Ачаа тээвэрлэлтийн үнэ 9 дахин өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болсон
2022.04.07

Ачаа тээвэрлэлтийн үнэ 9 дахин өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болсон

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн бодит шалтгааныг тодруулахаар МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр /2022.04.07/ Нарантуул захын худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа.

Ковид-19 цар тахлын улмаас манай улсын хилээр нэвтрэх ачаа тээвэр багассанаас БНХАУ ачаа бараа тээвэрлэх зардал 9 дахин нэмэгдсэн. Энэ нь импортын барааны үнийг огцом хөөрөгдөхөд хүргэсэн хэмээн Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчид ярьж байна.

Тэд ачаа тээврийн татвар ийнхүү нэмэгдэх нь үндсэн барааныхаа үнээс давсан татвар болж буй талаар онцолсон. Тухайлбал өмнө нь 17 сая төгрөгөөр бараагаа татаж авдаг байсан худалдаа эрхлэгч одоо 56 сая төгрөгөөр бараагаа авдаг болсон гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас үнэ тогтворжуулах гэрээг компаниудтай байгуулан ажиллах болсон талаар мэдэгдэл хийсний дараа дистрибьютор компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 300-1000 төгрөгөөр нэмэгдүүлснийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д өргөн барьсан “Олон Улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл”-д зөвхөн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, элсэн чихэр, тос, мах, будаа зэргийн үнийг толгой компаниудтай үнэ тогтворжуулах гэрээ байгуулж үнийг нь тогтоон барих тухай тусгасан юм.

Түүнчлэн дистрибьютор компаниуд 2 жилийн турш хил дээр гацаж, хугацаа нь дуусах дөхсөн хүнсний бараа бүтээгдэхүүнийг тус худалдааны төвийн түрээсийн худалдаа эрхлэгч нарт албадан шахаж худалдан борлуулахыг үүрэгдээд байгаа нь Нарантуул ОУХТ-ийн бөөний худалдаа эрхлэгчдийн хувьд хүнд асуудал болж байгаа тухай онцоллоо.