“Монгол Улсын Баатар” цол хүртсэн Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, ахмад дайчин П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлэв.
2014.09.08

Монгол улсын баатар П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлэв

Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Баатар” цол хүртсэн Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, ахмад дайчин П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 9 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.  

Уг арга хэмжээнд ГХЯ-ны үе үеийн дипломатууд, элчин сайд нар оролцсон бөгөөд энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, “Монголын Элчин Сайд нарын Клуб”-ын Ерөнхийлөгч бөгөөд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ц.Жамбалдорж, Элчин сайд асан Р.Жигжид нар хүндэтгэл үзүүлэн үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” гэсэн ардын сайхан сургааль бий. П.Шагдарсүрэн сайд Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг улстөр, дипломатын аргаар хангах бидний эрхэм үйлсэд бүхий л амьдралынхаа турш өөрийгөө зориулж, олон жилийн нөр их хөдөлмөр, хөлс хүч, зүтгэл, зүрх сэтгэлээ зориулан цуцалтгүй хөдөлмөрлөсний өгөөжийн үрээр алдар цуугийн торгон хүндэтгэлийг олж, хэний ч маргашгүй буяныг бас гавьяаг бүтээж хамт олон, ард түмэндээ хүндлэгдэн, хайрлагдсан ахмад дипломатч билээ” гэв.

Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол улсын баатар П.Шагдарсүрэн нар

Түүнчлэн энэ үеэр “Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном  болон “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг /хроник/ (МЭӨ 209-2014)” номын нээлт боллоо.

“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном нь  дэлхийд алдартай Britannica нэвтэрхий толийн тогтоосон загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн бөгөөд монголын түүх, дипломатын бодлогын уламжлал, олон улсын харилцааны түгээмэл ойлголт, нэр томъёо зэргийг үндэсний Britannica нэвтэрхий толийн сан хөмрөгөөс авч, монголын дипломатуудын намтар, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд болон олон арван фото баримтаар шинэчлэн баяжуулжээ.

“Монгол Улсын Гадаад харилцаа нэвтэрхий толь” хоёр боть ном  болон “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг номын нээлт боллоо

Мөн Ч.Болдаатарын зохиосон манай улсын гадаад харилцааны түүхэн замнал, монгол төрийн гадаад бодлогын он дараалал бүхий “Монголын Гадаад харилцаа түүхэн товчоон, он дарааллын бичиг номыг Герман Улсын хроник брэндийн загвар, дизайн аргачлал, стандарт жишгээр бүтээсэн юм.