Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2013.11.21

Д.Галсандорж: Боловсруулсан нүүрс хоёр дахин өндөр үнэтэй

Ийгл телевизийн “Сая санаа” тоймчийн хөтөлбөрийн зочноор Монголын Экспортлогчдын Холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж оролцлоо.

-Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаад гол нөлөөлж буй хүчин зүйл нь юу байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ болоод манай жишиг үнэ хэдтэй байна вэ?

-Манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ зах зээл дээр унаж байгаа. Бидний судалгаагаар хятадын хэрэглээ багассан. Мөн Хятадын зах зээлд нүүрс нийлүүлдэг орон олширсон. 2012 онд манай нүүрсний экспортын орлого нийт эрдсийн бүтээгдэхүүний орлогын 50 орчим хувьтай байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 25 хувь болоод байна.

“Энержи Ресурс” компани энэ оны эхний 10 сард таван сая тонн угаасан нүүрс гаргаж, тонныг нь 90 доллараар зарж байгаа. Түүхий нүүрс гаргаж буй Эрдэнэс-Тавантолгой бусад аж ахуй нэгжүүд нүүрсээ 40 доллараар зарж байна. Тэгэхээр боловсруулсан нүүрс хоёр дахин өндөр үнэтэй. Монголын нүүрсний өрсөлдөх чадвар муу байгаа нь нэгдүгээрт чанарын түвшин янз янз.

Өсөн нэмэгдсэн рояалти авч буй татварын хуулийг хүчингүй болгох ёстой.

Манай нүүрсний экспорт замбараагүй. Хоёрдугаарт нүүрсээ шууд уурхайн амнаас хутгаад монголын ч, хятадын ч машинд ачиж байна. Олон улсынхаа зарчмаар бол уурхайн аман дээр чанарын тодорхой стандартыг хангахын тулд түүхий нүүрсэнд боловсруулалт хийх хэрэгтэй.

“Энержи Ресурс”-ээс бусад аж ахуй нэгжүүд дунд хугацааны гэрээ хийхгүй байна. Тоо хэмжээ гурав, тав, арван жилээр тохирох хэрэгтэй. Жилд 50 сая нүүрс гаргах бололцоотой ч 2014-2016 он хүртэл төмөр зам ашиглалтад орохгүй бол нүүрсний экспорт 20-25 сая дээрээ хоёр гурван жилдээ л байна.

-Сангийн яам, Уул уурхайн яамнаас эрдэс баялгийн жишиг үнийг тогтоодог. Энэ жишиг үнэ нь бодитой байж чадаж байна уу?

-Жишиг үнийг тогтоож, нүүрснээс нөөц ашигласны төлбөр таван хувийг авч байгаа. Хэрэв нүүрсний үнэ зах зээл дээр 100 доллараас дээш өсөх тохиолдолд түүхий ч бай, угаасан ч бай нүүрс таван хувь дээрээ 3-5 хувийг нэмж авдаг. Сангийн яамны жишиг үнэ, нөөц ашигласны төлбөрийг тогтоож буй аргачлал нь олон улсын стандартад байдаггүй.

Нөөц ашигласны төлбөр таван хувь нүүрс экспортлогчдод хүндээр тусдаг. Нэмж 3-5 хувийг авах нь нүүрс экспортлогчдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, тэр хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байгаа. Тиймд өсөн нэмэгдсэн рояалти авч буй татварын хуулийг хүчингүй болгох ёстой.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.