгаа тохиолдолд урсгал зардал өгөхгүй байх зэрэг шийдвэрийг гаргана.
-Энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ” гэж яриад байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэдтэй эцэг эхчүүд үүнийг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг байна. Яаж хичээллэнэ гэсэн үг вэ?
2014-2015 оны хичээлийн жилд 59352 хүүхэд нэгдүгээр ангид суралцахаар бүртгүүлсэн. Энэ оноос эхлэн бага буюу I-V анги үндэсний хэмжээнд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, бага ангид нь зөв монгол хүүхдийг бэлтгэх боловсролын шинэ хөтөлбөр юм.
Шинэ хөтөлбөрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-нд хүүхдүүдэд хичээл заана. Энэ хөтөлбөрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Үүнийг өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 40 лаборатори сургуульд туршиж үзсэн. Үндэсний хөтөлбөрийн онцлогийг зургаан зүйлээр хэлмээр байна.
Нэгдүгээрт, сургах гэж зүтгэдэг байсан бол энэ хөтөлбөрөөр суралцдаг. Хоёрдугаарт, сургалтын хөтөлбөртэй байсан бол боловсролын хөтөлбөртэй боллоо. Өмнө нь мэдлэг шалгадаг байсан бол нэмээд чадвар шалгадаг болсон. Хуучин ямар нэгэн зүйлийг мэддэг, тогтоодог хүүхэд байсан бол шинэ хөтөлбөрөөр чаддаг хүүхэд болох юм.
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоосон нэг зүйл бол жил бүр шинэчлэгддэг сурах бичиг. Хүртээмж муу, агуулгагүй, алдаатай, өндөр үнэтэй гэх зэрэг шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд хэдэн сурах бичиг хэвлэгдсэн бэ?
Ном сурах бичиг бүрэн хэвлэгдэж дууссан. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 95 нэрийн хоёр сая 148 мянга 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 мянга 431 ширхэг багшийн ном хэвлэсэн. Бага ангийн ном үнэгүй. Дунд ангийн сурах бичгийн 40 хувь нь мөн адил үнэгүй. Өөрөөр хэлбэл, бага орлоготой иргэдийн хүүхдүүдэд үнэгүй өгнө. Харин 40 хувь нь түрээсээр очдог.
Энэ жил 95 нэрийн 2 сая 148 мянга 661 ширхэг сурах бичиг хэвлэгдсэн
Үлдсэн 20 хувь нь сурах бичгээ худалдаж авах юм. Сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг. Энэ жил анх удаа хүүхдэд зориулсан роман, тууж, өгүүллэг баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын зохиол зэрэг утга зохиолын уралдаан зарласан.
Үүнд 61 бүтээл шалгарсан. Гэсэн ч харамсалтай нь хүүхдэд өөрийн үзэл бодлыг тулгасан зохиол байсан. Тиймээс цаашид зохиолчид хүүхдэд зориулсан ном, зохиол гэдгийг ойлгож бичих хэрэгтэй байх.
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцас өнгөрсөн жил мөн л эцэг эхчүүдийн шүүмжлэлд өртсөн. Хугацаа богино байсан учир дунд ангийнхныг дүрэмт хувцсаар хангаж чадаагүй гэж байсан. Энэ жил сурагчдыг дүрэмт хувцсаар бүрэн хангах боломжтой юу?
Өнгөрсөн жил 497 мянган сурагчийн 38 хувийг шинэ дүрэмт хувцсаар хангасан. Харин энэ жил 186104 сурагч дүрэмт хувцас авахаар захиалга өгсөн. Захиалгын дагуу дүрэмт хувцсыг үйлдвэрлэлээ. Үнэ нь өнгөрсөн оны үнэтэй адил байна.
-Боловсролын салбарт хэрэгжиж буй олон хөтөлбөрөөс “Авьяас” хөтөлбөрийг онцолж асуумаар байна. Үүнд хэдэн сая төгрөг зарцуулдаг вэ. Үр дүн гарч байна уу?
“Авьяас” хөтөлбөр үр дүнтэй, маш амжилттай хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор 120 төрлийн дугуйланд 430 мянган хүүхэд хичээллэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд бүх бага ангийг номын сантай болгосон. Ингэснээр хүүхдүүд завсарлагааны цагаар номтой нөхөрлөдөг болсон.
Харин энэ хичээлийн жилээс дунд ангийнхныг ангийн номын сантай болгоно. Бидний эцсийн зорилго ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийг номын сантай болгох юм. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 220 сургуульд 10 сая төгрөг, 764 цэцэрлэгт хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
-Жил бүр их, дээд сургуулиудын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ нь оюутнуудад нэлээд хүндрэлтэй байдаг. Ингэж нэмэх зайлшгүй шаардлага бий гэж бодож байна уу?
Их, дээд сургуулийн төлбөр энэ жил нэмэгдсэн. Гэхдээ инфляциас даваагүй. Төлбөрөө нэмсэн сургуулиудаас хамгийн их шүүмжлэлийг АУИС сонсч байна. Гэсэн ч тухайн сургуулийн нэмсэн төлбөр бусад хувийн хэвшлийн анагаахын сургуулийн төлбөрөөс бага байгаа. Тэдний хэмжээнд хүрээгүй, харьцангуй хямдхан байна гэсэн үг.
Энэ онд 13.9 тэрбум төгрөгөөр 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна.
-“Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа-2014” энэ үеэр зарим их, дээд сургууль нэмэлт бүртгэл авч байсан. Элсэлт дууссан үед анги дүүргэх гэж босго оноондоо хүрээгүй хүүхдүүдийг авдаг юм биш биз дээ. Үүнд ямар хяналт тавьдаг вэ?
Их, дээд сургуулийн элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014- 2015 оны хичээлийн жилээс шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар тогтоосон. Үүнээс дээш оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд орно. Доош оноо авбал ажил хийнэ гэсэн үг. 2015 оны хавар төгсөх босго оноог дахин нэмэх болно. Манайхаас өгсөн хяналтын тоонд багтааж л оюутнуудаа элсүүлэх ёстой. Мөн онц сурсан буюу 2.0-оос дээш голчтой оюутнуудад 70000 төгрөг олгоно. Үүнээс доош голчтой бол өгөхгүй байхаар тогтсон.
-Сургууль, цэцэрлэгийн засварын ажил нэлээд орой эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхлэхэд дуусгаж амжих уу. Сургууль, цэцэрлэгийн засварт энэ жил хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
Энэ онд 13.9 тэрбум төгрөгөөр 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна. Үүнээс 66 сургууль, 46 цэцэрлэг, дөрвөн дотуур байр, зургаан спорт зааланд засвар хийсэн. Улсын хэмжээнд засварын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна.