Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналт хэрэгтэй
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан
2013.11.11

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналт хэрэгтэй

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан болов. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан даргалж дөрвөн үндсэн асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Уул уурхайн яамны төлөөлөл Боловсруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар танилцууллаа. Илтгэлд дурдсанаар Улаанбаатар хотын хэмжээнд өвлийн улиралд гэр хорооллын 183 мянган айл өрхийн хэмжээнд хүрэн нүүрсний дундаж илчлэг болох 3200-3500 ккал/кг илчлэгээр тооцвол 900 мянга орчим тонн түүхий нүүрс, харин түүнийг 5500-5800 ккал/кг илчлэг бүхий боловсруулсан түлш буюу хагас коксон шахмал түлш, үртсэн шахмал түлшээр орлуулбал 600 мянга орчим тонн түлш хэрэгцээтэй байгаа ажээ.

2013-2014 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн айл өрхийн хэмжээнд 35 мянга тонн орчим боловсруулсан түлш шаардлагатай.Энэ жил хагас коксон утаагүй түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа “Шарын гол энерго” ХХК, “НАКО түлш” ХК, “МАК” ХХК зэрэг гурван компани, шинээр хагас коксын үйлдвэр байгуулж үйлдвэрлэлээ эхлүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа “Хөх чоно“ групп, “Баялаг эрдэнэ цом” ХХК гэсэн нийт таван компани байгаа юм байна.

“Шарын гол энерго” ХХК 5000 тонн хагас коксон шахмал түлш, “НАКО түлш” ХК 1000 тонн хагас кокс, “МАК” ХХК 15 000-20 000 тонн хагас кокс, “Хөх чоно” групп 8900 тонн хагас кокс, “Баялаг эрдэнэ цом” ХХК 2000-3000 тонн хагас кокс тус тус үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Эдгээр таванн компани нийтдээ 30 000-35 000 тонн хагас кокс, хагас коксон шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байгаа боловч“Хөх чоно” групп зэрэг зарим үйлдвэр тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологи зүгшрүүлэлтийн шатандаа явж байгаа бол “НАКО түлш”, “Баялаг эрдэнэ цом” ХХК, “МАК” ХХК-ийн үйлдвэрлэлийн зардлын санхүүжилтын асуудал хүндрэлтэй гэх зэрэг нөхцөл байдлыг тооцож үзвэл энэ өвөл 20 мянга орчим тонн хагас коксон түлш үйлдвэрлэх бодит боломж байна гэж үзжээ.

Агаарын бохирдол

Мөн эдгээр таван компанийн “Шарын гол энерго” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК-аас бусад нь дулааны аргаар боловсруулсан хагас кокс үйлдвэрлэх, түүнийг брикет болгохболомжгүй аж.

Иймд ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэх байгуулж байгаа жилд 210 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх төслийн ажиллахад бэлэн болоод байгаа брикетийн үйлдвэр болон шахмал түлшний барьцалдуулагч-шингэн шилний үйлдвэрийг яаралтай ашиглалтад хүлээн авбал дээрхи компаниудын үйлдвэрлэсэн хагас коксыг брикет болгон шахмал түлш үйлдвэрлэх боломжтой тухай саналыг компаниуд гаргажээ.

Брикетийн цехийн нэг шугамын хүчин чадал 14 тонн/цаг, хоёр шугам зэрэг ажиллахад 28 тонн цаг бөгөөд үйлдвэрийг ашиглалтад оруулж 24 цагаар ажиллуулбал нэг сарын хугацаанд 20 мянган тонн брикет шахах боломжтой гэж үзжээ.

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрлэлийн зардал гадаад дотоодын зах зээл дээрх түлш шатахуун, сэлбэг хэрэгслийн үнэ өртөг өссөн, Цэвэр агаарын сангаас бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр хийх боломжгүй болсноос шалтгаалан үйлдвэрлэгч компаниуд түүхий эд болох нүүрсний үнийг бууруулах боломжийн талаар хүсэлт гаргасан байна.

