2013.11.21

Д.Дамба: Уурхайгаас улсын хил хүртэлх тээврийн асуудал чухал байна

Ийгл телевизийн “Тоон тойм” хөтөлбөрийн зочноор Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба оролцлоо.

-Өнөөдөр нүүрсний экспорт ямар байна. Урагшлах төлөв хандлага байна уу?

-Монголын нүүрсний экспорт өмнөх жилүүдээс эрс доошилсон. Энэ нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Нөгөө талдаа Хятадын нүүрсний хэрэглээ багассан. Мөн уул уурхайн салбарын эрх зүйн орчны тогтвортой бус, тодорхойгүй байдал нь салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа.

Түүнчлэн манай татварын орчин, татвар ноогдуулалтын бодлого салбарын үйл ажиллагааг дэмжсэн чиглэлтэй болж чадахгүй байна. Хамгийн гол нөлөөлж буй зүйл нь манай нүүрсний өөрийн өртөг өндөр байна. Борлуулах үнийн дүн, өөрийн өртөг хоёр тэнцүү буюу бараг өртөг нь давсан учраас их хэмжээгээр нүүрс борлуулах сонирхол нүүрс олборлогчдод бараг байхгүй болсон.

Өртгийг багасгах хэд хэдэн гол арга бий. Олборлолтын технологио боловсронгуй болгох, тэнд ажиллаж буй техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, илүү дамжлагуудыг цөөлөх гэх мэт. Бас нэг нөлөөлж буй хүчин зүйл нь гадаад тээврийн асуудал. Тухайлбал, уурхайгаас улсын хил хүртэлх тээврийн асуудал маш чухал байна.

Монголын нүүрсний салбар дэлхий дээр хамгийн өндөр өртөгтэй тээвэр буюу авто тээврийн системийг хэрэглэж байгаа. Энэ нөхцөлд нүүрсний үнэ ханшийг өсгөх боломж, бололцоо маш бага. Дэлхийн зах зээл дээрх үнэ ханш буугаад байхад манай үйлдвэрлэлийн өртөг, тээврийн өртөг зардал буухгүй байгаа нь эсрэг хамааралтай болоод байгаа.

Нүүрс экспортлогчид төмөр замын тээвэрт шилжих боломж эрх зүй талаасаа хаалттай байна.

Их хэмжээгээр тээвэрлэдэг бүтээгдэхүүнээ зөөхөд хамгийн өртөг багатай тээврийн хэрэгслийг сонгох ёстой. Энэ дээр төмөр замын тээвэр маш чухал үүрэгтэй. Төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо муу.

Эрх зүйн орчин нь харилцан уялдаагүй байна. Бид бүх нүүрсээ экспортолдог Хятад улс нарийн царигийн төмөр замтай. Гэтэл манай монгол улс өргөн царигийн төмөр замтай байхаар төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогодоо суулгаж өгсөн. Энэ хоёр бодлого зөрчилдөж байгаа.

Үүнээс болоод нүүрс экспортлогчид төмөр замын тээвэрт шилжих боломж эрх зүй талаасаа хаалттай байна гэж хэлж болно. Тиймд үүнийг яаралтай өөрчилж нарийн төмөр зам руу шилжүүлэх алхмыг төрөөс шуурхай, хугацаа алдалгүй хийх шаардлагатай. Мөн нүүрс гарч буй хилийн боомтууд дээр нэвтрүүлэх чадвар маш муу байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...