Хуучин дугуйны импортыг хориглохыг Засгийн газарт даалгалаа
Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, мөн төрөөс иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах үүрэгтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг.
Хэдийгээр төр хуульд заасан ийм үүрэг хүлээдэг ч манай сонин дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэж хэдэн мянгаараа аюултай хаягдал болж, агаарын бохирдолд хорт бодис нэмж байгаа хуучин дугуйны талаар хөндөн уншигчдадаа цуврал нийтлэл хүргэсээр байгаа билээ. Хэрэгцээгүй болсон хуучин дугуйг гаднаас импортоор оруулахыг хориглосноор аюултай хаягдлыг багасгаж агаарын бохирдлыг бууруулахад тустай гэсэн санааг бид дэвшүүлсэн юм. Мөн энэ сэдвээр УИХ-ын төвшинд ч хүчтэй ярьж эхэллээ.
Учир нь Ерөнхийлөгч дэргэдээ ажиллуулж байсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэхээр Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Энэ төслийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм.
Түүнчлэн хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд хийх ажлын нэг нь нүүрсийг коксжуулж түлшинд нэвтрүүлэх нь чухал гэж үзсэн байна. Гэвч өмнөх Засгийн газрын үед ТЭЦ II түшиглэн нүүрс коксжуулах үйлдвэр байгуулахаар болж 17 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн ч тодорхой үр дүн гараагүй. Цаашид ийм хариуцлагагүй байдал үргэлжилж, коксжуулах үйлдвэр барих боломжгүйд хүрвэл ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг буцаан төлүүлэх асуудал ярих ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.
хуучин дугуйны импортыг хориглох нь хоёр талын чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Харин агаарын бохирдлыг багасгах, утааг бууруулахтай холбоотойгоор гишүүдээс гаргасан бас нэг санал нь автомашины хуучин дугуйг импортоор оруулж ирэхийг хориглох тухай байлаа. С.Баярын Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ асуудлыг хөндөж Засгийн газрын тогтоол гарч байсан ч өнгөрсөн хугацаанд хуучин дугуйны импортыг хориглох асуудал ажил хэрэг болоогүй юм.
Харин одоо шийдвэрийг хэрэгжүүлэх талд ажиллахыг Засгийн газарт даалгалаа. Хуучин дугуй импортоор их хэмжээгээр орж ирдэг, үнэ хямдыг нь бодож монголчууд худалдан авдаг. Гэвч авто машинд хэрэглэх боломжгүй болсны дараа түлш болж хувирдаг. Мөн хуучин дугуй аюулгүй байдал хангаж чадахгүй байгаа. Тиймээс хуучин дугуйны импортыг хориглох нь хоёр талын чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. Энэ төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Мөн дугуй болон бусад аюултай хаягдлыг шатааж, түлвэл хариуцлага тооцох журмыг боловсруулж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн агаарын чанарын албанаас өглөө.