Д.Ганхуяг: Бид нүүрсний үнэ дээр алдсан
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.11.20

Д.Ганхуяг: Бид нүүрсний үнэ дээр алдсан

Монгол Улс энэ онд 34.7 сая тонн нүүрс экспортолж 466.1 тэрбум төгрөг төсөвт орлого болгох төвлөрүүлнэ гэж төсөвлөсөн ч талаар болсон. Үнийн хувьд нэг тонн нүүрсийг нэр төрлөөс нь хамааран 83.2-161.2 ат.доллараар худалдахаар тооцож байсан ч бүтээгүй. Ингэснээр улсын төсвийн орлого 1.5 их наядаар сох дутахад хийсвэр төсөөлөл том “үүрэг гүйцэтгэсэн”.

Тэгвэл хэлэлцэж хэрэлдэж, тохиролцож, наймаалцаж байж арайхийн хугацаандаа амжиж баталсан ирэх оны төсөвт нүүрсний талаар хэрхэн тусгав. Хэр үндэслэлтэй, бодитой үнэ тавив, хэр хэмжээний нүүрс гадагш гаргах нь вэ гэдгийг салбарын сайдаас нь тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ ирэх жилийн төсвийг баталлаа. Нүүрснээс орох орлогын хэмжээг яаж тогтоов?

-Нүүрсний үнийг сүүлийн 12 жилийн дунджаар тооцож тогтоосон. Хэмжээний хувьд 30 хүртэл сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөл байгаа. Энэ онд нүүрсний зах зээлийн ханш 30-40 хувийн бууралттай байна. Энэ нь эдийн засаг хүндрэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн.

Харин ирэх оны хувьд бид шинэ зохицуулалт оруулж байгаа. Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа 20 жилийн хугацаанд Тавантолгойгоос экспортлох нүүрснийхээ хэмжээг тохироод, санамж бичиг байгуулаад ирсэн. Тэгэхээр бид нэг жилд худалдах, худалдан авах хэмжээг тохироод явна гэсэн үг.

-Тэгэхээр нүүрс борлохгүй гэх айдас байхгүй гэж ойлгож болох уу?

-Тиймээ, энэ санамж бичгийг байгуулсан нөхцөлд бид нүүрсээ зарж чадахгүй гэх асуудал гарахгүй, тогтвортой байна гэж ойлгох ёстой. Мөн экспортлох нүүрсний хэмжээ ч тодорхой, тогтвортой байна. Бид энэхүү санамж бичгийг урт хугацааны гэрээ хэлэлцээр болгох талын ажилд ороод байгаа.

-Өнгөрсөн жилийн баталсан төсөвт нүүрсний талаар хэтэрхий өөдрөг төсөөлж алдаа гаргасан. Энэ алдаа дахин давтагдахгүй гэдэгт та итгэлтэй байгаа юу?

-Бид нүүрсний үнийн хувьд алдаа гаргасан. Түүнээс биш бусдаар биднээс үл шалтгаалах зүйлс байсан гэж хэлнэ. Тухайлбал, тээврийн асуудлаа яаралтай шийдэх шаардлага байна. Хятад руу нүүрс тээвэрлэхэд зардал их гардаг.

Нийт 170 мянган ам.доллартай тэнцэх 3.5 сая тонн хэмжээний нүүрс нийлүүлэх ёстойгоос одоогоор талыг нь нийлүүлсэн.

Хятадад маш олон орон нүүрс нийлүүлдэг учраас бодит өрсөлдөөн бий болсон гэж ойлгох ёстой. Нөгөөтэйгүүр нүүрсний үнэ унах тусам нэгж өртөгт нийцэх зардал нь өндөр тусч байгаа.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас манай хамгийн гол боомт болох Гашуунсухайтад төмөр зам тавихаар болсон. Ерөнхий сайд айлчлалаараа энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ төмөр зам тавигдахаар орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж ойлгож байгаа.

-Нүүрсний үнэ нэмэгдэх хандлага байна уу?

-Ер нь нэлээн тогтвортой байх хандлагатай байгаа. Хятадын нүүрс олборлож, борлуулдаг хамгийн том “Шинхуа” компанитай санамж бичиг байгуулсан. Зуучлагч компаниар дамжуулахгүйгээр шууд нийлүүлэхээр болсон.

-“Чалко” компанитай ямар харилцаатай байгаа вэ. Төлөх ёстой өр дуусах дөхөж байгаа юу?

“Чалко” компанид Тавантолгойн Зүүн цанхиас нүүрс нийлүүлдэг. Бид тэднийд нийт 170 мянган ам.доллартай тэнцэх сая тонн хэмжээний нүүрс нийлүүлэх ёстой. Одоогоор талыг нь нийлүүлсэн. Энэ ондоо багтаад дуусчих байх.