Зуух авчихаад ашиглахгүй бол 490 мянган төгрөгөөр торгоно
Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-тай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр олгох төсөл хэрэгжүүлж эхлээд хоёр жилийн нүүр үзсэн ч нийслэлийн утаа буурахгүй байгаа нь айл өрхүүд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа дамлан зардаг болсонтой холбоотой гэсэн хардлага үүсээд байгаа.
Тиймээс зуух авчихаад хэрэглээгүй айл өрхийг торгох журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос боловсруулжээ. Эл журамд зааснаар хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авсан айл өрхүүдэд шалгалт хийж, зуухаа хэрэглээгүй, дамлан худалдсан айл өрхөөс зуухны үндсэн өртөг болох 490 мянган төгрөгийг буцаан авах гэнэ.
Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хорооллын 100 мянган өрхөд нийлүүлсэн бөгөөд энэ жил 45 мянгыг тараахаар төлөвлөөд буй. Уг зуухыг есдүгээр сарын 15-наас эхэлж Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт байрлах байнгын гурван цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан борлуулж байгаа юм.