Энэ жил 3000 автомашиныг хосолмол хөдөлгүүртэй болгоно
Нийтийн тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь дизель хөдөлгүүртэй учраас агаарыг ихээхэн бохирдуулдаг. Тиймээс том оврын автобусыг хосолмол хөдөлгүүртэй болгох ажил хийгдэж байгаа юм. Уг ажлын явцын талаар Цэвэр агаар сангийн Мэргэжилтэн Г.Баярсайханаас тодрууллаа.
-Нийтийн тээврийн хэрэгслүүдийг дизель газ хосолмол хөдөлгүүртэй болгох ажлын явцын талаар тодруулаач?
-Агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас үүсэлтэй гэж үздэг. Үүнийг энэ талаар шинжилгээ, судалгаа хийдэг байгууллагууд нь баталчихсан байгаа. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол ихэвчлэн нярай буюу бага насны хүүхдүүдэд маш их сөрөг үр дагаваруудыг бий болгодог.
Тухайлбал, олон төрлийн амьсгалын замын өвчин сэдрээдэг хор хөнөөлтэй. Тиймээс нийтийн тээврийн том оврын автобусыг дизель, газ хосолмол хөдөлгүүрт шилжүүлэх ажлыг манай Цэвэр агаар сангаас санхүүжүүлэн, зохион байгуулж байна. Одоогоор нийслэлийн том оврын 400 тээврийн хэрэгслийг эхний ээлжинд хосолмол хөдөлгүүртэй болгохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн жил есөн ширхэг дувобусыг угсарч нийтийн үйлчилгээнд явуулаад байна. Түүнчлэн хорт утааг багасгах үүднээс төр захиргааны байгууллагуудын 1500 ширхэг автомашинд пилтержүүлэх ажлыг хийсэн. Уг ажил нэлээд үр дүнтэй байгаа.
-Тэгвэл хорт утааг багасгах филтержүүлэх ажил энэ жил хийгдэх үү?
Одоогоор нийслэлийн том оврын 400 тээврийн хэрэгслийг эхний ээлжинд хосолмол хөдөлгүүртэй болгохоор ажиллаж байгаа.
Энэ жил хорт утааг багасгах зориулалттай филтержүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайлбал, төр захиргааны байгууллагуудын 3000 автомашинд филтержүүлэх ажил хийгдэнэ. Ер нь төр засгийн бодлого хоорондоо уялдаа холбоотой, залгамж халаатай явагдаж байна. Учир нь 2009 онд “Дунд хугацааны зорилтод хөтөлбөр”-ийн хүрээнд том оврын автобуснуудыг хосолмол, байгальд хор хөнөөл багатай хөдөлгүүртэй болгох ажил эхэлсэн. Энэхүү ажил одоо дуусах шатандаа явж байна. Харамсалтай нь манай автобус компаниуд энэ ажилд бага зэрэг хойрго хандаад байгаа.
-Дээрх ажлын сунжрах болсон гол шалтгаан нь автобус компаниуд гэж ойлгож болох уу?
-Миний ойлгож байгаагаар автобус компаниудын инженер, жолооч нар өдөр бүр байгууллагын бензин өөртөө илүү гаргаад бага хэмжээгээр авчихдаг. Мөн автобус компаниудын дарга нар Засгийн газраас байнга шатахууны татаас авдаг. Гэтэл автобусных нь хөдөлгүүр байгальд ээлтэй бензин хэрэглэдэггүй хөдөлгүүртэй болох гэхээр байгууллага дотроосоо эсэргүүцэлтэй тулгараад байна гэж харж байгаа. Ер нь энэ мэт ашиг сонирхлын зөрчлөөс болоод дээрх ажил ийнхүү сунжирч байгаа.
-Хосолмол хөдөлгүүрийг суурилуулснаар ямар ашиг тустай талаар хийсэн судалгаа байгаа юу?
Хосолмол хөдөлгүүрийг суурилуулснаар жилдээ нэг автобус 4.2 сая төгрөг хэмнэнэ
-Хосолмол хөдөлгүүрийг суурилуулснаар нэг автобус жилд хэчнээн төгрөгийн хэмнэлт хийж болох талаар уг тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа компанийн судалгаа, туршилт байдаг. Тодруулбал, жилдээ нэг автобус 4.2 сая төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гарсан байгаа. Хэрэв 400 автобусыг бүгдийг нь хосолмол хөдөлгүүртэй болгочихвол жилдээ нийт 1.6 тэрбум төгрөг зөвхөн шатахуунаас хэмнэнэ гэсэн үг. Гэтэл хэмнэсэн мөнгөөрөө 18 шинэ автобус худалдаж авах боломж бүрдэх ёстой.
-Одоогоор хэчнээн автобусны хөдөлгүүрийг солиод байгаа вэ?
-400 автобусын хөдөлгүүрийн дизель, газ хосолмол болгох ажил эхлээд бүтэн хоёр жил болж байгаа. Гэтэл одоогийн байдлаар 152 ширхэг автобусны хөдөлгүүрийг л солиод байна. Ер нь энэ ажил хэт удаашралтай, сунжирч байгаа. Өнгөрсөн хугацаанд автобус компаниудад гүйцэтгэлийн хяналт, шалгалтын ажлыг хийгээд бие бие рүүгээ бичиг, цаас өгсөөр байна.
Тухайлбал, хотоос ч, манайхаас ч, Зам тээврийн яамнаас олон байгууллагаас бичиг, цаас хангалттай өгсөн. Ер нь хэдхэн автобус компаниудын хувийн эрх ашиг гэхээсээ илүү нийтийн эрх ашгийг эрхэмлэж уг ажлыг гацаанаас гаргах шаардлагатай байна. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх талаар өнөөдөр /өчигдөр/ НИХТ-ийн хурлаар яригдсан. Тун удахгүй дээрх ажил дуусгавар болох байх.