“Шарын гол энерго” ХХК, “МАК” ХХК, “НАКО түлш” ХК, “Хөх чоно” групп, “Баялаг эрдэнэ цом” ХХК зэрэг компаниудын үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг бууруулах зорилгоор Багануур ХК-ийн нүүрсний уурхайгаас олборлож байгаа нүүрснээс 50 мянган тонныг хямдралтай үнээр нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар Уул уурхайн яамны төлөөлөл илтгэлдээ дурдлаа.

Гэвч нэгэнт галлагааны улирал эхэлсэн хойно өмнөх гурван жилийн нэг ижил бэрхшээл зовлон тоочиж байгаа нь учир дутагдалтай болохыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан сануулж, иймэрхүү маягаар ажиллавал 50 жилийн дараа ч утаанаас ангижрахгүй хэмээж ажлаа яаравчлахыг хатуу анхаарууллаа.

Тэрээр утааг бууруулах ажилд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналт юу юунаас илүү болохыг хэлсэн юм.

Машины дугуй зэрэг агаар ихээр бохирдуулдаг зүйлс түлж шатааж буй айл өрхийг иргэд өөрсдөө илрүүлж гар утсаар зургийг нь авч холбогдох байгууллагад илгээх, утаатай тэмцэхэд иргэд идэвхтэй оролцохын чухлыг хуралдааны үеэр тэмдэглэв.

“Цэвэр агаар” сан 2011 онд байгуулагдаж, жил бүр давхардсан тоогоор 22 орчим ажил санхүүжүүлж, 92,5 тэрбум төгрөг төсөвлөн ажилласан талаар тус сангийн гүйцэтгэх захирал Э.Баасан танилцуулж, орон тоо, хүн хүч дутмаг байгаа талаар хэлж байлаа. Хамгийн сүүлийн байдлаар тус сангаас утаагүй 45 мянган ширхэг зуухыг айлуудад тарааж байгаа юм.

Хуралдааны төгсгөлд “Шарын гол энерго” ХХК, “МАК” ХХК, “НАКО түлш” ХК, “Хөх чоно групп” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК зэрэг түлш үйлдвэрлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртгийг бууруулах зорилгоор Багануур ХК-ийн нүүрсний уурхайгаас 100 мянган тонн түүхий нүүрсийг дулааны цахилгаан станцуудад борлуулж байгаа үнээр нийлүүлэх, үйлдвэрлэсэн хагас коксыг брикетлэх, тээвэрлэх, нөөцлөх зэрэг үйлдвэрлэлийг жигд явуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж 2013 оны 12 дугаар сарын 1-нээс түлш нийлүүлж эхлэхийг Уул уурхайн яаманд даалгалаа.

Мөн Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэмийг зөрчиж хөнгөлөлттэй үнээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан боловч ашиглахгүй, зарж борлуулсан, үрэгдүүлсэн, зааврын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил гаргасан иргэдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд “Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-ийн удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэд даалгав.

Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зорилгоор ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн баригдаж буй хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн угсралтын ажил бүрэн дууссан байна. Иймд агуулах, шингэн шилний үйлдвэр, брикетлэх цех зэрэг объектыг хэсэгчлэн хүлээн авч ашиглах боломжтой эсэхийг судлан үзэх, үйлдвэрийн ажилчдыг сурган дадлагажуулах зэрэг ажлыг зохион байгуулах,

стандартын шаардлага хангаагүй агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын тухай мэдээллийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор мэдээлэх, шаардлага тавих, хариуцлага тооцох эрх зүйн орчинг бүрдүүлэх, “Цэвэр агаарын сан”-гийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд голлон анхаарч, шуурхай, санаачлага гарган хуулийн шаардлагад нийцүүлэн ажиллах зэргийг холбогдох яам, албан тушаалтанд даалгалаа.