Нүүрсээ “ногооны” нөөц болгох цаг айсуй
Манай улсын экспорт энэ жил огцом буурсан. Үүнтэй ч холбогдуулан энэ жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 146.5 тэрбум төгрөгөөр бууруулан тооцоод байгаа.
Одоогоор ашигт малтмалын экспорт өнгөрсөн жилийнхээс 9.5 хувиар буурч 86.9 хувь болсонтой хамаатай. Тэр дундаа коксжих нүүрсний экспорт бүр зогсонги байдалд орж байсан удаатай. Үүнээс улбаалж улсын төсөвт коксжих нүүрснээс орох орлого тасрах болсон билээ.
Жишээлбэл, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн ногдол ашгийн орлого 17.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ингээд нүүрсний тасарсан орлогыг төмөр, цайрын баяжмалын экспортын өсөлтөөр нөхөх юм.
Коксжих нүүрснээс олох орлого ямар байсан одоо хэд болсныг харуулъя. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын байдлаар 12 гаруй сая тонн нүүрс экспортолж, 1.2 тэрбум ам.доллар олж байв. Гэтэл энэ онд 9.5 сая тонн нүүрс экспортолж 693 сая ам.доллар олсон. Уг нь, энэ онд 30 сая тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөө бий. Зарим эдийн засагч 20 сая тоннд хүрвэл дээд хэмжээ нь хэмээн үзэж байгаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
“Энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох учиртай. Үүний 90 гаруй хувийг биелүүлэх бүрэн боломж бий. Олборлосон нүүрс есдүгээр сарын байдлаар Цагаан хад болон уурхайнуудад 19.7 сая тонн болсон. Үүнээс гадна урьд нь олборлосон нөөц ч чамгүй байгаа. Гагцхүү тээвэрлэлтийн асуудал л бий” хэмээн өчигдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.
Тэрээр мөн “Дөрвөн боомтод төмөр зам тавих талаар Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Зам тээврийн сайд манай улсын Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам тээврийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Удахгүй, боомтын төмөр зам тавих царигийн асуудлаа шийднэ. Боомтын төмөр тавих талаар “Монголын төмөр зам” компани Хятадын “Шинхуа Энержи” компанитай санамж бичигт гарын үсэг зурсан. Боомтын төмөр барих ажлын явц хурдан байгаа” гэв.
төсөл 2013-2032 он
Энэ оны эхнээс дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 32 хувиар буураад байгаа. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар үнийн энэ уналт 12-18 сар үргэлжлэх төлөв бий. Ирэх жилийн улсын төсөвт нэг тонн коксжих нүүрсний үнийг 81.6 ам.доллар байхаар тооцсон. Одоогоор уурхай дээрээ нэг тонн нүүрс 40-50 ам.долларын үнэтэй байгаа аж.
Уг нь, манай улсад нүүрсний экспорт нэмэгдэх боломж бий. Учир нь, Хятад улс ашигт малтмалын гол хэрэглэгчийн нэг. Тус улсын коксжих нүүрсний хэрэглээ энэ онд 30 хувиар өссөн. Олон улсын шинжээчид Хятадын коксжих нүүрсний нөөц өнгөрсөн жилийнхээс 20 хувиар дундарсан хэмээж байгаа. Гэтэл манай улсын коксжих нүүрсний экспорт 40 хувиар буурсан үзүүлэлт гараад буй билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан урд хөршид айлчилсан. Энэ үеэр ирэх 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн коксжих нүүрс тус улсад нийлүүлэх боллоо. Үүнийг коксжих нүүрсний өнөөгийн ханшаар тооцвол дор хаяж 50 тэрбум ам.долларын орлого олох тооцоо бий. Уг нүүрсийг Таван толгой ордоос нийлүүлэх юм.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн өмчит “Таван толгой”, “Энержи ресурс” компаниуд Хятадын төрийн өмчийн “Шинхуа энержи” компанид нүүрсээ зарна гэсэн үг. Үүнээс гадна “Өмнийн говийн элс”, “МАК”, “Чинхуа Мак” зэрэг бусад компани ч дээрх хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлох боломж бий хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд тооцоод байна. Одоогоор хаана, хэнд нийлүүлэх зах зээлийн судалгаа хийж буй ажээ. Эндээс үзвэл манай улс жилд дунджаар 50 сая тонн нүүрс экспортлох нь.
Ирэх жилүүдийн нүүрсний экспортын графикаас үзвэл 2014 онд 40, 2015 онд 50 сая тонн нүүрс урд хөршийн зах зээлд нийлүүлэх юм. 2025 он гэхэд 74 сая тонн давах төсөөлөл гарлаа. Үүнээс гадна дотоодын эрчим хүчний системийн нүүрсний хэрэглээ ч өснө. Тухайлбал ирэх жил 10, 2016 онд 13 сая тонн хүрэн нүүрс эрчим хүчинд хэрэглэх ажээ.
Хүрэн нүүрснээс жилд 15 сая шоо метр шатдаг хий үйлдвэрлэнэ
Монгол Улс хүрэн нүүрсээр баялаг. Эдүгээ дэлхийн зах зээлд нэг тонн хүрэн нүүрсний үнэ 20 ам.долларын үнэтэй байна. Гэвч хүрэн нүүрсээ олборлоод экспортлох боломжгүй. Яагаад гэвэл, зарах үнээсээ илүү зардал гарах юм.
Үйлдвэр жилд 50 сая тонн хүрэн нүүрснээс 15 мянган шоо метр шатах хий гаргах хүчин чадалтай байхаар төлөвлөж байна.
Харин шингэрүүлж шатах хий болон бусад дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү ашиг олно. Тиймээс Хятадын Газрын тос, химийн корпораци буюу “SINOPEC”- тай хамтарч хүрэн нүүрснээс шатах хий гаргах санамж бичиг байгуулжээ. Энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг хангахаас гадна Хятадад бүтээгдэхүүнээ экспортлох юм. Уг үйлдвэр жилд 50 сая тонн хүрэн нүүрснээс 15 мянган шоо метр шатах хий гаргах хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол нэг тэрбум ам.доллар болно. Жилд үйлдвэрлэх шатах хийн 10 хувиар нь Улаанбаатар хотын гэр хорооллыг дулаанаар хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Ингээд “Гудамж” төслийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтарч хийн түлш дамжуулах хоолойн сүлжээний зураг төсөл, төлөвлөгөөг хийх болсон байна.
Гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудлын эхлэл 2016 оноос тавигдах гэнэ. Үүнээс гадна хүрэн нүүрснээс дизелийн түлш гаргах төслийн судалгаа, шинжилгээний ажил ч хийгдэж байна. Хэрэв эдгээр төсөл хөтөлбөр бодитоор хэрэгжвэл нүүрсний салбарынхны “Нүүрс Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур” гэсэн уриа үг биелэлээ олох болно.