Инфляц Монголд нэмэгдэж, Хятадад буурав
Хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляц зургадугаар сард 0.5 хувиар өслөө гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Оны эхнээс тооцвол 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.7 хувиар өссөн гэнэ. Инфляц ингэж өсөхөд хүнс, усны төрлийн бараа болон орон сууц, цахилгаан, түлшний үнийн дүн өссөн нь голлон нөлөөлсөн ажээ.
Манай улсын эдийн засгийн салбарт инфляцийг ингэж олон тоогоор хэлэхэд гайхах хүн үгүй. Аль хэдийнэ хоёр оронтой тооноос хэтрээд байгаа үнийн өсөлтийг хазаарлах тухай ямар нэгэн арга хэмжээ авсан нь үгүй.
Гэтэл бусад улсад инфляц гэгч энэ тоотой маш болгоомжтой харьцдаг. Багахан нэмэгдэхэд л буулгах арга хэмжээг даруй авдаг. Манай улсын эдийн засгийн тооцоолон бодогчид инфляц нэмэгдлээ хэмээн зарлаж байхад Хятадад түүнийг бууруулж чадсанаа гайхуулж байна. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард тус улсын инфляц 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Дэлхийн эдийн засгийн хямралыг өөрсдийн хүчээр туулах зорилго тавьсан Хятадын бодлого төлөвлөгчид инфляцийг бууруулах бодлогыг хүчтэй өрнүүлсэн. Үйлдвэрлэлийг дэмжиж, зээлийн гарцыг нэмэгдүүлсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа ч Хятад улсын үзүүлэлтүүд нааштай байгаа ажээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хятадын Төв банкнаас энэ сард хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж байгааг зарласан. Манай улсаас хэд дахин илүү экспортлогчтой өмнөд хөршийн Төв банк нь ийм алхам хийж байхад манайхан бодлогын хүүг бууруулах шаардлагагүй гэж үзсэн. Ийнхүү баяр наадмын амралт дуусаагүй байхад инфляц нэмэгдсэнийг зарлалаа. Ирэх сард энэ тоо дахиад хэдэн хувиар өслөө гэх бол.