Үнэ тарифын өсөлтийн нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай
Өнөөдөр /2022.04.25/ МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнбат, Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа нар Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзаж хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Үндэсний статистикийн хорооноос иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс, ХХДХ-г шинэчлэн тогтооход дагалдан гарах сөрөг үр дагавар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлс, хавдрын нас баралтын шалтгааныг тогтоох нарийвчилсан судалгааг хийх боломжтой эсэхийг тодрууллаа.
Мөн тэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул амьжиргааны баталгаажих доод түвшний судалгааг шинэчлэн гаргах, ХХДХ-г нэмэгдүүлэх хуулийн хугацаа хоёр жилд нэг удаа байдаг боловч эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нэг жил сунгаж болох хуулийн заалттай болсонтой холбогдуулан дээрх чиглэлд бодит судалгааг хийх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа талаар саналаа илэрхийллээ.
Харин Үндэсний статистикийн газрын Бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Саранчимэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар нарийвчилсан судалгаа мэдээллийг хийхэд хөрөнгө санхүү, хүний нөөцийн дутагдал үүсдэг ч МҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааныхаа хүрээнд дээрх чиглэлд хамтран нарийвчилсан судалгаа хийх боломжтойг хэлэв.
Уулзалтын төгсгөлд хоёр байгууллага хамтын ажиллагааныхаа хүрээнд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх чиглэлд төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцлоо.