Д.Дамба: Баяжмалаа бэлдэц болгох асуудлуудыг ярих биш, шууд ажил хэрэг болгомоор байна
Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.11.25

Д.Дамба: Баяжмалаа бэлдэц болгох асуудлуудыг ярих биш, шууд ажил хэрэг болгомоор байна

Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай боловсруулах салбарын талаар цөөн хором ярилцлаа.

-Уул уурхайн салбарт боловсруулах салбар төдийлөн хөгжиж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Монгол Улсад тэр дундаа уул уурхайн салбарт анхаарч хөгжүүлэх ёстой зүйл бол эрдэс баялгийн бүтээгдэхүүнүүд юм. Өөрөөр хэлбэл, эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулж экспортлох шүү дээ. Ингэснээр манай орны эдийн засгийн хөгжүүлэх, шийдвэл зохих ёстой нэг арга хэмжээ юм.

Манай улс металлийн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Тэр дундаа зэс, төмөр, цайр, алт гэсэн төрлийн металлийн нөөцтэй. Зарим төрлийн нөөцийн үзүүлэлтээр эхний 10 дугаарт ордог орон шүү дээ. Тэгэхээр энэ баялгаа бид түүхий юм уу, эсвэл хагас боловсруулаад баяжмал хэлбэрээр экспортолдог нь өнөө цагт жаахан учир дутагдалтай байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулж, тооцоо судалгаан дээр үндэслэж шийдэх асуудал юм. Тиймээс энэ асуудалд судалгаа шинжилгээ төдийгүй худалдан авах талын хүсэл сонирхол байгааг нэн тэргүүнд мэдэх шаардлагатай.

-Ашигт малтмалыг боловсруулахад юуг илүүтэй анхаарах ёстой вэ. Энэ чиглэлийн эрх зүйн орчин манайд хангалттай байна уу?

Ашигт малтмалыг ашиглаж, боловсруулахдаа маш өргөн чиглэлийг хамруулах хэрэгтэй.

-Ашигт малтмалыг ашиглаж, боловсруулахдаа маш өргөн чиглэлийг хамруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдрийг боловсруулаад төмрийн бэлдэц гаргах байлаа гэхэд түүнийг дагаад кокс химийн үйлдвэр хөгжих ёстой. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн салбарт маш их хөрөнгө оруулалт шаардагддаг. Өндөр өртөг зардал шингэсэн үйлдвэрийг байгуулдаг болохоор нэн тэргүүнд хөрөнгө мөнгөний асуудлыг яаралтайгаар шийдвэрлэх ёстой.

Манайд одоогоор төмрийн хүдрийг боловсруулаад баяжмал хийж, дараа нь бэлдэц болгосон үйлдвэр байхгүй байна. Цөөн тооны туршилтын маягтай үйлдвэр л байгаа. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэр бол хаягдал төмөр боловсруулах зориулалттай шүү дээ. Тэгэхээр үүнийг технологийн шугамд нэмэлт өөрчлөлт хийж, баяжмалаа бэлдэц болгох асуудлуудыг ярих биш, шууд ажил хэрэг болгомоор байна.

-Боловсруулах салбарт дэлхийд тэргүүлдэг орны туршлагыг судалж үзсэн үү. Манайд нэвтрүүлэхэд хэр боломжтой байна вэ?

-Дэлхий дээр металл боловсруулахад өндөр хөгжсөн орон бол Финлянд улс юм. Харин манай урд, хойд хөршид ч металл боловсруулах үйлдвэр байдаг. Гэхдээ Финлянд улсын арга технологи нь байгаль орчинд ээлтэй төдийгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгээрээ нэлээд ач холбогдолтой. Тиймээс энэ чиглэлийг манай улс нэвтрүүлэх нь зүйтэй гэж боддог.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль өнгөрөгч сард УИХ-ын чуулганаар батлагдсан. Ингэснээр уул уурхайн салбар тэр дундаа боловсруулах салбар хөгжихөд асар их хувь нэмэртэй гэж үзээд байгаа. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Саяхан батлагдсан хөрөнгө оруулалтын тухай хуульд дотоод, гадаад гэж ялгахгүйгээр тэнцвэртэй бодлого баримтална гэсэн байгаа. Энэ бол маш зөв зүйтэй бодлого. Өмнө нь заавал гадаадын компани тогтвортой байдлын гэрээ байгуулдаг. Татвараас тодорхой хэмжээгээр хөнгөлөлт эдэлдэг байсан. Тэгвэл энэ удаад дотоодын компаниуд маань ийм гэрээ байгуулаад, үйл ажиллагаа эрхлээд явах бүрэн боломжтой боллоо шүү дээ. Нөгөөтэйгүүр, татварын бодлогоор энэ чиглэлийг дэмжих ёстой. Манай улсад олборлох үйлдвэр нэлээд байдаг.

Тэдгээр үйлдвэрийн татварын асуудлыг бодлогоор зохицуулаад, тодорхой хуримтлалын сан бий болгоод явах цаг нь болсон. Боловсруулах үйлдвэр барихад нэлээд хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж би дээр хэлсэн. Тиймээс хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжиж, сан байгуулах ёстой. Тодорхой хөрөнгө хуримтлагдсаны дараа олборлох үйлдвэрлэлийн салбарынхан өөрсдөө боловсруулах үйлдвэрлэл рүү шилжих боломжийг нь нээж өгөх ёстой.

Төмрийн хүдрээр улсын хэмжээнд одоогийн байдлаар 20-иод аж ахуйн нэгж олборлох үйл ажиллагаа явуулж байгаа.

Түүнчлэн манай улсад хамгийн түгээмэл байгаа нь төмрийн хүдэр юм. Төмрийн хүдрээр улсын хэмжээнд одоогийн байдлаар 20-иод аж ахуйн нэгж олборлох үйл ажиллагаа явуулж байгаа.

-Хайгуулын тусгай зөвш өөрлийг шинээр олгохыг хориглочихсон байгаа. Энэ нь шинээр нөөц илрүүлэхэд хүндрэлтэй байна гэж яриад байдаг. Цаашид үүнийг хэрхэх ёстой вэ?

-Тийм ээ. Манай улс одоо хайгуулын ажлыг эрчимжүүлэх ёстой. Манай улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглочихсон байгаа. Энэ нь шинээр нөөц илрүүлэхэд маш их саад тотгор болно. Аль болох үүнийг хурдан шийдэхгүй бол Монгол Улсын металл болон ашигт малтмалын нөөц бэлтгэх үйл ажиллагаа маань учир дутагдалтай болох юм.

Өөрөөр хэлбэл, олборлолт явагдаад байдаг. Эрэл хайгуулын ажил шинээр хийгдэхгүйгээс болоод цонх гарах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хайгуулын тусгай зөвш өөрлийг хориглосон нь металл болон ашигт малтмалын нөөц өд цаашид цонх гарч болзошгүй гэсэн үг. Үүнийг тэр дундаа хууль тогтоогч байгууллага маш их анхаарах ёстой.