Цацраг идэвхит бодисыг аюулгүй болгоход 460 гаруй сая төгрөг шаардлагатай
Нийслэл хотод амьдардаг хүмүүс цацраг идэвхит бодисоор амьсгалж, хооллож байна. Хэдийгээр ураны олборлолт хийгдэхгүй, атомын цахилгаан станц бариулахгүй гэж байгаа ч аль хэдийн цацраг идэвхт бодисын хор хөнөөл Нийслэлчүүдэд нөмөрчээ.
Тиймээс цацраг идэвхийн аюулгүйг хангахын тулд ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулсан байна. Ажлын хэсгийн тайлбарлаж байгаагаар хор хөнөөлийг бууруулахын тулд жилдээ 461 сая гаруй төгрөг шаардлагатай гэж үзлээ.
Өдөр бүр яндангаас гарах нүүрсний утаа, машинаас гарах хорт утаа, гудамжиндаа асгасан үнс, чимээгүй орших оршуулгын газраас байнга цацраг идэвхит бодис ялгарч байдаг.
Ийм байдал удаан үргэлжлэхийн бол жилээс жилд хорт хавдраар өвчлөх хүн амын тоо өсч, улмаар үр удмаараа мөхөх аюул тун ойрхон байгаа гэнэ.
Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулга “Энэ хөтөлбөрийг баталвал Засгийн газар, УИХ-ын шийдвэрт нөлөөлж байна уу гэдгийг сайн нягтлан үзэх хэрэгтэй” гэлээ.
Харин үүнийг ирэх жилийн төсөвт суулгавал цаг алдах учраас энэ жилийн Нийслэлийн нөөц хөрөнгөөс шаардлагатай санхүүжилтийг гаргаж цацраг идэвхит бодисыг устгах хэрэгтэй гэсэн байр сууринд НИТХ-ын тэргүүлэгчид санал нэгтэй байна.