2013.09.11

Бүрэн шаталттай зуухыг 45000 өрхөд олгоно

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталттай зуухыг 93 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил энэ сарын 15-наас эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ, Агаарын чанарын алба, “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийт долоон дүүргийн хэсгийн ахлагчдыг хамруулсан зөвлөлгөөн зохион байгуулж, энэ жил хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.

2011 оноос хойш 121 мянган өрхөд бүрэн шаталттай зуух хөнгөлөлттэй үнээр олгосон. Үүний үр дүнд хорт утааны агууламж 5-30 хувиар буурсан гэсэн үзүүлэлтийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Ус, цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан юм.

“Цэвэр агаар” сан болон Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 45 мянган айл өрхийг дээрх зуухаар хангана гэсэн тооцоо гаргажээ. 33 мянган төгрөгийн үнэтэй уг зуухыг төвийн зургаан дүүрэгт байнгын 2-3 цэг, мөн 11 гэр цэгээр дамжуулан борлуулах юм байна.

Хөдөө орон нутгаас шилжин ирсэн мөртлөө хотод бүртгэлгүй айл өрхөд зуух олгох боломжгүй.

Сүхбаатар дүүргийн XI хорооны VI хэсгийн ахлагч Н.Сандагцэрэн зөвлөлгөөний үеэр “Манай хэсгийн ихэнх айл өрх бүрэн шаталттай зуухтай болсон. Харин манай хэсэгт амьдардаг, хаягийн зөрчилтэй буюу шилжүүлэг хийлгээгүй айл өрхүүд дээрх зуухыг авах боломжтой юу” хэмээн асуусан юм.

Энэ талаар “Цэвэр агаар” сангийн захирал Г.Баярсайхан “Хөдөө орон нутгаас шилжин ирсэн мөртлөө хотод бүртгэлгүй айл өрхөд зуух олгох боломжгүй. Харин нийслэлийн бүртгэлд хамрагдсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр зуух авна. Мөн нэг хаяг дээр хоёр, гурван айл амьдарч байгаа тохиолдолд тухайн өрхүүд гэрлэлтийн баталгаагаа үзүүлэн авах боломжтой” гэлээ.

Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айл өрх бүрэн шаталттай зуухтай болж, агаарын бохирдол 60 хувиар буурна гэсэн тооцоог нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ.