Агаарын бохирдлоос үүсэх өвчний талаар иргэдэд сэрэмжлүүлсэн үү?
Агаарын бохирдлоос үүсэх өвчний талаар иргэдэд сэрэмжлүүлсэн үү?
2014.04.14

Агаарын бохирдлоос үүсэх өвчний талаар иргэдэд сэрэмжлүүлсэн үү?

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд тавьсан асуулгынхаа хариуг сонслоо.

Тэрээр агаарын бохирдлоос ард иргэдээ хамгаалахаар Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн судалгаа явуулж, үр дүнд хүрсэн ажил байгаа эсэх, иргэдэд утаанаас болж үүсч болзошгүй өвчний эсрэг сурталчилгааг явуулж байгаа эсэх, утаа урагт хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон судалгааны талаар асуусан юм. Мөн утаанаас болж өвдсөн тохиолдолд иргэдэд учирч буй эдийн засгийн хохирлыг тогтоох, нөхөн олгоход ямар нэгэн судалгаа, ажил хийж байгаа талаар лавласан.

Хүн бүрийн анхаарлын төвд байгаа энэ асуудлын талаар Н.Удвал сайд эхлээд ерөнхий мэдээлэл өгөв. Тэрээр “Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон. Судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахад 7-8 дахин илүү өвчилж, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байна.

Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдолт, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлахад Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна” гэв. Мөн Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгааны ажил байгаа эсэх талаар сайд хариулахдаа, гадаадын улс орнуудад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь ургийн өсөлт саарахад нөлөөлдөг болох нь батлагдсан байдаг. Манай оронд энэ судалгаа эхлэл төдий байгаа.

Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна

ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канад улсын Саймон Фрейзерийн их сургуультай хамтран “Агаарын бохирдлын ургийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах- УГААР” судалгааг 2013- 2015 онуудад хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангуулсан” гэв. Харин агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийг эмчлэхэд иргэдээс зарцуулж байгаа зардлын хэмжээ, эдийн засгийн хор хохирлыг тогтоох, түүнийг нөхөн олгох зохицуулалтын талаар одоогоор ажил хийгдээгүй байгаа” хэмээсэн юм. Үүний дараагаар Д.Сумъяабазар гишүүн Эрүүл мэндийн сайдаас цөөн асуултад нэмэлт хариу авав.

-Агаарын бохирдлоос үүсэх өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ, иргэдэд мэдээлж сэрэмжлүүлсэн үү, иргэдээ хэрхэн хамгаалж байгаа вэ?

-Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгаа учир 2013 онд Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргаж олон нийтэд сурталчилсан.Гэхдээ ганц сэрэмжлүүлгээр ард түмнийг сэнхэрүүлж чадахгүй байна.

Хүмүүс эхлээд мэдээлэлтэй, боловсролтой, зөв хандлагатай, дадалтай болоход тодорхой хугацаа, мөнгө шаардлагатай тул энэ жил эрүүл мэндийн эрчимтэй шинэчлэлийн хүрээнд иргэдийн өөрийн оролцоо бусад салбарын оролцоог дэмжих чиглэлээ Эрүүл мэндийг дэмжих сангаас хуваарилсан гурван тэрбум төгрөгөөр өрхийн эрүүл мэнд, сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан сургалт сурталчилгааг эрчимтэй, системтэй тасралтгүй байнга хийх үйл ажиллагаанд орж байгаа.

-Манай улсад төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж ирдэг. Чанар, үзүүлэх нөлөөний талаар хэлж өгөөч?

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хянах зөвлөл ЭМЯ-нд ажилладаг, зөвшөөрөл өгч, бүх зүйлд хяналт тавьдаг. Тухайн бүтээгдэхүүнийг анх орж ирэхэд нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөн биш эсэх шинжилгээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийдэг.