Орчны бохирдлоос гарах гол гарц нь төвлөрлийг сааруулах юм
МУИС-ийн газарзүй, геологийн сургуулийн геоэкологи, орчин судлалын тэнхимийн дэд профессор Ч.Содномдагва
2013.05.21

Орчны бохирдлоос гарах гол гарц нь төвлөрлийг сааруулах юм

Агаарын бохирдлын асуудлаар манай сонин цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа Цаг уур орчны шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын мэргэжлийн албанаас өнгөрөгч оны арваннэг, арванхоёрдугаар сарын агаарын бохирдлыг энэ оны нэг, хоёрдугаар сартай харьцуулсан судалгааг хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаа агаарын бохирдал нь зөвхөн өвлийн улиралд бус бүтэн жилийн турш үргэлжилсээр байдаг тухай болон орчны бохирдлоос хэрхэн сэргийлэх зэрэг асуудлаар МУИС-ийн газарзүй, геологийн сургуулийн геоэкологи, орчин судлалын тэнхимийн дэд профессор Ч.Содномдагватай ярилцсанаа хүргэж байна.

-Иргэдийн хувьд өвлийн улиралд л агаарын бохирдол байдаг гэж боддог. Гэтэл судлаач та бүхний хувьд жилийн дөрвөн улирлын турш орчны болон агаарын бохирдолттой байдаг гэж үздэг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа бол?

-Манайхан өвлийн улиралд агаарын бохирдол ихэсч байна гэдэг. Угтаа бол энэ нь маш өндөр түвшинд ихэсч байна гэсэн үг. Бид агаарын чанарын стандарт гэдэг хэмжээсээр бохирдлыг хэмжиж, агаарын чанарын индекс гэдэг зүйлээр илэрхийлж байдаг.

Гэтэл өвлийн улиралд тухайлбал, арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын сүүлч хүртэлх үед бидний нэрлэж заншсан 100 айл, зурагт орчимд дахь бохирдол агаарын чанарын стандартаас 15-20 дахин илүү гарч байдаг. Одоо ч гэсэн зарим өдрүүдэд агаарын чанарын стандартаас дээгүүр бохирдолттой байгаа.

Ер нь бол энэхүү стандартаас дээш давсан тохиолдолд их бохирдолттой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэмжигдэхүүн нь 30-аас дээш гарвал бохирдолттой гэдэг. Гэхдээ энэ нь 29 байвал бохирдолгүй гэсэн үг биш. Бүр нэг, хоёр байсан ч бохирдолттой гэж үздэг. Үүнийгээ бага зэрэг нөлөөтэй, аюултай гэх мэтээр ангилдаг юм. Тиймээс өвлийн улиралд аюултай түвшинд байдаг гэж ойлгож болно. Харин өнөөдөр буюу хавар, намрын улиралд маш их бохиродолттой түвшинд байгаа.

Бидний хувьд аюултай гэдэг зүйлээ л харчихаад бусдыг нь энгийн юм шиг үзээд байгаа юм.

Нөгөө талаас агаарын бохирдол нь хэд хэдэн янзаар илэрхийлэгдэж байдаг. Утааны бохирдол бол өвөл олонтаа тохиолдоно. Харин хавар намартаа тоосны бохирдол илүү байдаг. Тоосжилтын бохирдлоороо манай улс дэлхийд нэгд орж байгаа. Энэ бохирдол зуны улиралд ч өндөр байдаг.

-Тоосжилт их байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Шалтгаан нь Улаанбаатар хотын гэр хороололоос үүдэлтэй. Гэр хорооллын гудамж бүр эвдэрсэн газар, хотын төв нь хүртэл ногоон ургамлаар хучигдаагүй байгаа учир маш их хэмжээний тоосжилт босч байдаг. Түүнчлэн их бага ямар нэг хэмжээгээр түлж байгаа нүүрсний үнсээр дамжиж асар их хэмжээний тоос гарч байна. Барилгын ажил, Туул голын дагуу элс хайрга олборлож байгаа гэх мэт олон зүйлээс шалтгаалан маш их хэмжээний тоос гарсаар байдаг.

-Агаарын бохирдол, орчны бохирдол хоёр хоорондоо ялгаатай юу?

-Ер нь бол ялгаагүй. Орчны бохирдол гэдгийн нэг хэсэг нь л агаарын бохирдол юм. Орчны бохирдол гэдэг нь агаарын, усны, хөрсний гэх мэт ойлголтуудаар илэрхийлэгдэж байдаг.

Орчны бохирдол гэдгийг агаарын бохирдол мэтээр ярьдаг. Гэтэл агаарт байгаа бохирдол хөрсөн дээр буугаад хөрсний бохирдол болдог. Тэдгээр бохирдсон хөрс нь хүний хөлөөр ч юм уу, эсвэл өөр хүчин зүйлийн нөлөөтэйгээр дээшээ агаарт очиж, дахин агаарын бохирдол болж хувирдаг.

Ингэж хоорондоо харилцан холбоотой хүрээлэн буй орчны цикль үргэлжилж байдаг. Усанд ч мөн ялгаагүй. Гэр хорооллын хөрсний бохирдол усанд шингэж усны бохирдол болох жишээтэй. Энэ бохирдлууд нийслэлийн хувьд жилийн дөрвөн улирлын турш байнгын тасралтгүй үргэлжилнэ.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот маань маш их бохирдлын үүр уурхай болсон газар шүү дээ.

-Бохирдол гэр хороололд илүү байна гэж ойлгож болох уу?

-Бидний хийсэн судалгаагаар хөрсний бохирдол нь агаарын бохирдол хамгийн их байгаа газартай давхцаж байгаа. Өвөл цасны бохирдол дээр судалгаа хийхэд хөрсний бохирдол, агаарын бохирдол байсан газарт мөн давхцаж байсан.

Тоосонцорын хэмжээ 1575мкг байгаа нь өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай адил

Үүний дээр зуны ургамлын талхагдалт мөн тэнд байгаа юм. Энэ бохирдлын цэгүүд нь хүн ам хамгийн их нягтарсан газар байна. Тухайлбал, орон сууцыг хасаад зөвхөн гэр хорооллын тархалтаар нь хүн амыг авч үзэхэд хаана хүн амын нягтаршил их байна тэнд бохирдол хамгийн их байгаа.

Дээрээс нь тэнд хамгийн их ядуурал байна. Нийслэлийн ядуурлын хэмжээ, хүн амын нягтаршлын зургийг гаргаад, бохирдлын зурагтай нь харьцуулахад бүгд нэг цэг дээр давхцаж байдаг. Энэ нь хүн ам нягтрахын хэрээр агаарын бохирдол нэмэгдсээр байна гэсэн үг.

-Тэгэхээр агаарын бохирдлын бууруулах гол гарц нь нягтралыг сааруулах гэх гээд байна уу?

-Тийм. Гол гарц нь нягтралыг сааруулах л байх ёстой. Түүнээс бус бид өнөөдөр зөвхөн агаар эсвэл ус руу хандсан үйл ажиллагаа явуулаад байвал бохирдол хэзээ ч буурахгүй.

Нөгөө талаас Улаанбаатар хотыг хөгжүүлж, барилгажилт, метро тавих гэх мэт ажлуудыг хийх нь нягтралыг улам ихэсгэнэ. Хүн улам бүр ийшээ тэмүүлнэ, эсвэл хоргодно. Харин түүний оронд задалж хөгжүүлдэг ч юм уу, өөр олон хоттой болох асуудалд анхаарах ёстой. Ерөөс орчны бохирдлын гол гарц нь төлөвлөлт, төвлөрлийг сааруулах явдал юм.

-Гэхдээ энэ нь хэтэрхий холын гэмээр төлөвлөгөө байна. Яг өнөө, маргаашдаа агаарын бохирдлоо бууруулах ямар арга зам байна вэ?

-Сайжруулсан, утаа багатай зуух, сайжруулсан түлш гэх мэт зүйлс зайлшгүй хийгдэх ёстой. Бид өнөөдөр эдгээрийг хэрэглээд агаарын бохирдол буурахгүй байна гэж яриад байгаа. Угтаа бол буурч байгаа нь бидэнд мэдэгдэхгүй шүү дээ.

Яагаад гэхээр өвлийн улиралд гэхэд агаарын бохирдол стандартаас 15-20 дахин их гарчихсан тохиолдолд бага хэмжээний бохирдлыг бууруулах зүйл хийхээр стандартаас 14 дахин их боллоо ч бидэнд мэдэгдэхгүй.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил 2011 оноос эхлэн хэрэгжиж одоогийн байдлаар 118.0 мянга гаруй өрх хөнгөлөлт эдлэх ёстойгоос 53.0 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад байгаа аж

Стандартаас доош оруулж байж л бидэнд мэдэгдэх ёстой байхгүй юу. Ядаж одоогоос хоёр дахин бууруулж байж ч юм уу. Тиймээс бидний хийж буй зарим зүйлс мэдэгдэхгүй, үр дүнгээ өгөхгүй байгаа мэт харагдаж байдаг.

Гэхдээ аливаа зүйлийг бага багаар хийж байж үр дүн нь харагдах ёстой. Өнөөдөр гэхэд нийслэлд гэр хорооллын 184 мянган айл бий. Түүнээс бид зөвхөн 100 мянгад л тааруулж арга хэмжээ авч байгаа болохоор үр дүн нь тийм ч хурдан гарахгүй байна.

Үүний дээр зөвхөн утаа гэлгүйгээр тоосжилтын эсрэг үйл ажиллагаа явуулаасай гэж боддог. Зөвхөн гэр хороолол, зуух, дулаалга бус хашаа хороог нь ногоон ургамалжуулах, ямар ч байсан тэндээс тоос босохгүй байх аргыг эрэлхийлэх ёстой. Асфальт, цементээр хучдаг юм уу эсвэл бүр зарим гудамжуудаа хаагаад цөөн хэдийг нь ашигладаг ч юм уу ийм арга хэмжээ авч байж тоосжилт гэдэг зүйлийг багасгах боломжтой.

