Түлшний үйлдвэрийн гацааг хайв
Ардчилсан намаас сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр ТЭЦ-II цахилгаан станц дээр зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтын сэдэв утаа байсан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон ТЭЦ-II дулааны цахилгаан станцын удирдлагууд оролцлоо.
Утааг бууруулах зорилгоор 2010 оноос Агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо зэрэг олон байгууллагууд шил шилээ даран нээгдэж, утааны эсрэг тэмцэж эхэлсэн. Тэмцлийн үр дүн өнөөдөр ямар байгааг гэр хороолол дундуур алхахад үзэхэд л мэдрэгдэх байх.
Цэвэр агаарын сан нь 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс нийт 92,5 тэрбум төгрөг төсөвлөж байснаас 2013 оны аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 67 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Утааг бууруулахын тулд сайжруулсан зуух, боловсруулсан түлш, бусад арга хэмжээ зэргийг авч хэрэгжүүлж байгаа юм. Утааны эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нэг том төсөл нь боловсруулсан түлш.
Коксжсон түлшийг энэ сард нийлүүлнэ
Гэрээний дагуу түлш боловсруулах үйлдвэр 2012 онд ашиглалтад оруулахаар байсан ч тодорхой шалтгааны улмаас одоо болтол ашиглалтад оруулаагүй байна.
Үүний нэг болох 16,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ТЭЦ-II-ийг түшиглэн дулаан, боловсруулсан түлшний үйлдвэр барихаар 2010 оноос гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Гэрээний дагуу түлш боловсруулах үйлдвэр 2012 онд ашиглалтад оруулахаар байсан ч тодорхой шалтгааны улмаас одоо болтол ашиглалтад оруулаагүй байна. Энэ төслийг “Аморе интернэшнл” ХХК хэрэгжүүлэхээр тендерт ялсан боловч боловсруулсан түлш одоо болтол нийслэлийн иргэдэд хүрээгүй байна.
Энэ талаар тус компанийн зүгээс тайлбарлахдаа “ТЭЦ-II түшиглэн 210 мянган тонн хагас кокосжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Бид нийт дөрвөн чиглэлээр цогцолборыг барьж байгуулах байсан юм. Тодруулбал, дулаан дамжуулах зуух, коксжсон түлш нийлүүлэх үйлдвэр, бүтээгдэхүүн хадгалах агуулах гэсэн чиглэлээр барих байсан. Гэвч дулаан дамжуулах зуухны нэг нь ашиглалтад орох боломжгүйгээгээс цогцолборын ажил зогсоод байна.
Үйлдвэрийн хувьд ажил дууссан ч барих ёстой хоёр зуухны нэгийг нь бариагүй учраас энэ асуудал гацахад хүрсэн. Компаний зүгээс зохиох хариуцлагаа бид өөрсдөө хүлээнэ” гэсэн тайлбарийг хэллээ. Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв хэлэхдээ “Нэгэнт зуухны асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа учраас бид энэ сардаа багтааж, боловсруулсан түлшийг үйлдвэрүүдээс авч коксжсон түлшийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ сардаа багтаан 5500 тонн орчимыг нийслэлийн иргэдэд тараах төлөвлөөд ажиллаж байна” гэлээ. Хагас коксжсон түлшийг тонн тутмыг 170 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөөд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж нэг тонн үртсэн шахмал түлшийг 150000 төгрөг, Цэвэр агаарын сангаас түлш авсан хэрэглэгчид үртсэн шахмал түлшний тонн тутамд 48000 төгрөг, хагас коксон шахмал түлшинд 72000 төгрөгийн татаас олгож байгаа юм байна. Боловсруулсан түлш нийлүүлэхтэй холбогдон гарах зардлыг мөн Цэвэр агаарын сангаас санхүүжүүлдэг. Үүнд, хэсгийн ахлагч нарын цалин, гэрээт борлуулагчдын урамшуулал, түлшний агуулахын түрээс, тээврийн зардал зэрэг ордог аж.