Грек улс хямралын улмаас ойгоо устгаж, утаанд баригдлаа
Мод их хэмжээгээр түлж байгаагаас болж Грект утааны асуудал хурцаар тавигджээ.
2013.01.31

Грек улс хямралын улмаас ойгоо устгаж, утаанд баригдлаа

Олимп бол оргил хэсэг нь цасаар хучигдсан, хажуу бэл нь эгц сүрлэг уул юм. Уулын оргилд хүрэхийн тулд ой модоор заавал дайрна. Гэтэл ойрын үед замд тааралдах модод алга болоод байгаа аж.
Олимп уулын ой хууль бусаар мод огтлогчдын гол бай болжээ. Грек улс сүүлийн жилүүдэд байшин халаахад хэрэглэдэг мазутынхаа татварыг 30 хувиар нэмснээс болж энд хууль бус мод огтлох ажиллагаа 300 хувиар нэмэгдсэн байна. Грекчүүдийн хувьд мазут авах мөнгөгүйн улмаас арга буюу ойн мод түлдэг болжээ.

Үр, ач нарынхаа төлөө гэмт хэрэг үйлдэгсэд

Өнгөрсөн жил тэтгэврийн хөгшчүүдээс залуус гээд олон хүнийг хууль бусаар мод огтолсон хэргээр баривчилсан байна. Тэдэнд 250 хэрэг үүсгэсэн бөгөөд 300 тонн мод хураан авчээ.

Ойн аж ахуйн газрын ажилтан Петрос Папапетру “Ахмад настнууд хүртэл мод огтлохоор энд ирж байгааг харахад сэтгэл үнэхээр шимширдэг. Тэд энэ цаг үед ийм ч зүйл хийх гэж дээ гэж боддог. Гэхдээ бидний хувьд ой мод маш үнэтэй зүйл. Эко системээ хадгалж үлдэх нь ирээдүй хойчид маань хэрэгтэй” хэмээн ярьж байна. Хөгшчүүд Олимп уулын хаяагаар ургасан чидун жимсний хөгшин төгөлийг нууцаар огтолжээ.

Ууланд цахилгаан хөрөөгөөр мод огтолж байсан нэгэн хөгшин “Би хууль зөрчиж байгаагаа мэдэж байна л даа. Гэхдээ үр, ач нар минь даарч, өвчин тусахгүй байвал боллоо. Тэтгэврийг минь танаснаас хойш би мазут худалдан авч чадахаа больсон. Тиймээс нууцаар мод огтолсон юм” гэж ярьж байлаа.

Хууль бусаар огтолсон модыг зах дээр аваачдаг аж. Катериня хотын захад орших түлээний захын эзний ярьснаар улс орных нь эдийн засаг тааруу байгаа ч бизнес нь амжилттай яваа гэнэ. Тус захын худалдаа 30 хувиар өссөн байна.

Түүнчлэн энэ хотод өмнө нь түлээ зардаг 25 орчим зах байсан бол өдгөө 100 болж нэмэгджээ. 

Хулгайн аргаар бэлтгэсэн түлээг Смирли зэрэг дундаж амьдралтай айл өрх авдаг байна.

Димитрис, София Смирли нар хоёулаа багшилдаг. Грек улс төсвөө танасны улмаас тэдний цалинг ч хасчээ. Түүнчлэн мазутын татварыг нэмсний дараа тэдний цалин зөвхөн гэрээ дулаацуулахад л хүрэлцэх болжээ. Тиймээс Смирлигийнх арга буюу мод түлж эхэлсэн байна.

София даарахгүйн тулд зочны өрөөнийхөө зуухны дэргэд охинтойгоо хамт унтдаг гэнэ. Эдний гэр бүл дээр үеийнх шиг ядуу тарчиг амьдарч байгаатайгаа одоо ч гэсэн эвлэрч чадахгүй байгаа аж. София “Ийм болсондоо үнэхээр шоконд орсон. 30-40 жилийн өмнө л хүмүүс ингэж амьдарч байсан байх. Энэ бол дайн биш. Гэхдээ эдийн засгийн дайн гэж хэлнэ. Энэ бүхэн 1-2 жил л үргэлжилнэ гэж бид найдаж байна. Яагаад гэвэл бид үр хүүхэдтэй хүмүүс. Тэднийхээ ирээдүйд санаа зовж байна. Ингэж амьдарч болохгүй шүү дээ” хэмээн ярив.

Утаа, агаарын бохирдол нэмэгджээ

Салоникт л гэхэд өтгөн хар утаа бүрхэж, нутгийн засаг захиргааныхныг түгшээж эхэлсэн байна.

Мод их хэмжээгээр түлж байгаагаас болж Грект утааны асуудал ч хурцаар тавигджээ.  Тус хотод агаарын чанарыг судлах явуулын лаборатори ажиллаж байгаа бөгөөд шүүлтүүрийг өдөр бүр сольж, хотын иргэдийн амьсгалж буй агаар хэрхэн бохирдсоныг судалж байгаа аж.

Салоник хотын агаарын чанарын эцсийн хариу хоёрдугаар сард гарах юм. Гэсэн ч явуулын лабораторийн ажилтнууд агаар маш их хэмжээгээр бохирдсон талаар ярьж байна.

Балканд ч энэ өвөл маш хүйтэн байсан учраас түлээ их хэрэглэсэн байна. Олимп уул Грекийн хойд хэсэгт оршдог. Өмнө нь бурхдын нутаг гэж үздэг байсан энэ уул өдгөө хямралд нэрвэгдсэн улсаа байтугай энгэр бэлийнхээ ой модыг ч хамгаалж чадахаа больжээ.