-Ер нь өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын эсрэг хийсэн арга хэмжээ нь түүнийг бууруулахад нөлөөлж чадсан уу?

-Агаарын бохирдлыг нийтэд нь аваад үзэхэд буурч байгаа үзэгдэл харагдахгүй байгаа. Харин харьцангуй тогтворжиж байна гэж болно. Ялангуяа сүүлийн нэг, хоёр жил бохирдлын хэмжээ тогтвортой байгаа.

-Агаарын бохирдлыг бууруулахад хувь хүн ямар үүрэгтэй байх вэ?

-Хамгийн энгийнээр хэлэхэд энэ нь иргэдийн экологийн боловсрол гэдэг зүйлтэй холбоотой юм. Тухайлбал, гэр хорооллоос агаарын бохирдлын ихэнх гарч байгаа атал гэр хорооллынхон маань утааг бууруулахад төр засаг юм хийсэнгүй гэж хэлдэг. Тэгснээ бүр өөрсдөө үнсээ гудамжинд гаргаад хаячихаж байх жишээтэй. Хогоо поошгиндоо хийгээд шатааж л байдаг.

Агаарын бохирдол бол маш олон тооны эх үүсвэрээс бүрддэг. Гэтэл гадаадын бусад оронд хоёр, гуравхан эх үүсвэрээс бүрддэг байна. Тэдгээрийг зогсоочихвол л асуудал гайгүй болчихдог. Харин манай хувьд олон тооны эс үүсвэр нь мөн олон тооны нэгжээс бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр хувьдаа анхаарчихвал бүх нийтээр анхаарна гэсэн үг.

Тэгэхгүйгээр эхний хүн нь би анхных юм чинь гээд, дараагийнх нь би хоёр дахь нь л юм чинь гэсэн өнгө аясаар хогоо гудамжинд хаясаар байвал тэнд хогийн цэг үүснэ. Тиймээс хүн бүр дор бүрнээ анхаарвал агаар дахь бохирдлын хэмжээ тэр хэрээр буурна. Ялангуяа гэр хороолол, хог хаягдлаас үүдэлтэй бохирдол арилах бүрэн боломжтой.

-Дэлхийд ямар улс агаарын бохидлоороо дээгүүрт байдаг юм бэ. Агаарын бохирдолттой байж байгаад үүнийгээ даван туулсан жишээ бий юу?

-Агаар нь бохирдолгүй байсан хот гэж бараг байхгүй. Маш цөөн. Ихэнх нь бохирдож байгаад сайжруулсан жишээ байдаг.
Лондонд 1953 онд агаарын бохирдол нь аюултай түвшинд хүрээд хэдэн арван хүн нас эцэслэсэн байдаг. Тухайн үед Лондонд маш их хэмжээний уурын зуухтай, тэдгээрт түүхий нүүрс түлдэг байсан учир түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглож, хотын төвд байсан станциудыг хотоос гаргах шийдвэр гаргаж байсан. Түүний хүчинд хоёр жилийн дотор агаарын бохирдолгүй болж байсан юм билээ.

Өдгөө манай урд хөрш Бээжин утааны бохирдлоороо дэлхийд нэгд явж байна. Манайх харин тоосжилтоороо нэгд байгааг дээр дурдсан. Мөн Ираны хотууд өндөр бохирдолттой орнуудын тоонд ордог.

Ер нь бол хөгжиж буй оронд л агаарын бохирдол их байдаг. Хөгжингүй орнууд тэр үеэ даван туулчихсан учраас тэр. Харин бүр буурай хөгжилтэй орнуудад бохирдол гэж байдаггүй. Хөгжиж буй орнуудад янз бүрийн бүтээн байгуулалтууд явагдаж байдаг учир бохирдол, тоосжилт үүсч байдаг. Тиймээс энэ бол манай хөгжлийн явцдаа даван туулах ёстой нэг үе шат гэж ойлгож болно. Гэвч заавал даван туулах ёстой гээд байлгүйгээр урьдчилан сэргийлэх ёстой юс. Гэхдээ одоо манайх нэгэнтээ утааны эсрэг гээд дайрдагаа дайраад эхэлчихсэн.

-Та судалгааны дүнд сүүлийн хоёр жил агаарын бохирдол буураагүй, нэмэгдээгүй, харин тогтвортой байлаа гэсэн. Тэгэхээр хэзээ бохирдлын хэмжээ буурах хандлага руу шилжих бол?

-Бид өнөөдрөөс илүү ажиллаж байж л буурна. Яагаад гэвэл бид нэмэгдэж байгаа нягтаршилаасаа дээш гарч ажиллах ёстой юм. Учир нь өнөөдөр ингэж ажиллаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос гурав, дөрөв дахин эрчтэй ажиллаж чадвал дөрвөөс таван жилийн дараа тийм үр дүн гарна. Тав, зургаа дахин илүү ажиллаж байж буурах хандлага руугаа орох болов уу.