МҮЭХ үнийн өсөлтийг эсэргүүцэж цахим цуглаан хийлээ
2022.04.06

МҮЭХ үнийн өсөлтийг эсэргүүцэж цахим цуглаан хийлээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэн МҮЭ-ийн холбоо орон даяар “ЦАХИМ ЦУГЛААН”-ыг өнөөдөр /2022.04.06/ зохион байгууллаа.

МҮЭ-ийн холбооноос жагсаал цуглаан зохион байгуулах хууль дүрмийн дагуу хүсэлтийг илгээсэн боловч НЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсээс боломжгүй гэсэн мэдэгдэл ирсэн тул эсэргүүцлийн цуглааныг Цахим хэлбэрээр хийж байгаагаа мэдэгдлээ.

Иргэдийн өдөр тутмын амьжиргаа маш хүнд байдалд орж, дундаж болон дундаас доош орлоготой жирийн иргэдийн амьдралын чанар огцом доошилж байгааг онцлон анхаарч, яаралтай арга хэмжээ авахыг хүсэн УИХ, Засгийн газарт энэ сарын 05-эны өдөр МҮЭ-ийн холбоо дараах шаардлагыг хүргүүлсэн.

1. Иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг ашиглах

2. Өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний НӨАТ-ын хэмжээг бууруулах, тэглэх

3. Бага болон дундаж цалин орлоготой иргэдийг ХХОАТ-аас хөнгөлөх

4. Цалингийн болон хэрэглээний зээлийн хүүг бууруулах

5. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифт олон нийтийн хяналт тавих зорилгоор нийгмийн түншлэгч талуудаас бүрдсэн хяналтын зөвлөл байгуулж ажиллуулах.

6. Бензин шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр зохицуулалт хийх

7. Валютын ханшийг тогтворжуулах, бууруулах

8. Хомсдол үүссэн өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнийг хил гаалиар эхний ээлжинд оруулж ирэх, үнэтэй авто машин гэх мэт тансаг хэрэглээний бараа таваар оруулж ирэхийг түр хугацаагаар хойшлуулах гэсэн саналыг хүргүүлж, тодорхой үр дүн гартал тэмцэх болно гэдгээ илэрхийлсэн.

Цахим цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэлийн 22 холбоо, салбарын 14 холбооны ҮЭ-ийн анхан шатны хороодын гишүүд оролцов. Тэд газар зүйн байршлаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй нэмэгдэж байгаа талаар ярьж, “Үнийн өсөлтийг эсэргүүцэж байна” шаардлагын үр дүн гартал хамт тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.