Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
2013.12.03

"Чалко"-гийн өрийг энэ ондоо багтаан төлж чадахгүй

Шинэчлэлийн засгийн газар энэ ондоо багтаан” Чалко”-ын өрийг барагдуулна гэж байсан ч тээвэрлэлтэд хүндрэл гарсан учир өрөө он дамжин төлөхөөр болсон байна.

Манай улс урд хөршийн “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар  өгнө гэж гэрээ хийгээд урьдчилгаа болгон 350 сая ам.доллар авсан.

Харин энэ өрний барьцаанд орж манай улс баялагаа зах зээлийн үнэ ханшаар өгч чадахгүй байна гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдэж энэ ондоо багтаан өрөө дарахаар нүүрсний олборлолтыг нэмэгдүүлсэн. Гэсэн ч Засгийн газрын бас нэг зорилт бүтэхгүй болж байна. Учир нь манай бодит нөхцөл байдал ерөнхий сайдын амлалтаас арай өөр байгаа юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Олборлолт дуусч, бэлэн болсон. Тээвэрлэлт явагдаж байгаа ч манай компаниудын хүчин чадал хүрэхгүй дахиад 6-7 туслан гүйцэтгэгч тээврийн компани нэмж оруулаад явж байна.

Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн “Манай нүүрс хамаагүй үнэтэй байна. Гэтэл МАН-ын бүтэхгүй нөхөд хамгийн муу гэрээг байгуулж, нүүрсний үнийг буулгалаа. Бид өрөө дараад, үнээ бодит байдлаар тогтооно” гэж мэдэгдсэн.

“Чалко”-тай байгуулсан гэрээг цуцлаад нүүрсний үнэ өснө гэсэн баталгаа байхгүй, бүр энэ үнээсээ ч унавал яах вэ гэсэн асуулт хариултгүй байна.