Ц.Цэрэнпунцаг: Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана
2023.05.01

Ц.Цэрэнпунцаг: Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана

Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн ялангуяа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүргийг УИХ-ын дарга гаргасан. 

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй нэр бүхий гишүүд Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төв, Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний зах болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцаж гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцсан юм.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэв.
Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавар бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн  амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно. Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.